Баталсан хуульдаа дахин засвар хийхээр дэмжсэний дараа МАН-ынхан бөөндөө Н.Энхболд даргынхаа өрөөнөөс гарч чуулганы танхимд оров. Гэвч Бүлэг байгуулахтай холбоотой ямар нэг мэдэгдэл, гомдол гаргасангүй. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үед С.Бямбацогт л “Бүлэг байгуулах асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх нь тодорхой боллоо. Тиймээс хамгийн эхэнд ярьж өгөөрэй” гэсэн юм. Дарааллын дагуу бол уг асуудал долоодугаарт орсон байв. Намрын чуулганаар нийт 13 асуудал хэлэлцэх юм байна. Үүний дараа ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн найман гишүүнийг чөлөөлж, орны хүмүүсийг томиллоо. 15 гишүүнтэй тус зөвлөлийн найман хүний бүрэн эрхийн хугацаа дууссан юм. Тиймээс Ерөнхийлөгчөөс Д.Сосорбарам, Б.Цэнддоо, Засгийн газраас А.Арман, А.Мөнхбат, УИХ-аас Ц.Батмөнх, Д.Гоошойхүү, С.Мягмар, Л.Пүрэвдорж нарыг нэр дэвшүүлсэн юм. Тэднийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулсны дараа хэд хэдэн гишүүн захиас хэлэв.

ОНРТ улсын төсвөөс татаас авдаг атлаа аль нэгэн тийш хэлбийж улстөрждөг, түүхийн өв соёлоо хамгаалах, хүүхэд залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг байхгүй гэх мэтээр шүүмжлэл голдуу санал байлаа. ОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлд томилогдож буй учир энэ тал дээр анхаарч ажиллаарай хэмээн нэр дэвшигчдэд захисан. Олон телевиз байхад улсаас татаас авдаг атлаа үр дүн муутай ажилладаг телевизийн хэрэг бий юү гэсэн саналыг ч зарим нь хэлж байлаа. Хараат бусаар ажиллахын чухлыг олон гиш үүн сануулсан юм. Тухайлбал, Н.Энхболд гишүүн “Энэ бол улс төрийн байгууллага биш, түүнээс ангид ажиллах ёстой өвөрмөц байгууллага тул хэн хаанаас томилогдсоноо өнөөдрөөс эхлэн мартах хэрэгтэй. МҮОНРТ нь бодлого тодорхойлж, хамтын шийдвэр гарган, ерөнхий хяналт тавьдаг байгууллага болохоос бус мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдралд оролцох ёсгүй. МҮОНРТ нь нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд эрх гэхээсээ илүү үүрэг хүлээдэг газар тул ажил төрөлдөө ийм байдлаар хандах хэрэгтэй” гэлээ.
Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураахад УИХ-аас нэр дэвшүүлсэн дөрвөн хүний нэг болох Ц.Батмөнхийг Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгохыг олонх дэмжсэнгүй. Бусад нь “ногоон гэрлээр” гарав. Үдээс хойших чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ үеэр Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар гишүүд нэлээд маргав. Уг гэрээг өөрчлөх нь зөв хэмээн 25 гишүүн гарын үсгээ цуглуулсныг ч тэд сануулж байлаа. Х.Болорчулуун гишүүн “Оюутолгой бол Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молибдены нөөцтэй орд. Гэтэл уг ордыг ашиглах гэрээ ашиггүй болсныг УИХ-ын судалгаагаар тогтоосон. Тус гэрээнд манай тал роялтийн татварыг таван хувиар тогтоосон атал хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй.
Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүүтэйгээ буцаан худалдаж авна. Долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. 31 дэх жилээс Монголын тал Оюутолгойн 16 хувийг авна гэж байгаа. Тэр үед энэ орд “Бороо гоулд” шиг хамаг өрмөө хуу хамуулсан байна. Тийм учраас гэрээг өөрчлөх ёстой” гэв. Энэ мэтээр ярилцсаны эцэст мөрийн хөтөлбөрийг баталж, улмаар ээлжит бус чуулганыг хаалаа. УИХ-ын дарга З.Энхболд “Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа шийдлээ. 2012 оны төсвийн тодотголыг баталснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хүний хөгжлийн сангаас олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан авна. Ирэх аравдугаар сарын 1-нээс 0-18 насны хүүхэд бүр сар тутамд 20 мянган төгрөг авахаар боллоо” хэмээн онцлов. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх гэж буй нь ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр гэдгийг ч УИХ-ын дарга дурдав.
Ийнхүү ээлжит бус чуулган хааснаар ирэх сарын 5-нд нээх намрын ээлжит чуулган хүртэл гишүүд тойрогтоо ажиллаж, баталсан хуулиа сурталчлах үүрэг хүлээж буй юм.