Их засаг их сургуулийн оюутан 19 настай А, 21 настай Б нар Баянзүрх дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудалд энэ сарын 19-нд амиа алдсан байсныг буудлынхан олжээ. Улмаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Өдгөө тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Оюутнуудын орсон “Тэргэл” зочид буудал сургуулиас нь холгүй, 500 гаруй метр зайд байдаг аж.
Тус зочид буудлын зочин хүлээн авагч (ресепшн) эмэгтэйгээс болсон явдлын талаар тодруулахыг хүссэн боловч “Манай буудалд тийм явдал болоогүй. Өөр зочид буудалд байх” гэсэн хариу өглөө. Харин цагдаагийнхан “Баянзүрх дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” гэх зочид буудал нэг л бий. Тэр нь Их засаг их сургуулиас баруун тийш замынх нь урд талд байрладаг. Тэр зочид буудлын нэгэн өрөөнд хоёр оюутан амиа хорлосон хэрэг гарсан.
Талийгаач нарын нэг нь унтлагын өрөөнд, нөгөө нь ариун цэврийн өрөөнд нас барсан байхыг нь олсон юм. Нотлох баримтаар гаднаас хэн нэгэн орж тэдний амь насыг хороосон нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ бид нарийвчлан шалгаж байна. Буудлын хяналтын камерын бичлэгийг ч шүүж үзсэн. Юуны учир хоёр залуу нэг өрөөнд амиа хорлосон гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.
Энэ талаар Их засаг их сургуулийн сургалтын албаныхнаас тодруулахаар очиход “Сургалтын албаны дарга, бусад хүмүүс дотооддоо шалгалт хийж яваа. Тиймээс таны асуултад хариу өгөх хүн байхгүй” гэв. Оюутнуудаас лавлахад “Эрх зүйн ангийн оюутан гэсэн байх. Хоёр залуу эндээс холгүй нэг зочид буудлын өрөөнд өнгөрсөн долоо хоногт амиа хорлосон гэсэн. Олон оюутантай сургууль болохоор ямар хүмүүс гэдэг нь санаанд буухгүй байна” гэлээ.
Г.ОРЧЛОН