НИТХ Улаанбаатар дахь замбараагүй барьсан хууль бус барилга, газрын асуудлыг цэгцлэх талаар ярьж буй. Гэвч
энэ асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсныг улс төрийн бойкот хэмээн нэрлэн, хэт их улстөржилт нийслэлд бий болов. Үүнтэй холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Амарбаясгалангаас дараах тодруулгыг авлаа.
-Нийслэлийн газар, барилгатай хол боотой анхаарал татсан асуудал хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр улстөржилт үүсэхэд хүргээд байгаа. Ийм анхаарал татсан асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцэн танай намын бүлэг завсарлага авсан нь ямар учиртай юм бэ?
-Намын бүлэг завсарлага авсан нь НИТХаар хэлэлцэх гэж байсан дээрх асуудлуудтай уг нь огт холбоогүй. НИТХ дахь МАН-ын бүлэг үүнээс өмнө буюу энэ сарын 6-нд НИТХын даргад хоёр шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Сонгуулийн үр дүнгээр Нийслэлийн шинэ ИТХ байгуулагдаад хоёр сар болж байна. Гэтэл энэ хугацаанд асууд лыг ээлжит бус хуралдаанаар шийддэг байдал газар авлаа. Тиймээс аливаа асуудлыг хууль, журмынх нь дагуу ээлжит хуралдаанаараа шийдэж байхыг шаардсан.
Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч албан ёсоор ажилдаа ороод мөн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар батлуулаагүй. Мөрийн хөтөлбөргүй урсгалаараа үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Тиймээс энэ хоёр асуудлыг хууль журмынх нь дагуу нэг мөр шийдээд ажлаа үргэлжүүлээд явъя гэсэн юм. НИТХ-ын дарга Д.Баттулга үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин Э.Бат-Үүл дарга мөрийн хөтөлбөрөө НИТХ-д ирүүлэлгүй, манай намын бүлгийг цөөнх хэмээн үл хүндэтгэж, улс төрийн байдлаар дарамталж, манай намын бүлгийн хууль ёсны шаардлагыг үл ойшоосон. Тиймээс л МАН-ын бүлэг завсарлага авахаас аргагүйд хүрлээ.
-Танай намын бүлгийг нийслэлийн газар болон, хууль бус барилгын асуудлыг хэлэлцэх гэснээс болоод завсарлага авсан гэсэн мэдээллийг өгч байгаа шүү дээ.
-Цаг хугацааны хувьд энэ асуудлыг хэлэлцэхтэй давхцсан. Түүнээс биш тэдний хэлж, мэдээлэл цацаж, мушгин гуйвуулж байгаачлан газрын харилцаа, барилгын хууль бус асуудлыг цэгцлэхтэй холбоотой асуудлыг гацаах гэсэн санаа, зорилго МАН-ын бүлэгт байхгүй.
-Одоо танай нам завсарлага авсан учраас энэ асуудлыг Засаг дарга шийдэх боломжгүй гацчихлаа гэж ойлгож болох уу?
-Нийслэлийн газар, барилгын асуудлыг харьяа агентлаг, газар хэлтсээрээ дамжуулан манай намын бүлэгтэй, бүлэггүй цэгцлэх, шийдвэрлэх бүрэн боломж, бололцоо Засаг даргад бий. Жишээлбэл, НИТХ хуралдсан хуралдаагүй хууль бус барилгуудыг МХЕГ-аар шалгуулж, тогтоолгоод, шүүхээр шийдүүлэх бүрэн эрхтэй.
Д.ОЮУН