Хуурай хээрийн бүсийн бэлчээрийг зүй зохистой ашиглах аргачлал боловсруулахаар Японы судлаачид Дундговь аймгийн Сайнцагаан, Өлзийт суманд төсөл хэрэгжүүлж байна. 2012 онд эхэлсэн энэ судалгаандаа тэд нутгийн иргэдийг татан оролцуулж буй аж. Малчдын уламжлалт арга барил, мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар баяжуулбал байгалийн гамшиг тохиолдсон үед малчид барьц алдахгүй, бэлчээр доройтох асуудал гарахгүй болно гэж судлаачид үзэж байна. Тэд судалгаандаа цагаан дэрс ашиглаж байгаа гэнэ. Говьд хамар хатгах өвсгүй болсон үед мал цагаан дэрсээр өл залгадаг. Энд элбэг ургадаг цагаан дэрсийг хашиж хамгаалбал хэр хурдан ургадаг, малд хэр сайн тэжээл болдог, хадаж авсны дараа хэдий хугацаанд ургадаг зэргийг малчдын хашиж хамгаалсан нийт 2.6 га талбайн дэрсийг түшиглэн судалжээ. Говь хээрийн бүсэд бутлаг ургамал өргөн тархсан байдаг ч малчдын өвөлжөө, хаваржаа хавиар голдуу цагаан дэрс тархсан, бутыг бодвол нэг дор шигүү ургадаг тул хамгаалж ургуулахад тохиромжтой гэж үзээд сонгосон аж.