Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна.
Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 30-аад хувь цастай ч ерөнхийдөө дулаавтар байгаа нь мал төллөлтөд таатай байна.
Хэдий тийм ч говь талын нутгаар салхитай байгаа бөгөөд энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэддээ анхааруулж байна.