УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар ЭМЯ болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийг өчигдөр хүлээн авч уулзав. Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдлын талаар мэдээлэл авахаар уг уулзалтыг УИХ дахь олонхийн эмэгтэй гишүүд зохион байгуулсан аж.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт барьж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын ажил удааширсан. Мөн Баянзүрх дүүрэгт барьж эхэлсэн 150 ортой эмнэлэг, хоёрдугаар төрөх эмнэлгийн газар маргаантай байгаа, орон нутагт 50 ортой амаржих тасаг байгуулах гэх мэтээр эхэлсэн ажил байгаа ч удааширч буйн шалтгааныг мэдэхийг тэд хүссэн байна. Гэвч шаардлагатай мэдээлэл өгөх албан тушаалтнууд нь ирээгүй учир уулзалтыг хойшлуулжээ. Тэд уг асуудлаар тодорхой санал боловсруулж УИХ-д хандахаар төлөвлөсөн юм байна.