Зуны ХХХ олимпийн дараа спортын амьдралаа орхиж буйгаа зарласан нэр хүндтэй тамирчдын талаар “ТЦ” сонирхуулж байна.
ЮЙ ЯН
Азийн шилдэг бадминтончид Лондоны олимпийн талбарт хуурамч тоглолт хийсэн “жавтий” хүртэж, тэмцээнээс хасагдсан билээ. ОУОХ, Олон улсын бадминтоны холбооны энэ шийдвэр зарим тоглогчид хүндээр туссаны нэгэн нотолгоо нь БНХАУ-ын өдөн бөмбөгч Юй Ян цохиураа хананд үүрд өлгөхөд хүрсэн явдал.
26 настай тэрбээр “Бээжин-2008”-аас алт, хүрэл медаль зүүж, “Лондон-2011” ДАШТ-ий хос төрөлд аваргалж байсан билээ.
ОКСАНА ЧУСОВИТИНА
Узбект төрж, ЗХУ-ын иргэний үнэмлэх өвөртөлсөн ч түүнээ Германыхаар сольсон, олимпийн алт, мөнгөн медальт Оксана Чусовитина “Лондон-2012”-ын дараа зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан юм. Тэрбээр нийтдээ таван олимпод өрсөлджээ.
ТАТЬЯНА ЛЕБЕДЕВА
ОХУ-ын нэрт хөнгөн атлетикч, олимпийн аварга Татьяна Лебедева спортын амьдралаа хэсэг хугацаанд завсарласны эцэст Лондоны олимпод оролцохоор тэмцээний талбарт дахин хөл тавьсан юм. Афины олимпоос зүүсэн алтан медалиа ихэрлүүлэх, Сидней, Бээжингийн наадамд дутуу биелүүлсэн зорилгоо гүйцээх хүсэлтэй ирсэн тэрбээр зуны ХХХ олимпийн дараа спортоос бүрмөсөн буцах болсноо илэрхийлэв.
АЛЕКСАНДР ВИНОКУРОВ
“Вуэльта”, “Парис-Ницце” зэрэг дугуйн нэр хүндтэй олон тэмцээний аварга казах эр Александр 38 настайдаа олимпийн аварга цол хүртсэн юм. Ийнхүү тэрбээр спортын замналаа нэр хүндтэй өндөрлөв. ЕЛЕНА БАЛТАЧА Украинд өсөж, хожим Британийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болсон теннисчин Елена Балтача “Лондон-2012”-ын дараа зодог тайлжээ.
МАЙКЛ ФЕЛПС
Хамгийн агуу нь хэн бэ? Энэ асуултад Майкл Фелпсийг нэрлэх хүн цөөнгүй гарах болов уу? Олимпийн хамгийн олон медальт, цагийг эзэлсэн америк аварга мөн спортоо орхисон тамирчдын дунд бичигдэв.
ЙОРДАН ЙОВЧЕВ
Лондоны олимпийг чимсэн ахмад тамирчдын нэг нь Болгарын гимнастикч Йордан Йовчев. 39 настай энэ эр дээрх наадмаас медаль зүүж чадаагүй ч залуучуудтай эн тэнцүү өрсөлдсөн нь бахдалтай. ДАШТ-д дөрвөнтээ түрүүлж, олимпийн дөрвөн медалиар энгэрээ мялаасан Йовчев “тэтгэвэрт гарахаа” дуулгаж байна.
МИСТИ МЭЙ-ТРЕЙНОР
АНУ-ын элсний волейболч Мисти Мэй-Трейнор олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа зүүсний дараа ялагдашгүйгээр зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.
ВАДИМ ВАСИЛЕВСКИС
“Афин-2004”-ийн мөнгөн медалиа худалдах зарлал тавьж, багагүй дуулиан дэгдээсэн Латвийн жад шидэгч Вадим Василевскис Лондоны олимпоос медаль хүртэж чадаагүй бөгөөд төдөлгүй спортын замналаа дуусгажээ.
ДАЙРОН РОБЛЕС
Хамгийн харамсалтай нь энэ олимпийн үеэр авсан гэмтлийн улмаас “Бээжин-2008”-ын халхалттай гүйлтийн аварга Дайрон Роблес цаашид ямар нэгэн тэмцээнд оролцох боломжгүй болсон гэнэ.
ЧЭНЬ ИБИН
Урд хөршийн гимнастикч Чэнь Ибин олимпийн наадмаас гурав дахь алтан медалиар энгэрээ мялаасны дараа баярын нулимсаа барьж чадаагүй юм. Зорилгоо биелүүлсэн тэрбээр амрахаар шийджээ.
НАДЕЖДА ТОРЛОПОВА
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ширэн бээлийтэн Надежда “Лондон- 2012”-ын дэд аварга болсныхоо дараа дахин тулаан хийхгүй хэмээн өгүүлжээ. Өдгөө тэрбээр 33-тай билээ.
ИНЕТА РАДЕВИЧ
Өндөрт харайгч латви бүсгүй Инета тив, дэлхийн АШТ-ээс хэд хэдэн медаль хүртэж байсан ч Лондоны олимпод медалиас атгаад алдсан юм. Тэрбээр дөрвөн жилийн дараа даагаа нэхэхгүй гэнэ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ