ДЦС-4 хувьцаат компанид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон хэрэг уржигдар гарлаа. Осол даваа гаригийн өглөө 09.30 цагт гарч, станцынхан болон аврах албаныхан 09.50 цагт талийгаачийн цогцсыг гарган авчээ. Тус станцад ажиллаж байсан 49 настай иргэн Б тухайн өдөр үнс цэвэрлэж байтал дээрээс нь их хэмжээний үнс унаж дарснаас амиа алдсан гэнэ. Өдгөө уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд “Шалгалт дөнгөж эхэлж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгт холбогдуулж тус станцын 10-аад хүнээс тайлбар мэдүүлэг авч байгаа” гэсэн юм. ДЦС-4 компанийнхан “Ийм харамсалтай явдал болсон нь үнэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас бид юу хэлэх вэ дээ” гэж байлаа. Тус станцын гуравдугаар зууханд энэ сараас их засвар хийж буй аж. Талийгаач Б цахилгаан шүүлтүүрийн доод талд байдаг бункерт хуримтлагдсан үнсийг зайлуулахаар дотор нь орсон гэнэ. Уг нь тийшээ хүн орох ёсгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Харин Б “Би дотор нь ороод үнсийг нь хөдөлгөе” гэж хэлээд орж, урт шилээврээр үнсийг хөдөлгөтөл дээрээс нь нурж дарсан аж. Уг нь талийгаачийг дээрх ажилд гаргахын өмнө тус станцын хөдөлмөр хамгааллтын инженерүүд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулж авсан гэнэ. Энэ зааварчилгааг дүрэм журмын дагуу өгсөн эсэх гээд цагдаагийнхан шалгаж тогтоох олон зүйл байгаа аж. Хэдийгээр зааварчилгаа өгсөн ч хашир туршлагатай хүн ажилдаа хайнга хандсанаас ч ийм осол гарсан байхыг үгүйсгэхгүй гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Талийгаач Б тус станцад долоон жил гаруй хугацаанд ажиллаж байгаа, мэргэжлийн IV зэрэгтэй хүн юм байна.