Казах түмний үндэсий баяр болох Наурызын баяр маргааш буюу энэ сарын 22-нд болно.
Наурыз гэдэг Перси гаралтай vг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Энэ утгаараа Цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно. Тус баярыг Казах, Киргиз, Туркмен зэрэг 40 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэн, эрчvvд нь “Көкпар” буюу тулам булаалдана. Энэ баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр орон бүрт өөр өөрөөр нэрлэнэ. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлддэг байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барих аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь тvшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсэн бэлэгдэл аж. Мөн казах түмэн “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” хэмээн үзэж жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, 21-ний шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш болон булгийн тунгалаг усаар дvvргэж тавьдаг байна.
Энэхүү баяраар архи, пиво зэрэг согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэнэ. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, Наурыз көжег буюу шөл уух ёстой. Уг шөлийг Наурызын баяраар 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Энэ нь казахууд 40 тоог эрхэмлэдэгтэй холбоотой. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.
Дашрамд дурьдахад Монгол Улсад 110 мянга гаруй казах иргэн оршин суудаг аж. Өнөөдөр Наурызын баярт зориулсан "Домборын эгшиг-2015" хүндэтгэлийн нэгдсэн тоглолт 14.30 цагт Соёлын төв өргөөнд болсон. Тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, Д.Ганхуяг, С.Боорой, СТА, дуучин Л.Байзада, домборын нэрт мастер Б.Айган, ДБЭТ-ын дуучин С.Батчимэг, М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай "Хара жорга" бүжгийн хамтлаг болон Морин хуур, домборын чуулга, 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцож ая дуугаа өргөлөө.