Саяхан хүнээс нэг газрын хэвлэлийн төлөөлөгчийнх нь нэрийг асуухад овог, нэртэй нь хэлж өгч байна шүү. Энэ бол “Фэйсбүүк”-ийн гавьяа. Өнөөх хүн нь овог, нэрээ “Фэйсбүүк”- тээ бичсэн, түүнийг нь цээжилчихсэн хэрэг л дээ. Тэр үед шоолоод л өнгөрөв. Бас санав, нэг танилынхаа нэрийг мартсанаа. Учир нь тэр хүн эцэг, эхийнхээ өгснийг биш, өөртөө “бодож олсон” нэрээ “Фэйсбүүк”-тээ бичсэнээс л тэр... Нэг багш бүх хичээлийг зааж чадахгүй байхад нэг сурагч яагаад бүх хичээлийг сурах, судлах ёстой вэ гэсэн тайлбартай зураг харав (бас л “Фэйсбүүк”-ээс!). Тэгвэл яагаад нэг хүн таних, танихгүй хүмүүсийн гуниж гутрах, баярлаж талархах гээд хамаг бүгдэд нь ач холбогдол өгөх ёстой гэж. Багш зааж буй тухайн хичээлдээ мэргэшсэн байх ёстой, харин хүн бүрт ерөнхий мэдлэг хэрэгтэй гэж бодъё.
Харин бид хэний ч шахалт шаардлагагүйгээр ухамсарт амьдралынхаа хэр хугацааг цахим ертөнц “ухахад” зарцуулж байна вэ? Бусдын ямар дуу сонсож, ямар кино үзэж, ямар ном уншиж, юу идэж байгаа нь хүртэл юуны хамаа, уг нь. Гэтэл бас үгүй бололтой. “Хийх ажил их байгаа ч сонирхол татаад байгаа юм чинь яах вэ дээ” гэх нэгэнтэй таарна. Гадаа цас орж байгааг цонхоор харж биш, хэн нэгэн фэйсбүүктээ бичсэнийг уншаад мэдэж байсан тохиолдол танд бий юү? Надад лав бий. Кофе ууж, эсвэл тамхи татаж байж ажлаа эхэлдэг зуршилтай хүмүүс цөөнгүй. Тэгвэл зарим хүн “Фэйсбүүк” шагайх “дон”-той болчихсон гэхэд буруудахгүй биз. Ямар нэг юманд биеэ дасгах нь дэмий гэж ярьдаг би бас тэдний нэг болчихож. Гэрээс гарахдаа ухаалаг утас, таблет зэргээр өөрийгөө иж бүрэн “зэвсэглэж” аваад сиймхий гарвал энд тэндхийн хэрэгт дурлана, бид.
Олон нийтийн сүлжээ “Фэйсбүүк”, “Твиттер” зэрэгт арай л их цаг зарцуулж, ухаалаг утсандаа дөнгөлүүлсэн хүмүүс (мэдээж бүх хүн биш) хаа сайгүй. Бодлоо ил гаргадаггүй, би төвтэй, өөрийгөө тунхаглах гэж хамаг байдгаараа “хашгирсан”, их мэдэгчийн баг зүүсэн гээд бараг л бүх хүний сонирхлыг татна, “Фэйсбүүк”. Тэнд бусдын бичсэнийг өглөө эрт, үдэш орой, хар шөнөөр ч үзэж, харж болно. Ер нь хүсвэл хэн нэгнийг “тагнуулдаж” болмоор ч юм шиг. “Ажлаасаа цагтаа гарч бай! Ажлаасаа орой тарж байгаа хүн хөдөлмөрч нэгэн биш. Харин тэр цагаа зохицуулж чаддаггүй хүн” гэх үг бий. Ажлын чинь цагаас олон нийтийн цахим хуудас хэр “хумсалж” байгаа нь сонин.
Америкчууд тэжээвэр амьтандаа гаргах цагаас илүүтэйгээр “Фэйсбүүк”-т их хугацаа зарцуулж буй гэнэ. Тэнд нэг хүн дунджаар өдөрт 40 минутыг “Фэйсбүүк”-т “өнгөрөөдөг” байна. Монголчууд үүнээс лав л дутахгүй болов уу, янз нь. Тэжээвэр амьтан байтугай гэр бүлийнхэндээ ч хангалттай цаг гаргадаггүй байж мэднэ. “Гэрийнхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Энэ онд аль болох гэртээ байж, гэрийнхээ хаана, юу байдгийг илүү сайн мэдэж авна аа” гэж найз маань бичсэн байсан нь үүнийг батлах шиг. “Би бол “фэйсбүүкчин” гэх бичигтэй цамцтай, бахархалтай нь аргагүй зургаа даруулсан нэгнийг өнөө л “Фэйсбүүк”-ээс хараад бодов. Ийм “мэргэжил” байсан бол бидний дийлэнх нь ийм давхар ажил хийдэг байх нь. “Business Insider”-т тэмдэглэснээр өнгөрсөн аравдугаар сарын байдлаар дэлхий даяар 728 сая хүн өдөр бүр “Фэйсбүүк”- ээ шалгадагт багтаж буй гэсэн үг.
Мэдээж олон нийтийн сүлжээ тэр чигээрээ муу муухай, хэрэггүй зүйл биш. Жишээ нь, “Фэйсбүүк”-ийг хэн нэгний амьдралынхаа аль сайхан түүхээ түүж оруулдаг, ахиж давтагдахгүй дурсамжаа аль чадахараа авч үлдэх “хэрэгсэл” нь гэж эерүүлж бодож болно. Огт уулзаж байгаагүй хэрнээ үзэл бодол, сонирхлоороо (урлаг уран сайхан, дуу хөгжим, спортын гээд) нэгдэж эчнээ танил болсон хүмүүст мэдлэг, мэдээллээ хуваалцдаг талбар гэж бас хэлж болно. Завгүй өдөр ч гэлээ ажлаас түр амсхийж, хэн нэгний санал болгосон дууг сонсдог нь гоё. Гэхдээ Та өдрийнхөө хэдэн минут, цагийг “Фэйсбүүк”-т “дээрэмдүүлдэг” вэ? Кафе орсон ч найзтайгаа ярихаасаа илүү утасны дэлгэцээ ширтэж байна уу? “Манайд Wi-Fi байхгүй, хоорондоо л ярьцгаа!” гэсэн самбар тавьж “сүрдүүлсэн” газарт ороод, баахан бурах юм шүү.
Ц.БОЛОРМАА