Жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг дэлхийн усны өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж усны үнэ цэнэ, зохистой хэрэглээ, усыг хэрхэн хайрлаж гамнах, хэмнэх талаар олон нийтэд тодорхой мэдээлэл сурталчилгааг хүргэдэг уламжлалтай.
Говь-Алтай аймгийн БОГ-аас усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, усыг хамгийн ихээр хэрэглэж ашигладаг байгууллагуудтай хамтран “Усны зүй зохистой хэрэглээ, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг хийж байгууллага, иргэд, олон нийтэд хандан зөвлөмж гаргалаа. Энэ үеэр “Усны талаар орон нутагт хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт”, “Ус хаанаас ирдэг юм бэ?, “Бидний ус ашиглалт”, “Алтай хотын хүн амыг ундны цэвэр усаар хэрхэн хангаж байгаа нь”, “Усны зүй зохистой хэрэглээ” гэсэн олон сэдвээр хэлэлцэж холбогдох хүмүүс санал бодлоо хэллээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулсан нь сонирхолтой боллоо. Мөн сурагчдын дунд усны сэдвээр зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлан дүгнэлээ.