УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд өчигдөр ийнхүү мэдэгдлээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн баасан гаригт УИХ хэлэлцэн баталсан юм. Тэр өдөр уг хуулийг батлахад чуулганы танхимд 20 гаруйхан гишүүн байсан тул ирц хүрээгүй, дээрээс нь Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн “гулсах” заалтыг орон нутгийн сонгуульд ашиглахаар заасан гэх мэтээр хууль зөрчсөн үйлдэл болсон хэмээн тэд үзэж байна.
Уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт МАН-ыг төлөөлж орсон Су.Батболд гишүүн “Манай бүлгийн гишүүдээс санал тавьсны дүнд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төсөлд зарим засвар оруулж баталсан. Сонгуулийг улс төрийн намууд зохион байгуулна гэсэн байсныг бид төрийн албан хаагчид болгож өөрчлүүлсэн. Өөрөө өөрийгөө хянана гэж байхгүй. Мөн СЕХ орон нутгийн сонгуулийг зохион байгуулна гэснийг өөрөө удирдах байгууллагууд нь хариуцахаар болгосон. Энэ мэтээр бидний тусгасан санал бий. Гэвч хүлээж аваагүй санал байна. Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай адил зарчмаар зохион байгуулах шаардлагагүй. Сумын Засаг даргыг иргэд өөрөө сонгох ёстой атал намын төлөөллийг сонгох болоод байна. Үүнээс гадна санал тоолох машинд итгэл үнэмшил бүрэн төрөөгүй, хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулаагүй байхад орон нутгийн сонгуульд ашиглахаар боллоо. Энэ мэтээр зөвшилцөөгүй асуудал байхад АН-ынхан баасан гаригт шөнийн цагаар 20 гаруйхан хүний ирцтэйгээр, хулгайгаар хууль баталлаа. Ингэж хүчилсэн нь нэг намын эрх ашгийн төлөөх сонгууль болох нь, луйвар гарах нь гэсэн хардлага төрүүлж байна” гэлээ.
Сонгуулийг ирэх сарын 8-нд хийхээр Ажлын хэсэг дээр тохирсон атлаа баасан гаригт гэнэт 21 болгон өөрчилснийг ч бас тэд “Орон нутгийн иргэд МАН-ыг түлхүү дэмждэг учраас тэднийг сонгуульд оролцуулахгүй байх бодлого баримталсан” хэмээн хардаж буй аж. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ирцгүйгээр шийдсэн уг хуулиар бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бичлэг, баримт нь байгаа” гэлээ. Үүнээс гадна төсвийн тодотгол дээр ч тэд гомдолтой байна. Хүүхд үүдээс гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгох тэдний саналыг хүлээж аваагүй гэж байлаа.
Н.Энхболд “Чуулган дээр С.Эрдэнэ гишүүн Бүлэг байгуулах чинь ард түмний эрх ашгаас дээгүүр юм уу гэж асуусан. Өнгөц харахад түүний зөв мэт. Гэвч МАН-ын Бүлэг албан ёсных болсон бол дээр дурдсан хүмүүс бүгд сар бүр 21.000 төгрөг авах саналыг бид батлуулах байлаа. Төсөв иргэдэд илүү ашигтай болох байсан. Энэ талаас нь асуудалд хандаасай. Манай гишүүд Байнгын хороон дээр санал хураалгах эрхгүй. Ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргуулах гэхээр Бүлэггүй болохоор чадахгүй байна” гэв. Цөөнхийнхөө үгийг сонсохгүйгээр олонхоороо хүч түрж асуудлыг шийдэж байна гээд “Тэд 1996 оны алдаагаа давтаж байна” хэмээн Су.Батболд дүгнэлээ. Сэтгүүлчид тэднээс зарим зүйл тодрууллаа.
-МАН-ын Бүлэг байгуулах асуудлыг одоо яаж шийдэх вэ?
Н.Энхболд: -УИХ, Засгийн газар хууль дээдлэх ёсыг уландаа гишгэлээ. Бид үүнтэй нь хууль бус аргаар тэмцэлтэй биш, хуулийн хүрээнд шаардлагаа тавина. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Дэгийн тухай хууль багтсан. Энэ хүрээнд ярьж болох байсан ч “Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй” гэсэн. Тэгсэн атлаа Монголбанкны ерөнхийлөгч, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоо гэх мэтээр жагсаалтад байгаагүй асуудал хэлэлцэж байна.
Я.Содбаатар: -Биднийг УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагт Бүлэг байгуулах бичгээ өгөөгүй гэж байгаа. Гэтэл бид УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж үзсэн учир 24 цагт багтаад Цэцэд өргөдлөө гаргасан. Тиймээс Бүлэг байгуулах хууль эрх зүйн боломж нээлттэй.
-Ээлжит бус чуулган маргааш завсарлана. Тэгэхээр Бүлэг байгуулах асуудал дараагийн чуулган руу шилжих нь тодорхой болж байх шиг…
Н.Энхболд: -Чуулганыг өнөөдөр завсарлуулахгүйгээр үргэлжлүүлэн хуралдуул гэсэн шаардлагыг бид УИХ-ын даргад хүргүүлнэ. Манай 25 гишүүн гарын үсгээ зурсан байгаа.
С.УУЛ