.jpg)
Зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна хэмээн лүндэн буулгасан Хотын мээрийн шийдвэр нийслэлийн барилгын салбарынхныг бужигнуулж, сандаргасан нь өнгөрч буй долоо хоногийн содон үйл явдал яах аргагүй мөн. Хүүхдийн тоглоомын талбай, тухалж амрах цэцэрлэг, ногоон байгууламжийг эзлэн булаасан барилгын компаниудын замбараагүй байдлыг ийнхүү цэгцлэхээр зориг шулуудсан нийслэлийн Засаг даргыг иргэд алга ташин хүлээн авч байна. Хэдхэн хоногийн дотор нэгэн айлын бяцхан үр, хайран залуу алтан амиа алдсан зэрэг осол гэмтэл, хэрэг явдлууд монголчуудыг сэрдхийлсэн нь энэ салбарын үйл ажиллагаанд төрийн төмөр нударга хэрэгтэй байгааг нотолсон билээ.
Гэхдээ аливаа “хатуу” шийдвэрт бодож бодолцох асуудал бас байдаг. Хэдийгээр энэ нь хүсэн хүлээсэн арга хэмжээ мөн боловч учир битүүлэг, ойлгомжгүй олон асуудал урган гарч ирээд байна. Хотын удирдлагуудын хэлж буйгаар газраас арчигдах барилгуудын хар дансанд 80-аад компанийн нэр бичигджээ. Гэхдээ яг хэдийнх нь үйл ажиллагааг зогсоож, яг алийг нь хусаж хамах вэ гэдэг бас тодорхойгүй. Чухам ийм байдал нь эцэстээ барилгын салбарт хэдийнэ биежсэн авлигын сүлжээг улам бэхжүүлэх үндэс болох вий гэсэн хардлагыг хэн хүнгүй тээж эхэллээ. Түүнчлэн зөвхөн үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүр тэл ажилладаг хулгайн барилгачид ихэссэн сурагтай. Тэгэхээр Хотын дарга энэ шийдвэрээ нэн даруй тодорхой болгохгүй бол хожмын үр дагавар санаснаас илүү сөрөг байж болох талтайг санахад илүүдэхгүй биз ээ.
Үүнээс гадна энэ долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан нэг үйл явдал бол архи, тамхины онцгой татварыг нэмсэн асуудал. Төсвийн орлогыг бага ч болов өсгөх зорилготой уг шийдвэрийн сургаар дэлгүүр, зах, баар, ресторан, зоогийн газар цаашлаад ширхгийн худалдааны наймаачдын ашиг “суга” өсөв. Үнэд орсон барааны гүйлгээ жаахан багасахтай зэрэгцээд хямдхан, чанаргүй “ундааны” эрэлт эрс нэмэгдэж байна хэмээн бичил бизнес эрхлэгчид ярьж байна. Угтаа бол энэ нь дахин нэг “Азийн чоно” бодит утгаараа төрөхийг үгүйсгэх аргагүй. Иймд хэтэвч нимгэн, төсөв багатай иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, шинэ “Азийн чоно”-нд хордуучихгүй байх талаар анхаарч ажиллах хэрэгтэй болох нь ээ