Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг шийдсэний дотор Улаанбаатар их сургуулиа дахин дэргэдээ байгуулах тухай асуудал илүүтэй сонирхол татав. Хуучин Технологийн дээд сургууль гэж байсныг Улаанбаатар их сургууль болгон өөрчилж, үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдаж, өдгөө МУИС-ийн харьяанд тэнхим маягаар хичээллэж буй. Харин “Улаанбаатар” хэмээх хууль ёсны нэрийг нь өөр нэгэн хувийн сургууль авсныг бид мэднэ. Тэгвэл одооноос эхлээд нийслэлийн харьяанд уг сургуулийг дахин байгуулж, үндсэн үйл ажиллагаа, зорилго, үүргийнх нь дагуу ажиллуулахаар болж байгаа бөгөөд БСШУЯ-ныхан ч үүнийг зөвшөөрчээ. Тиймээс Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар” их сургуулийнхан энэ нэрийг нь буцааж өгөхөөр болсон аж.