ОБЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлал хамтран “Говийн чоно-2015” газар хөдлөх гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцохоор Улаанбаатар хотноо өнөөдрөөс дадлага, сургуулилалт хийж эхэллээ. Энэ сарын 27-нд дуусах сургуулилтад ОБЕГ, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, АНУ-ын Ази Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гварди, хүмүүнлэгийн тусламжийн олон улсын байгууллагууд оролцож байна.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа “Говийн чоно-2015” дадлага сургуулилалт нь газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, цэрэг-иргэний харилцааг зохицуулах, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой юм. Энэ үеэр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх аврах ажиллагааны дадлага сургуулилалт болно.