“ОХУ-ын иргэн С.Н.М нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850.000 төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн иргэний хүсэлтийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ. Шалгалтаар ОХУ-ын иргэн С.Н.М. нь Хан-Уул дүүргийн XI хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан бөгөөд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх (сэтгэц, наркологийн) чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан аж. Мөн эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах орчин бүрдүүлээгүй айлын байранд архинаас гаргах эмчилгээ хийж байжээ. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл мэндийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдахдаа тусгай зөвшөөрөл болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа эсэхэд нь хяналт тавьж, баримт бичигтэй нь танилцсаны дараа үйлчлүүлж байхыг анхаарууллаа.