МАХН-ын дарга Н.Энх баярыг Цагдан хорих 461 дүгээр ангиас Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн, хэвтүүлээд 17 хонож байна. Энэ хооронд түүний биеийн байдал ямар байгааг гэр бүлийнхэн болоод өөрийнх нь мэдлийн гэх хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээс сураг ажиг төдий сонссоноос бус, эмч, эмнэлгийн ажилтнууд энэ тухай ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа. Эмнэлэгт олон хоног хэвтэж байхад нь “Өвчний шалтгаан тодорхойгүй” гэдэг хариултаар ойр дотнынхных нь амыг таглаад буй гэх. Зүрхний хэм нь үе үе алдагдаж, цусны даралт нь ихсэх зэргээр биеийн байдал нь тааруу байсаар сүүлдээ ухаан алдаж унасан тул түүнийг өнгөрсөн наймдугаар сарын 21-нд эмнэлэгт хэвтүүлсэн.
Саахалт айлынх нь хүний бие чилээрхээд эмнэлэгт хэвтсэн байхад хүртэл амар мэндийг нь асуухаар очдог ард түмэн бол монголчууд. Тэр ч утгаараа улсынхаа гурав дахь Ерөнхийлөгч байсан, нэгэн цагт төрийн өндөр дээд бүх албыг хашиж асан Н.Энхбаярын эрүүл мэнд ямар байгаа, үнэхээр үхэл, амьдралын заагт ирчихээд буй, эсэхэд нь санаа тавих хүн олон байгаа болов уу. Тиймээс хүмүүст бодит мэдээлэл өгөх үүднээс Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг зорилоо. Энд ямар ч улс төрийн зорилго, ямар нэг ил, далд санаа агуулаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй болов уу. Тус эмнэлгийн үүдний жижүүрээс Н.Энхбаярыг хаана хэвтэж байгааг асуухад “50 ортын гуравдугаар давхарт байгаа” хэмээн зааж өгөв. Юуны түрүүнд эмнэлгийн захиралтай нь уулзаж, ном журмаар нь зөвшөөрөл аваад, түүнийг эмчилж буй эмчтэй уулзах санаатай Г.Баясгалан захирлын өрөөний үүдэнд 30 орчим минут суув. Тэгтэл туслах нь “Захирал өрөөндөө хүнтэй уулзаж байгаа. Нэлээд удах байх” гэсэн тул арга буюу жижүүрийн зааж өгсөн гуравдугаар давхарт очлоо. Сэтгүүлч хүний хувьд арга, эвийг нь олж байгаад Н.Энхбаярын хэвтэж буй өрөөг мэдээдэхэв.
30... тоот хаалгаар шагайтал үүдний ширээнд сууж буй сувилагч, цэлийсэн том өрөөг тусгаарласан хананы хажууд зогсож байсан дүрэмт хувцастай хоёр харгалзагч, цэвэрлэгч гээд бүгд л цочин, эргэж харлаа. Нэг харгалзагч ноцтой гэгчээр цоо ширтсээр хүрч ирсэн тул хаалгыг нь хурдхан хаав. Энэ маягаар хананы цаана тусгаарлагдсан МАХН-ын даргын биеийн байдлыг мэдэж чадахгүй нь гэдгээ ойлгосон тул Дотрын II тасгийн эрхлэгчийн өрөөнд оров. Түүнээс байдал ямар байгааг лавлахад “Өвчтөнийхөө биеийн байдлыг олон нийтэд зарлах нь эмч хүний ёс зүйд нийцэхгүй. Тэгээд ч Н.Энхбаярын өвчний шалтгаан эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа. Шинжилгээнүүдийн хариу гарахаар эмч нарын зөвлөлгөөний хурлаар хэлэлцээд, Эрүүл мэндийн яамны эрх бүхий хүмүүс мэдээлэх болно” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд дахиад л Ерөнхийлөгч агсны хэвтэж буй өрөөний үүдэнд очоод, боломж хайн зогсов. Өрөөнөөс бичиг цаас барьсан, албаны бололтой нэгэн эрхэм гарч ирэх нь тэр. Түүнийг тасгийн эрхлэгчтэй уулзахаар орохын өмнө зарим зүйлийг тодруулах гэтэл “Саяын өрөөнд Н.Энхбаяр хэвтээгүй шүү дээ. Би өөр асуудлаар энэ хүн дээр орох гэж байна” хэмээн мэдэн будилав. Харин тэрбээр дотогш ороод манийгаа матсан бололтой, тасгийн эрхлэгч гарч ирээд, өрөөнийхөө болон шатны ойролцоох давхрын хаалгыг дангинатал түгжчихэв. Эндээс харахад тэдний хооронд хэн нэгэн сонсчих вий гэж болгоомжлохоос аргагүй нууц яриа үүссэн бололтой. Тэр хүний биеийн байдал ямар байгааг өрөөг цэвэрлээд гарч ирсэн үйлчлэгчээс асуухад бас л ам нээхгүй янзтай. Эцэст нь дахиад л Г.Баясгалан захирлын өрөөний үүдэнд ирэхэд туслах нь “Захирал хүнтэй байгаа. Өнөөдөр (өчигдөр) сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй гэсэн. Маргааш эмч нарын зөвлөлгөөний хуралтай тул амжихгүй” гэлээ.
Ингээд түүний хүү Э.Батшугараас аавынх нь бие ямархуу байгааг тодрууллаа. Тэрбээр аавтайгаа хамгийн сүүлд энэ сарын 4-нд уулзсан юм байна.
-Хамгийн сүүлд уулзахад аавын тань бие ямар байсан бэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хөл, гар нь мэдээгүй болсон гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Та хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй. Би баттай зүйлийг л ярина. Өнгөрсөн мягмар гаригт аавтай уулзахад баруун хөл нь мэдээ муутай байсан. Тэр тусмаа тавхайнаасаа доош бол ямар ч мэдээгүй, хөдөлгөөнгүй болсон байна билээ. Түүнээс хойш өвчин нь хүндэрсэн байхыг үгүйсгэхгүй. Хэргийг нь Нийслэлийн шүүхэд шилжүүлчихсэн учраас би аавтай уулзах зөвшөөрөл хөөцөлдөж байгаа.
-Хэзээ зөвшөөрөл өгөх бололтой байна. Ер нь эмч нар аавын тань биеийн талаар юу гэх юм бэ?
-Ирэх даваа гаригаас зөвшөөрөл нь гарчих болов уу гэж найдаж байна. Эмч нар “Онош нь тодорхойгүй” гэдэг хариу л өгдөг. Өчигдөр (уржигдар) мэдрэлийн системд нь өөрчлөлт орсон, эсэхийг тодруулах шинжилгээ авсан гэсэн. Хариу гарахыг хүлээж байна даа.
-Хоол унданд ямархуу байгаа вэ. Ярьж чадаж байгаа юу?
-Аав минь одоо хүртэл ердийн хоолонд ороогүй байгаа. Тэгэхээр биеийн байдал нь ямар байгаа нь тодорхой байгаа биз дээ. Харин ярьж чадаж байгаа.
-Сүүлд уулзахад юу гэж хэлж байх юм бэ?
-Тэр бол аав, хүү хоёрын хувийн яриа учраас хэлмээргүй байна. Алдаатай, оноотой байлаа ч энэ орчлонд өөрийг нь хүн болгосон, амьдралын нугачаанд нөмөр түшиг нь болсон аавтайгаа уулзахын тулд шүүхээс зөвшөөрөл хүлээж суугаа жирийн л нэг хүүгийн сэтгэлийг хүмүүс ойлгох биз ээ. Н.Энхбаярын хувьд өнгөрсөн хавар 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарласны улмаас эрхтэн системийн үйл ажиллагаа нь доголдож, бодисын солилцоо алдагдсан гэдгийг тухайн үед эмч нар мэдэгдэж байсан. Удаан хугацаанд шат дараатай хийж байсан эмчилгээг тасалдуулж, дахин хорьсноос болж түүний эрүүл мэнд доройтоод байгаа тул өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хурлын товыг наашлуулж өгөх хүсэлтээ илэрхийлж байсан. Жирийн л нэг монгол хүний сэтгэлээр түүний биеийн байдлыг ямар байгааг сурвалжлах гэсэн минь энэ хүрээд мухардсан юм.