Нийслэлийн төв, Д.Сүхбаатарын талбайд Монгол, Индонезийн Төрийн далбаа мандаж, хүндэт харуул жагсжээ. Монгол Улсад Төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд найрамдах Индонез улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно, түүний гэргий, эрхэмсэг хатагтай Ани Бамбанг Юдоёоног Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар өчигдөр энд угтан авч, мэндчилэв. Нэгэн сонирхолтой давхцал анхаарал татсан нь, хоёр улсын Ерөнхийлөгч хоёул гэргий нарынхаа хувцасны өнгөтэй зангиагаар гоёсон байлаа. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улбар шар зангиа зүүсэн бол, тэргүүн хатагтай Х.Болормаа яг ийм өнгийн дээл өмсчээ.
Харин Индонезийн Ерөнхийлөгч гэргийнхээ цэнхэр хүрэмтэй ижилсүүлэн, зангианыхаа өнгийг сонгосон байв. Тэд хамтдаа эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Сусило Бамбанг Юдоёоно Төрийн ордны Баганат танхимд дурсгалын зураг татуулан, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж түр саатлаа. Эндээс Индонезийн Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрийн ажил хэрэгч хэсэг эхэлсэн. Ц.Элбэгдорж Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Сусило Бамбанг Юдоёонотой уулзах үеэрээ “Индонез улстай дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрдэс баялгийн гээд олон салбарт хамтран ажиллах боломж байна. Ялангуяа нүүрсний экспортын бодлого, зохицуулалтын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа бөгөөд БНСУын Ерөнхийлөгчтэй хамтран Ардчиллын төлөө Азийн түншлэлийн санаачилга гаргасан. Индонез улс энэхүү санал санаачилгад нэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ оны эцсээр хийхээр төлөвлөж буй хамтын нийгэмлэгийн Гадаад харилцааны сайд нарын анхдугаар зөвлөлдөх уулзалтад Индонезийн Гадаад харилцааны сайд оролцоно гэдэгт найдаж байна. Түүнчлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 29- нд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долоодугаар уулзалтад оролцохыг урьж байна” гэв. Индонез улс АСЕАН, ЭҮНХийг үндэслэн байгуулагч гишүүн, эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийн топ 20 улсын нэгийн хувьд АСЕАН-ы орнуудтай харилцаагаа хөгж үүлэх, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, АПЕК-ийн гишүүн болох Монгол Улсын эрмэлзлийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуулгалаа.
Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно хариу үгэндээ “Агуу их түүхтэй Монгол оронд айлчилж байгаадаа баяртай байна. Шууд ардчиллын төсөл, Ардчиллын төлөө Индонезийн нийгэмлэг хүний эрх, эрх чөлөө, хуулийг дээдлэх явдлыг эрхэмлэн, авлигын эсрэг зогсож байгаа. Ерөнхийлөгч Таныг тааламжтай үедээ Индонезид айлчлахыг албан ёсоор урьж байна. Хоёр орны хооронд эрчим хүч, уул уурхай гээд эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах боломжууд байна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улс Элчин сайдын яамдаа харилцан нээхийн чухлыг дурдаад, олон улсын энхийг сахиулах хүчний үйл хэрэгт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэхүү ёслолын уулзалтын дараа хоёр орны Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ эхлэв. Уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжлийг зөв залах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, байгалийн баялгаас олж буй ашгийг тэгш хүртээмжтэй хуваарилах зэрэг олон асуудалд оновчтой хариу өгөх шаардлага байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглээд, энэ чиглэлээр нийтлэг асуудалтай орны хувьд Индонезийн талтай хамтран ажиллах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улс 50 сая толгой малтай, хөдөө аж ахуйн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг орны хувьд мах, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Индонезийн зах зээлд гаргах боломжийг судлахыг санал болгов. Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох улмаар Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохын төлөө байгааг онцлоод, АПЕК-ийн гишүүн болох Монгол Улсын хүсэлтэд Индонез тус байгууллагыг даргалах 2013 онд тодорхой ахиц гарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийл өгчийн санал, санаачилгуудыг сонссоны дараа БНИУ-ын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно “Би таны хэлсэн саналуудыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Монгол Улс баатарлаг түүхтэй, сэтгэл татсан орон. Энэ жил танай улс шинэ Парламентаа сонгож, шинэ Засгийн газраа байгуулсанд баяр хүргэж, амжилт хүсье. МонголИндонезийн бизнес форумаас хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, бизнесийн хөгжлийн олон чухал зүйлийг хүлээж байгаа. Бид цаашид харилцаагаа илүү өндөр түвшинд гарган, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, уул уурхай гээд бүхий л салбарт бие биеэ дэмжсэн ахан дүү шиг ажиллах ёстой гэж бодож байна” гэв. Хэлэлцээний дараа Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж, Сусило Бамбанг Юдоёоно нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Монгол Улс, БНИУын Гадаад харилцааны яамд хооронд Дипломат боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас сайд Л.Болд, Индонезийн талаас сайд Р.М.Марты М.Наталегава нар, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНИУ-ын Хөрөнгө оруулалтыг зохицуулах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Монголын талаас сайд Н.Батбаяр, Индонезийн талаас Хөрөнгө оруулалтыг зохицуулах газрын дарга Мухамад Чатиб Басри нар, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Индонезийн талаас Гадаад харилцааны сайд Р.М.Марты М.Наталегава нар гарын үсэг зурав. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бараалхах үеэр Сусило Бамбанг Юдоёоно Монголд далдуу модны тос нийлүүлэхийг Индонез сонирхож байгааг онцлоод, Засгийн газрын зүгээс хоёр орны бизнесийн чиглэлээр хамтран ажиллаж буй хувийн хэвшлийнхнийг дэмжих яриаг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын айлчал үр дүнтэй байх тул дуртай үедээ айлчлахыг урив.