Ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаан МАН-ынхангүйгээр эхлэв. Уг хуралдааны завсарлах хугацааг сунгаж, Бүлэг байгуулах асуудлыг нь шийдэж өг гэсэн тэдний шаардлагыг УИХ “тоогоогүй” тул Н.Энхболд даргынхаа өрөөнд хэсэг хуралдаж хэрхэхээ хэлэлцсэн аж. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ өнгөрсөн баасан гаригт баталсан. Гэтэл өчигдөр уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Р.Гончигдорж гишүүн ийм төсөл боловсруулаад уржигдар орой УИХ-д өргөн барьсан юм билээ. Улмаар өчигдөр өглөө Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдээд чуулган руу оруулсан нь энэ.
Шинээр баталсан хуулийн дагуу нийслэлийн дүүрэг бүрт хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтооход нийслэлийн Баянзүрх дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс таван хорооны иргэд ИТХ-ын төлөөлөгчгүй байх нөхцөл бүрдчихсэн юм байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс 14 нь хувь тэнцүүлэх хэлбэрээр, 27 нь хороодоос сонгогдоно. Харин 28 хо рооны нэг нь гээгдчихжээ. 32 хороотой Сонгинохайрханд бүр таван хороо гээгдэх нөхцөл үүссэнийг Р.Гончигдорж анзаарсан гэнэ. Тиймээс хуулийн 4.11.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.”
4.12.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно” гэсэн өгүүлбэрүүдийг нэмэхээр төсөлд тусгажээ. Уг төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар үдээс хойш Төрийн байгуулалын байнгын хороо дахин хуралдаж, эхний хэлэлцүүлгийг хийснээр үдээс хойших чуулганаар батлав. Мөн орон нутгийн сонгуульд шаардах зардлын тухай тогтоолын төслийг ч гараас гаргав.
С.ТУУЛ