Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өчигдрийн хуралдаанаар төсөв, өмч хувьчлал, газар зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн асуудлыг эцэслэн баталлаа. Хуралдаанд 45 гишүүний 34 нь ирсэн байв. Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Хүрэлбаатар нийслэлийн өмчөөс хувьчлах объектын жагсаалтад багтсан Гэрлэх ёслолын ордныг өмч хувьчлалаас хасах санал гаргаж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр Хуримын ордон “эсэн мэнд” мултрав.
Усан спорт сургалтын төв, “Автобус- 3” НӨҮГ болон “Ионсей найрамдал” эмнэлгийн барилгыг зарим төлөөлөгч хувьчлах жагсаалтаас хасах санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өдгөө Усан спорт сургалтын төв ОНӨААТ ҮГ-т барагцаалбал, 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байж шаардлага хангасан үйлчилгээг иргэдэд үзүүлэх болоод байна. Энэ нь нийслэлийн төсөвт дарамт болж буй. Тиймээс тус төвийн өмчлөлийн 60 хувийг хотдоо хэвээр үлдээж, 30-40 хүртэлх хувийг нээлттэй дуудлага худалдаагаар зарна. Гэхдээ үйл ажиллагааны чиглэлийг нь огтхон ч өөрчлөхгүй. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Үүнтэй уялдуулан “Автобус- 3” НӨҮГ-ын зохион байгуулалтыг нь өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Автобусны эцсийн зогсоолуудад парк байгуулж, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.
Харин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин 11 барилга, Сүхбаатар дүүргийн XV хороонд байрлах Хандгайтын “Цэнгэг агаар” сувиллын барилга, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Жаргалант тосгоны агуулахын барилга, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин объект, XIII хороонд байрлах Дэд станц, уурын зуухны дутуу барьсан барилгыг өмч, газартай нь үнэлж, дуудлагаар худалдахаар боллоо. Гэхдээ газраас олсон орлогын 10 хүртэлх хувийг төлөөлөгчдийн олонхийн саналаар тухайн дүүргийн төсөвт нь төвлөрүүлэх аж. Нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 97.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 631.5 тэрбум төгрөг байхаар төсөвт тусгав.
Ингэхдээ дүүргүүдийн төсвийн орлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд 2014 оны төсвийн орлого давсантай холбоотойгоор нийслэлийн нийт төсвийн орлогын эх үүсвэрийг 105.2 тэрбум төгрөгөөр өсгөж тооцсон аж. Мөн зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудаас анх баталсан дүнгээс 42.5, өмч хувьчлалаас 43.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж үзэж байна. Мөн төлөөлөгчдийн саналаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т талбай цэвэрлэх машин худалдан авахад 55 сая төгрөг, Багануур дүүргийн I хороонд барьж буй 100 ортой цэцэрлэгийн цахилгааны зардалд 50 сая төгрөг тусгав.
Өмч хувьчлалын асуудал эрүүл мэндийн байгууллагынханд хүнд тусав бололтой. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв (ШЭНЭСТ), “Ионсей найрамдал” эмнэлгийн барилгыг дуудлагаар худалдахаар болсон юм. Тэгэхээр тус төвийнхөн шинэ барилга барьж өгтөл түрээсийн байрандаа толгой хоргодох нь тодорхой болов. ИТХ-ын тэргүүлэгчид ШЭНЭСТ-ийн газар дээр 12 давхар барилга барьж өгнө гэсэн аман шийдвэр өгснөөс биш ямар нэгэн төсөв мөнгө суулгасангүй. “Цаашид барилгынх нь асуудлыг ярилцана” гэсээр хуралдаан өндөрлөсөн юм.
О.БАТ-УНДРАХ