Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гишүүн П.Цагаан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийн төлөөллийг баасан гаригт хүлээн авч уулзах үеэрээ тэртээ 70 гаруй жилийн өмнө нүүрлэсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээж, дурсгалыг нь мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, ялангуяа энэ аймшигт улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх тийм эрх зүйн орчин бүрдүүлсэн нь Монголын ардчилсан шинэ төрийн нэг том ололт юм хэмээн тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд 31 мянга гаруй хүний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдаад байна. Түүнээс гадна 17.500 хүнд 16 гаруй тэрбум төгрөгийн нөхөх олговор олгогдоод байгаа юм. Ч.Цэмбэлдорж, Ё.Цэрмаа, М.Данзан нарын нэр бүхий хэлмэгдэгсдийн төлөөлөлд П.Цагаан буцалтгүй мөнгөн тэтгэмж олгов. Мөн өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн зарим зүйл, заалтын үйлчлэх хугацаа дууссантай холбоотой ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн хугацааг нь сунгах саналаа боловсруулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа талаар тэрбээр ярив. Мөн есдүгээр сарын 10-нд тэмдэглэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзах, хэлмэгдэгсдийн хөшөө, булш, суварганд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, ярилцлага, уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ болох талаар Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагвацэрэн танилцуулав гэж Комиссын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.