Хамтарч байгуулсан Засгийн газар шинэчлэлийн төлөө ажиллахаа мэдэгдэж, Гүрж улсын туршлагаас суралцахаар шийдээд байгаа билээ. Өчигдөр Төрийн ордонд “Шинэчлэлийн төлөө түншлэл” хэмээх форум болж, Гүржийн эдийн засгийн хөгжлийн сайд асан Алекси Алексишвили энгийн бөгөөд эрс шинэчлэлээр улсынхаа эдийн засаг, бизнесийн орчныг хэрхэн өөрчилсөн туршлагаасаа хуваалцав. Тус улс богино хугацаанд шинэчлэлийг амжилттай хийсэн гэдэг. Тэгэхдээ төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн санаачилгыг хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, бизнесийн орчныг сайжруулах, улсынхаа өрсөлдөх чадварыг нэмэх гэсэн үндсэн зарчим баримталсан байна. Улмаар татварын хууль тогтоомжоо хялбаршуулж, тайлан тушаах, төлбөр тооцоо хийх журмаа сайжруулснаар ажлаа эхэлсэн байна. Ингэхдээ харьцангуй бага хэмжээтэй зургаа, бусад 15 төрлийн татварыг хүчингүй болгосон аж.
ДНБ-д нь эзлэх татварын хэмжээ 2003 онд 12 хувь байсан бол таван жилийн дараа 25 хувьд хүрч, үүнийгээ одоо ч хадгалж буй гэнэ. Мөн татвараас улсын төсвийн орлогын 83 хувийг бүрдүүлэх болжээ. Манайд тулгамдаад буй лиценз, зөвшөөрөл хэмээх толгойны өвчнийг тэд тоог нь 90 орчим хувиар бууруулж, 800 орчмыг нь цуцалж цэгцэлжээ. Ингэхдээ “Чимээгүй байх нь зөвшөөрсний илэрхийлэл” гэсэн зарчим баримталсан аж. Иргэн, байгууллага аливаа үйл ажиллагааны зөвшөөрөл авахаар төрийн байгууллагад өргөдлөө гаргана, тусгай зөвшөөрөл олгоход 30, зөвшөөрөлд 20 хоногийн хугацаа бий. Төрийн байгууллага энэ хугацаанд хариу өгөхгүй бол тухайн иргэн шууд л “визээ” даруулсанд тооцдог болсон байна. Төсвийн бодлогыг ч шинэчлэл тойрсонгүй.
Засгийн газрын төсвийг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй байж, хөрөнгө оруулалтынх нь хэмжээг 6-8 хувьд багтааснаа ярив. Шинэчлэх, бизнес эрхлэх орчинг сайжруулах замаар улсынхаа эдийн засгийг өөд татах Засгийн газрын саналыг хувийн хэвшлийнхэн таатай хүлээж авч буй. Тиймээс манай улсад бизнес эрхлэхэд тулгамдсан ямар асуудал байна, үүнийг хэрхэн өөрчлөх талаар холбогдох байгууллагууд хамтраад судалгаа хийсэн байна. Ингээд бизнесийн орчинг сайжруулахын тулд бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авах, татвар төлөх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах,гадаад худалдаа эрхлэх чиглэлд шинэчлэл хийх ёстой гэсэн дүгнэлт хийсэн аж.
УИХ, Засгийн газар шинэчлэлийн үйл явцыг зохицуулж, шаардлагатай хууль тогтоомжийг батлах үүрэг хүлээх бол хувийн хэвшлийнхэн бусдад нь хүчин зүтгэх гэнэ. “Нью ком” группын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан энэ үеэр “Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Үүнийг хувийн хэвшлийнхэн л гүйцэтгэх болно. Үүний тулд ямар ямар салбарт ажлын байр бий болгохоо бид ярих хэрэгтэй. Мэдээж хөрөнгө шаардлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт ирэх таван жилд 20- 30 тэрбум долларын хөрөнгө хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгална. Гэтэл улсын төсөв зургаан тэрбум доллар, нийт банкны активийн хэмжээ найм орчим тэрбум доллар л байна.
Одоогоор бид тэрбум долларын хөрөнгө босгочихоод байна. Үлдсэнийг нь ч олох хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн таатай орчин чухал. Гүрж улс ч ийм л зарчмаар өөрчлөлт хийсэн” хэмээн ярив. Боловсруулсан судалгаагаа тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан. Засгийн газрын хийх ажлыг өмнөөс нь нугалж, тооцоо судалгаа хийж өгсөнд Ерөнхий сайд талархаад яриад орхихгүй, ажил болгоно гэж амлав.
С.УУЛ