Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс эл өдрийг “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгээе” уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. 2014 онд дэлхий дахинаа есөн сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая нь нас барсан бол манайд жил бүр дунджаар 4000 хүн ийм халдвар авдаг аж. Энэ нь Номхон далайн баруун бүсийн улсуудын өвчлөл өндөртэй долоон орны нэгд багтах тоо юм. Манайд сүрьеэтэй өвчтөнүүдийн олонх нь 40 хүртэлх, ид хийж бүтээх насныхан байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүрьеэгийн эмч, ажилтнуудын ажлын нөхцөл хүнд, цалин бага, стандартын шаардлага хангасан объект байхгүйгээс эмч нар өөрсдөө өвдөж эхэллээ.
Сүрьеэтэй хүмүүсийн 70 гаруй хувь нь Улаанбаатарынх. Эл өвчнийг шинэ, олон эмэнд, маш олон эмэнд тэсвэртэй гэж ангилдаг. Шинэ нь эмчийн зааврын дагуу эмээ цаг тухайд нь уувал зургаан сарын дотор бүрэн эдгэрдэг. Ингэхдээ нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулдаг. Ийм хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнүүд эмээ зааврын дагуу уухгүй, дундаас нь орхих, халдвар авснаа мэдэлгүй удсанаас өвчин нь даамжирч, олон эмэнд дасалтай сүрьеэ болгодог.
Үүнийг эмчлэхэд 3000 ам.доллар, 18-24 сар хэрэгтэй. Гэсэн ч эдгэрэх магадлал 46 хувь. Манайд жил бүр ийм халдвартай 200 орчим хүн оношлогдож байгаа. Хамгийн хүнд хэлбэр нь маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ. Нэг хүнийг бүрэн эмчилж, эдгээхэд 50 сая төгрөг, 36 сар шаардагддаг. Сүрьеэтэй өвчтөнүүд олноор оношлогдож, цөөрөхгүй байна. Энэ нь тоног төхөөрөмж хангалтгүй, өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэхгүй байгаатай холбоотой.
Бид орон даяар сүрьеэгийн тандалт, судалгаа явуулж, Монгол Улсын хүн амын дундах өвчлөлийн түвшинг тогтоосон. Нийслэл, аймаг, орон нутагт лаборатори байгуулж, түрхэцийн шинжилгээ байнга авч байна” гэсэн юм.
О.УНДРАХ