Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө орон нутагт хийх эхний томилолтоо Сэлэнгэ аймгаас эхэлнэ. Тэрбээр энэ сарын 20-ны пүрэв гаригт тус аймагт ажиллаж намрын ургац хураалтын байдалтай танилцахаар төлөвлөжээ. Дараа нь энэ сарын 23-наас Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллахаар бэлтгэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай өчигдөр видео хурал хийж, тухайн аймагт ямар асуудал тулгарч байгаа болон тэдгээрийг хэрхэн шийдэх гарцын талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан ярилцлаа. Энэ нь орон нутгийн томилолтын үеэр ажил болоод тухайн асуудалтай эхнээс нь танилцаж цаг алдахгүй, нөгөө талаар томилолтын бүрэлдэхүүнд албаны олон хүн авч явахгүй байх ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүний томилолтоос өмнө Зам тээвэр болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд баруун аймгуудад ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео уулзалтын үеэр “Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбохоор шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мөн баруун аймгуудад битүү зах барихаар төлөвлөж байгаа, тиймээс задгай захуудын байдалтай танилцана” гэдгээ хэлсэн юм. Эдгээр аймагт хөдөлмөр эрхлэлт хэчнээн хувьтай байна, ажил эрхлэлт болон ажилгүй хүн хэд байна. Ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд орон нутгийн удирдлагууд ямар ажил санаачлан хийж байгаатай танилцана гэж хэллээ.
Мөн төсвөөс мөнгө авчихсан хэрнээ ажлын гүйцэтгэл дутуу байгаа болон ажлаа хийчихээд хөрөнгө оруулалт нь орохгүй байгаа барилга, байгууламжуудын судалгааг нарийн гаргах учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээллээ.