Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаанаараа хөрөнгө бүртгэх, худалдан авах тухай болон орон сууц хувьчлах, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ сүүлийн жилүүдэд ямар ч ашиггүй ажиллаж байгаа учраас тэргүүлэгчдийн дийлэнх олонхийн саналаар татан буулгахаар болжээ. 1997 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгуулсан уг сан нь хотын эдийн засаг, аж ахуй, бүтээн байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэхийн зэрэгцээ хүн амын хангамж үйлчилгээ, нийгмийн асуудлыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилготой аж. Байгуулагдсан цагаасаа хойш 2000 онд улсын үйлдвэрийн газар, 2002 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани, дараа нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэхчилэн цөөнгүй “сэтэр” зүүж, үйл ажиллагааны цар хүрээ, чиглэлийг өөрчилсний эцэст ийнхүү татан буулгав.
“Улаанбаатар сан” нь өдгөө 16 ажилтантай бөгөөд тус газрын эргэлтийн бус хөрөнгөд бүртгэлтэй, хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг “Улаанбаатар нэгтгэл”, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Авто худалдааны цогцолбор”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжид тус тус шилжүүлэх гэнэ. Татан буулгах ажлын хэсэг байгуулж, энэхүү үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан байна.
Түүнчлэн улс, хотын хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан, нийт 13 тэрбум 215 сая төгрөгийн өртөг бүхий долоон барилга байгууламж болон ус түгээх есөн байрыг нийслэлийн өмчид бүртгэн авчээ. Мөн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх автомашины нүхэн гарцыг ч нийслэл өмчдөө бүртгэж авах аж. Харин Баянзүрх дүүргийн XIX хорооны нутаг Шархад, “Цайз” захын зүүн хойно байрлах 1-3 дугаар байрны 47 айлын орон сууцыг нэр бүхий иргэдэд үнэгүй хувьчлахаар болов. Тэдгээр нь нийслэлийн Өмчийн харилцааны газарт 52 сая 704 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэлтэй байдаг аж.