Баянзүрх дүүргийн VII хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Эл 204 дүгээр цэцэрлэгийг канад технологиор барьжээ. Ийм барилга нь ижил төрлийн байшингаас дулааны алдагдал 60-80 хувь бага, бат бөх, есөн баллын газар хөдлөлт, галд тэсвэртэй, удаан эдэлгээтэй гэдгээрээ онцлог аж. Ийм ч учраас жирийн барилгыг бодвол бага зэрэг өртөг өндөртэй байдаг гэнэ.
Баянзүрх дүүрэгт цэцэрлэггүй зургаан хороо байснаас дөрөв дэх нь ийн цэцэрлэгтэй болсон ч VII хорооныхоо 2-5 насны 600 гаруй хүүхдийн дөнгөж 160 орчмыг буюу 25 хувийг л цэцэрлэгт хамруулжээ. Уг нь стандартаар бол нэг ангид 25, нийт 100 хүүхэд л авах ёстой ч өдгөө анги бүр дунджаар 40 хүүхэдтэй.