УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал ширүүхэн мэтгэлцээнээр эхэлж, МАНын гишүүдийн бухимдлаар өндөрлөлөө. Уг төсөлд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах хугацааг ажлын тав хоногоос илүүгүй байхаар заасан нь МАН-ын гишүүдийн шүүмжлэлд өртсөн хэрэг. Дэгийн тухай хуулиар завсарлага авах хугацаа хязгааргүй байсныг өөрчлөх төслийг өмнөх Парламентын үед УИХын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг нарын гишүүд санаачлан өргөн барьснаас Ө.Энхтүвшин нэрээ татжээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тавьсан асуулт, хариулт, саналыг сонирхуулъя.
Д.Дэмбэрэл: УИХ-д суудалтай намын бүлгийн завсарлагаас болж хууль тогтоох ажил унадаг гэж ойлгох аргагүй. Өмнөх Парламентын үед АН завсарлага авах үедээ аваад, харин ч бид ийм хөшүүргийн дараа зөв шийдэлд хүрч чаддаг байсан. Завсарлагаас үүдэлтэй Төрийг хохироосон тохиолдол байхгүй шүү. АН-ын гишүүд өмнө нь өөрсдийн ашиглаж байсан арга хэлбэрээ олонх болсон үедээ хумихаар шийдсэн нь ёс зүйн хувьд алдаатай, УИХ дахь одоогийн цөөнхийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл биш үү?
Н.Батбаяр: Энэ төслийг бид УИХ-д олонх болсон хойноо биш, цөөнх байхдаа өргөн барьсан шүү дээ.
Ж.Энхбаяр: Өнгөрсөн дөрвөн жил завсарлагаас болж шийдэгдээгүй үлдсэн асуудал байхгүй. Харин ч зөвшилцөөд, илүү сайн шийдвэр гаргадаг байсан. Завсарлагад хугацаа заах гэсэн нь АНын бүлгийн байр суурь мөн үү, эсвэл танай намын бодлого уу?
Д.Эрдэнэбат: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тухайн үед МАН, АН-ын бүлгүүдийн байр суурь байсан. Ер нь завсарлага, зөвшилцөл гэдэг хоёр өөр асуудал. Завсарлага бол дарамтлах хэлбэр юм. Байнгын хорооны дарга А.Бакей үүгээр асуулт, хариултыг өндөрлөсөнд МАН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэв. Байнгын хорооны даргын хувьд хурал удирдахдаа цөөн хөд үг хэлэх боломж олгох ёстойг Д.Оюунхорол түүнд хэлж өгсөн.
Ж.Энхбаяр “Цөөнхийг боомилж байгаа чинь ариун явдал уу” гэсэн асуулт АН-ынханд үлдээгээд, танхимыг орхив. МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд танхимаас гарч явах зуураа уг төслийг санаачлагчдын нэг Н.Батбаяртай хором саатаж ярилцана лээ. Н.Энхболд “Та нар анх өргөн барихдаа хэлэлцүүлэх гэж хичээдэггүй байсан биз дээ” гэхэд Н.Батбаяр “Яалаа гэж дээ...” хэмээсээр одов.