Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд техник хэрэглэх, зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар шийдлээ.
Сумын ИТХ-ын сонгуулийг мажоритар системээр зохион байгуулах нь зөв, ингэснээр иргэд Засаг даргаа шууд сонгох боломж бүрдэнэ гэж МАН-ын гишүүд үзэж байсан ч УИХ бүх шатны сонгуулийг холимог тогтолцоогоор хийхээр хуульчилсан. Мөн уг сонгуульд автомат төхөөрөмж хэрэглэхээр болсон билээ. Үүнтэй холбоотой тогтоолоос асуух, санал хэлэх гишүүн гарсангүй, шууд дэмжив.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад нийт 5.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. УИХ төсвийн тодотголыг батлахдаа зарим зардлыг танасан тул СЕХ, Сангийн яам ярилцаад 3.6 тэрбум төгрөгийг СЕХ-ны төсвөөс, 1.4 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгаас татан төвлөрүүлэх замаар зохицуулах боломжтой гэж үзээд тогтоолын төсөл боловсруулсан байна. СЕХны төсвөөр дамжуулан зарцуулах буюу улсын төсвөөс гаргах мөнгө нь ийм болж буй аж. Бусад зардлыг орон нутгийн төсвөөс гаргах гэнэ. Төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид тодров
Залгуулаад ОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх болон томилох асуудлыг хэлэлцэв. Уг зөвлөл 15 гишүүнтэй. Тэдгээрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, зургаан жилийн хугацаагаар сонгодог. Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд тус Зөвлөлийн найман гишүүний, тодруулбал, Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Х.Чилаажав, Р.Болд, УИХ-аас санал болгосон Төмөрбаатар, Н.Содномдорж, О.Мөнгөнтуул, О.Эрдэнэ-Өлзий, Засгийн газраас оруулсан Т.Буянбадрах, Д.Цэрэнпүрэв нарын бүрэн эрх дуусгавар болсон аж.
Улмаар Засгийн газраас эдийн засаг, менежментийн чиглэлээр ажиллах А.Роман, А.Мөнхбат нарыг шинээр санал болгосон байна. Үүнийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Ерөнхийлөгчөөс Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарыг нэр дэвшүүлсэн нь дэмжлэг авлаа. Харин УИХ-аас нэр дэвшүүлэх учиртай дөрвөн суудал дээр өрсөлдөөн их байжээ. Төрийн бус байгууллага зэргээс санал авснаар нийт 27 хүний нэрийг жагсаасан байв. Байнгын хорооны гишүүдийн нууц санал хураалтаар эдгээр нэрээс олонхийн дэмжлэг авсан дөрвөн хүнийг тодруулав. Тэгээд Ц.Батмөнх, Д.Гоодойхүү, С.Мягмар, Л.Пүрэвдорж нарыг УИХ-ын зүгээс нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
С.ТУУЛ