Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилно
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсантай холбоотойгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдэд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдааны явцад УИХ-ын гишүүдээс хуулийн төслүүдтэй холбоотой асуулт, санал гараагүй учраас Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээр батлав. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвл өlгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Ерөнхийлөгч томилох, Ерөнхий зөвл өлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилж байхаар хуульчиллаа. С.Дэмбэрэл, С.Ганбаатар нарын саналыг дэмжсэнгҮй Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Ганбаатар нар Нийгмийн даатгалын байгууллагын даргыг томилохдоо “тухайн шатны Засаг даргатай зөвшилцөнө” гэдгийг “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөж” гэж, Нийгмийн халамжийн байгууллагын даргыг томилохдоо мөн “тухайн шатны Засаг даргатай зөвшилцөнө” гэдгийг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөж” гэж өөрчилье гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан билээ. Энэ саналыг чуулганаар хэлэлцэж, гишүүдээс санал авахад дэмжсэнгүй. Ийнхүү хуулийн төслийн анхны хувилбарт байснаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилдгийг нь хэвээр үлдээхээр Байнгын хорооны хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг зарцуулна
2012 оны төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы баасан гаригийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсон зэргээс шалтгаалан төсөвт тодотгол хийж байгаа ч төсвийн алдагдал 4.9 хувьд хүрч байгааг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцоллоо. Төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүйн тулд зам, барилгын зарим ажлыг ирэх жилийн төсөвт тусгахаар хойшлуулсан, төсөв танасан зэргээс үүдэн УИХ-ын зарим гишүүн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Улаан нараас асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөхөөр Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Хүний хөгжил сангаас зөвхөн хүүхдэд гэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдэд ч мөн олгохоор тодотгоё” гэв. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваас үрэн “Хүний хөгжлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдэд 21 мянган төгрөг өгөх асуудал байнгын хорооны хурал дээр яригдсан ч дэмжээгүй” гэсэн хариулт өглөө. Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд 6.1 тэрбум төгрөг зарцуулна хэмээн 2012 оны төсөвт төсөвлөжээ. Гэвч СЕХноос гаргасан судалгаагаар 3.1 тэрбум төгрөг нэмж суулгах шаардлагатай болоод байгаа юм. Хэдийгээр аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл эцэслэгдээгүй байгаа ч шаардлагатай хөр өнгийг урьдчилан төсвийн тодотголоор нэмж батлуулах хэрэгтэй гэж зарим гишүүн үзэж байна. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад 9.2 тэрбум төгрөг зарцуулахыг чуулганд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжиж, төсөвт суулгахаар боллоо.
Ирц хүрээгүй чуулганы хуралдааныг мягмар гаригт товлов
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төсвийн байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй саналын томъёоллоор санал хураалгаж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Онцгой албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улсын төсвийн орлого, зарлагатай холбоотойгоор төсвийн тодотголыг дагалдан орж ирж буй эдгээр хууль, тогтоолын төслүүд дотор буй Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын ирцтэйгээр хэлэлцэх учиртай. Ийм ирц хүрэхгүй байгаа учир энэ хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулаад, бусад асуудлыг хэлэлцье” хэмээсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.