“Энхрий үрс халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас IV амаржих газрыг барихад хандив цуглуулах аян өрнүүлэхээр болсон талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэхүү хандивын аяныг II амаржих газрын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч О.Энхмаа санаачилсаныг сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж байгаа юм. Олон түмнийхээ хандив тусламжаар ч болов мөнгө олж тус амаржих газрын барилгыг үргэлжлүүлэн барьж, эх нялхсаа энэ шинэ эмнэлэгтээ хүлээн авъя гэсэн чин сэтгэлтнүүд санаа нэгдэн энэхүү аянд мордсон байна. Тэд энэ сарын 27-нд Улаанбаатар паласын их танхимд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” урлагийн тоглолтыг зохион байгуулна. Тоглолтод Монголын рок, попын бүх одод оролцох бөгөөд мэдээллийн дагуу тоглолтод оролцох уран бүтээлчдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Мөн байгууллагуудаар хандивын хайрцаг аялуулах, үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллах зэрэг ажлыг төлөвлөжээ.
Нийслэлийн IV амаржих газрыг 2010 онд Яармагийн дэнж дээр барьж эхэлсэн бөгөөд 2013 онд барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байв. Гэвч уг барилгын гүйцэтгэл 50-60 хувьтай, санхүүжилт дууссан гэх шалтгаанаар царцсан барилгуудын жагсаалтад ороод байгаа. Анх 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой, орчин үеийн төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь гарсан. Харин өнөөдөр ажил гүйцэтгэж байсан барилгын компани нь хөрөнгө оруулалт нэмэх шаардлагатай хэмээх шалтгаанаар тус барилгын ажил зогсчихоод байгаа юм.