“ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 мВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд холболоо.
“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар “Өнөөдрийн байдлаар манайх төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон. “ДЦС-4” ТӨХК нь 2011 оны сүүлээр долоон зуух, зургаан турбинтай ажиллаж, 582 мВт-ын ачаалал авч ажиллаж байсан бол 2013 оны нэгдүгээр сард 602 мВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлыг давсан түүхэн дээд амижлтыг эвдсэн тохиолдол байлаа.
Хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар зогсоох оновчтой хувилбар бол “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 мВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөл байсан юм” гээд “Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө 70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ийнхүү хэрэгжиж дууслаа. Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн станцын дотоод хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэмжээ хоёр гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25.82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ” гэлээ.
Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм. Төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллаж маш богино хугацаанд амжуулжээ.Түүнчлэн ОХУ-аас том оврын 71 автомашин, 55 вагон болон нисэх онгоцоор нийт 350 орчим баглаа боодол бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлсэн ажээ.
Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлснээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хааж, цаашид тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжид шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.