Хүн бол сэтгэлийн амьтан. Урмаар тэтгэгдэж, улам л гялалзах тийм л гэнэхэн. Сэтгэлээр унавал доошоо хязгаар нь үл харагдах ангал руу чиглэнэ.
Тиймээс энэ цэнхэр гариг дээрх хүн төрөлхтний хамгийн чухал зүйл нь дотоод сэтгэл зүй гэлтэй. Бидний байнга эрж хайдаг, олох гэж хичээдэг зүйл аз жаргал. Үүний л төлөө бүхнээ зориулан эрэл хайгуул хийдэг. Харин тэр аз жаргал нь жилээр биш, сараар биш, хором хоромхноор олддог гэдэг. Энэ л дотоод ертөнцдөө хүн аз жаргалыг цогцлоож чадаж гэмээнэ тэр нь эрэл хайгуулын ололт гэлтэй.
Аз жаргалыг хүсээд ч олохгүй нэгэн байхад багахан зүйлээс сэтгэлийн таашаал авч, аз жаргалтай байдаг ч нэгэн бий.
Сэтгэл сэртхийлгэх олон хэрэг ар араасаа гарч байгаа нь юуг харуулаад байна вэ.
Хүний өөртэйгээ, нийгэмтэйгээ зөрчилдөх стресс бухимдлын хохирогч нь хорвоотой танилцаж амжаагүй муу сайн, сайхан, муухайг ч үл мэдэх хонгорхон үрс болох нь байж боломгүй.
Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай конвенци”-д нэгдэн орсон байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг тунхаглаж, тэдний эрхийг зөрчсөн эсвэл эрхээ эдлэхэд нь саад болох аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэг хүлээсэн 193 орны нэг. Гэтэл өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах ажил бодитой хэрэгжихгүй байна.

Хүүхдийн байгууллагуудаас хийсэн судалгаанаас харахад эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг өсвөр насныхан эзэлж байна. Энгийн нэг жишээ дурьдахад л “хоол хийсэнгүй”, “мөнгө олж ирсэнгүй”, “амьдалд нэмэр болсонгүй” гэсэн шалтгаанаар тэд эцэг эхдээ зодуулж, “үгэнд орсонгүй” гэж байнга, зэмлүүлж байдаг аж.
Хүүхдийн хүчирхийлэл газар авч, хүүхдийнхээ толгойг тасдаад бариад явж байсан, хүүхдээ заазуурдсан, хазаж тамласан зэрэг сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарч байна. Тэд эрүүл хүнээс гарамгүй харгислал үйлдсэн байх юм. Ихэнх тохиолдолд хэргийг үйлдэгч этгээд эрүүл бус, сэтгэцийн өвчтэй байсан хэмээн тодорхойлогддог. Үүний цаана эцэг эх өөрсдөө сэтгэл санааны хувьд тогтворгүй, амьдралаа авч явах чадваргүй, төлөвлөгөөгүй гэр бүл зохиосон шалтгаан нуугдаж буй.
Өөр доторхи би-тэйгээ зөрчилдөн тэмцэлдэж, яах учраа олж үл ядан найзруугаа утас цохиход завгүй болоод аваагүй үед нь өөрийгөө хэнд ч тоогдохгүй, хэрэггүй амьтан мэтээр төсөөлөн лонхтой дарстай найзалж, бусдад бурууг тохон, гэргий, үр хүүхдээ зовоох залуусын дүр зураг бидний нийгэмд энгийн үзэгдэл болох дөхлөө. Тэд бүгд үүнээс гарах гарцыг эрдэг ч учраа олохгүй “цагаан туг” өргөдөг.
Өсвөр насны архидалт, хайр дурлалаасаа болж амиа хорлосон гэх мэтээр арван жилийн сурагчдаас эхлээд “сэтгэл судлаач” мэргэжлийн хэрэгцээ, шаадлага зайлшгүй тулгараад байгааг харж болох юм. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий боловсролын сургууль өөрийн сэтгэл судлаачтай бөгөөд хүүхдүүд түүнд хандаж, зовлон жаргалаа хуваалцан тайтгардаг.
Харин манай улсад энэ үүргийг гүйцэтгэх ёстой хүн нь нийгмийн ажилтан байдаг хэдий ч бичиг цааснаас толгой өндийлгүй, хүүхдүүдийг загнахаас хэтэрдэггүй. Гэтэл гааз үнэртэж, өөрийгөө зүсч таашаал аваад байгаа тэдэнд юу хэрэгтэй вэ? Нэн шаардлагатай байгаа сэтгэл судлалын шинжлэх ухаан манай улсад өндийж босох тэнхэлгүй, мөлхөж явна. Жил бүр их сургуулийн элсэлтэд сэтгэл судлаач мэргэжлийн эрэлт их байдаг ч тэд гараад ажлын байртай юу гэвэл үгүй юм. Гэтэл ганцхан байдаг Сэтгэл судлалын үндэсний төв төрийн бус байгууллагад хандан зөвлөгөө авах гэсэн хүний тоо өдөр ирэх бүр нэмэгдэж, цаг авах боломж хомс байдаг нь хэрэгцээ ямар чухал байгааг тод гэрчилнэ. Харин мөнгөгүй хүн үйлчлүүлж чадахгүй нь харамсалтай.

Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг “Би нэг зүйлийг хаиуцлагатайгаа хэлье. Монгол Улсад хүн амын сэтгэл зүйг нь анхаардаг улсын төв байдаггүй. Манай улс малаа сайн тоолсон, өвс тэжээлийг нь маш их анхаардаг ч чухал зүйлийн нэг болоод байгаа сэтгэл судлалын төв байхгүй нь харамсалтай. Бид нөөц бололцооныхоо хүрээнд судалгаа хийж байна. Судалгаанд суурилаад бодлогод нөлөөлөхийг оролддог. Мөн гэр бүл, залуучуудад зориулан зөвлөгөө өгдөг. Насанд хүрсэн хүн өдөрт гэртээ 1.5 цагийг л зарцуулдаг. Өөрөөр хэлбэл хичээл, ажлаа тарж очоод л зурагт үзэн, унтаж өнгөрөөх биш амьд харилцаа өргөрүүлсэн хугацаа нь энэ. Гэр бүл, нэг нэгэнтэйгээ ярилцах, халуун яриа өрнүүлэх нь маш их ховордсон. Үүнээс үүдэлдтэй стресс их байна. Аравдугаар сард хүүхдийн сэтгэл зүйн форум хийсэн. Эндээс Монголын таван хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хувьд түгшүүртэй амьдардаг гэсэн дүгнэлт гарсан. Хүүхдийнхээ бухимдлыг нь тайлах аргыг эцэг эх нь өөрсдөө мэддэггүй. Түгшүүртэй байгааг нь ч анзаардаггүй. Учир нь эцэг эх өөрсдөө стресстэй, түгшүүртэй байна” гэлээ.
Хүүхдийн зан харилцаа доголдсон, гааз үнэртэж, өөрийгөө зүсээд түүнээсээ таашаал авах, хайр дурлалаасаа болж амиа хорлосон гэх олон сөрөг мэдээлэл, тэр ч байтугай өсвөр насны хүүхдийн архи, тамхи хэрэглэх нь нэмэгдэх болсон нь эцэг эхээс илүүтэйгээр телевиз, ухаалаг утас, элдэв хараалтай онлайн ертөнц хүүхдийг хүмүүжүүлээд байгаатай холбон тайлбарлаж болох юм.
Өөрөө сэтгэл санааны хувьд тогтворгүй эцэг эх үр хүүхэдтэйгэээ халуун дулаан яриа өрнүүлж, ойлголцохгүй байгаагаас үүдэлтэйг сэтгэл судлаачид тайлбарлаж байна. Мөн хүүхэд хэлд ордог нас 4-6 сараар хоцорсон нь судалгаагаар батлагджээ. Энэ нь харилцааны дутмагшилаас үүдэлтэй аж. Ялангуяа харилцааны дутмагшил Монгол хүүхдүүдийн хамгийн том асуудал болоод буй. Нүүр нүүрээ тулсан амьд харилцаа үгүй болж, эцэг эхчүүдийн хүүхдээ саатуулах арга зурагт, гар утас болоод байгаа нь үүний цаад шалтгаан. Мөн гэр бүл салалт залуужсан аж. Нийт гэр бүл болсон 10 хүний хоёр нь салах өргөдлөө өгч буй нь үүний том гэрч.
Бүсгүй заяаг түшиж энэ орчлонд мэндэлсэн эмэгтэй хүн бүрийн эрхэм нандин шүтээн бол үр хүүхэд. Гэтэл энэ амьдралдаа ирсэн эрхэм нандин хүүхэд хэмээх бэлгийг дургүй нь хүрэхээр толгойг салгаад орхичихдог тоглоом мэт хандсан эх хүн бас байх юм хэмээн бид 2013 онд шогширцгоосон. Гурван нас хүртэл нь өсгөж тэжээчихээд хөнөөсөн түүнийг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хэмээн сэтгэцийг нь шалгуулахаар болж байсан.
“Фэйсбүүк” хэмээх харилцааны “дайсан” бий болсноор бид өөд өөдөөсөө харан сууж, халуун яриа өрнүүлэх амьд харилцаа улам бүр устсаар. Өглөөд яарч, үдэшт хоргодон амьдрах таны завгүй өдрүүдийн цаана үр хүүхэд тань телевизтэй нөхөрлөн түүнээсээ буруу үлгэр дууриал авч, хүмүүжлийн доголдолд ороод буйг сэтгэл судлаачид хэлж байна.
“2010 оны байдлаар 200 гаруй гэмт хэрэгт 400 гаруй хүүхэд холбогдсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэллээ. Ихэвчлэн 15-18 насны буюу өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь их байдаг аж. Тэдний 90 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байдаг. Хэргийн шалтгаан үүслийг судлахад мөн л эцэг эхийн анхаарал дутмагаас үүдэлтэй. Ер нь энэ насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхэд ядуурал, ажилгүйдэл, архидалт гол шалтгаан болдог аж. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн харилцааны доголдолтой байдаг.
Хүүхдүүд эцэг эхтэйгээ яримаар,зөвлөмөөр, асуумаар олон зүйл байдаг юм. Хаашаа ч юм хурдлан алхаж буй гудамжинд зөрөх хүмүүс, элдвийн “пост” хийх алдарт “фэйсбүүкчид”, хүүхдийг тарчлаан тамлаад байгаа тэр “араатнууд“. Тэд бүгд “сэтгэлийн амьтад”. Фэйсбүүкт донтчихоод байгаа шалтгаан нь өөрсдийн дотор хадгалагдаад буй тэр бухимдал, учраа олохгүй байгаа зүйлээ олон нийтэд илэрхийлж байдаг талбар болохтой ч холбон тайлбарлаж болох юм. Тиймээс өвдсөнийх дараа шар хаданд очих биш урьдчилан сэргийлэх сэтгэлийн зөвлөгөө авах мэргэжилтнүүдтэй болох шаардлага тулгараад байна.
М.Болорцэцэг