Энэ сарын 17-18-нд шилжих шөнө 40 гаруй настай монгол эмэгтэйн цогцос Эрээн хотын Дүнчин дүүргийн шавар байшингаас олдсон тухай бид мэдээлсэн. Хохирогчийг Сумъяа гэдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй ажээ. Талийгаачийн талаар Замын-Үүд сумын иргэн У “Сумъяа Замын-Үүдэд байр түрээсэлдэг. Архи их уудаг. Ах эгч нар нь гайгүй ажилтай, төлөв төвшин хүмүүс байдаг. Талийгаач хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү нь гэрлэсэн, харин охин нь ахлах ангид сурдаг.
Хуучин нөхөр нь Замын-Үүдийн төмөр замд ажилладаг байсан. Хэдэн жилийн өмнө нөхрөө хутгалж амийг нь бүрэлгэсэн. Нөхөр нь эмнэлэгт байхдаа цагдаа нарт “Эхнэртээ гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгснийхөө дараа нас барсан. Сумъяа дөрвөн жил хоригдох ял авсан. Шоронгоос гарсныхаа дараа Замын-Үүдэд ирээд нэг залуутай хамтран амьдрах болсон. Тэр хоёр цугтаа Эрээн, Замын-Үүдийн хооронд “УАЗ-469” машинаар хүн тээвэрлэж байгаад больсон.
Дараа нь Эрээнд нэг хүнтэй хамт байр түрээсэлдэг гэж сонссон. Өнгөрсөн долоо хоногийн дундуур шарилыг нь авчрахаар эндээс эмнэлгийн машин очиход цаад тал нь “Бичиг баримтуудаа бүрэн авчраагүй байна” гэсэн шалтгаанаар өгөлгүй буцаасан гэсэн. Тэгээд маргааш нь дахин явж шарилыг нь авчирсан юм билээ. Маргааш (өнөөдөр) ажил явдал нь болно” гэлээ.
Б.ТӨГӨЛДӨР