Явдаг цүнх гэхээр таны санаанд хамгийн түрүүнд юу орж байна вэ. “Норовын намтар”-ын гээгдсэн цүнх хавьцаа юм болов уу гэж эндүүрүүзэй.
Үүрсэн цүнхнийхээ цаанаас цухуйхтай, үгүйтэй харагддаг зургаан настнуудыг хэлж байгаа юм шүү. Энэ удаа бид зургаан настай хүүхдийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжиллаа.
Манай нийтлэлийн гол баатрыг өвөө нь “Явдаг ягаан цүнх” гэж өхөөрддөг нь яах аргагүй оносон зүйрлэл байсан учраас зургаан настнуудад бүгдэд нь ийн хамаатуулж нэрлэсэн хэрэг.
05.30 цаг. Баасан гаригийн үүрээр товлосон цагтаа жолооч, зурагчин бид гурав уулзаж, Сонгинохайрхан дүүргийн XX хороо, Цэргийн хотхонд оршин суудаг Т.Ганбаатарынхыг зүглэн хурдаллаа.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн 1б ангийн сурагч Ганбаатарын Ундармаа манай нийтлэлийн гол баатар.
“Хичээл нь өглөө ордог учраас 06.45 гэхэд автобусанд суухгүй л бол зам түгжрээд амждаггүй юм” гэж аав нь сануулсан учраас Г.Ундармааг босохоос өмнө гэрт нь очих санаатай яарч байв.
Өглөө эрт зам сэлүүхэн тулдаа ашгүй бид хотын баруун захад амжиж очих бололтой.
06.10 цаг. Ялимгүй төөрч будилсны эцэст Т.Ганбаатарынд ирлээ. Эзэгтэйн чанасан шар будаатай, хийцтэй цайг уух зуур гэрийн эзэнтэй хэсэг хөөрөлдөв. Тэднийх 5-6 насны зөрүүтэй гурван хүүхэдтэй юм байна.
Том охин Гоомарал нь өнгөрсөн намар МУИС-д элсчээ. Тэр сургуульдаа явахаар зэхэж байв. Хүү Энхманлай нь энэ жил зургадугаар ангид сурдаг бөгөөд хичээл нь үдээс хойш ордог тул бусадтайгаа адил эрт босох шаардлагагүй аж.
Харин манай гол баатар Ундармаагийн хувьд таван минутын нойр ч байсан ихээхэн үнэ цэнэтэй учраас 06.20 болохоос нааш түүнийг сэрээх гэж санахын ч хэрэггүй.
Ундармаа өнгөрсөн арваннэгдүгээр сард зургаа хүрсэн гэнэ. Тэр удахгүй бяцхан дүүтэй болох гэж буй.

“Зургаахан настай хүүхдийг өглөө эрт босгоод, тэгээд энэ холоос сургуульд нь зөөх хэцүү биш үү. Яагаад заавал 24 дүгээр сургуульд хүүхдээ өгсөн юм бэ” гэж Т.Ганбаатараас хэрэгт дурлан асууж орхилоо.
Тэрбээр “Хүүхдийн ямар орчинд сурч хүмүүжиж буйгаас их зүйл шалтгаалдаг гэж боддог. Тиймээс бид яаж ийгээд хүүхдүүдээ 24 дүгээр сургуульд сургадаг. Охиноо анх сургуульд ороход нь Толгойтоос зөөдөг байсан.
Сүүлд хүүгээ сургууль руу нь Нисэхээс зөөдөг байсан. Аль аль нь найман настайдаа нэгдүгээр ангид орсон тул учиртай байж. Харин энэ зургаан настай хүүхэд л ёстой амаргүй юм” хэмээсэн.
Цэргийн дэглэм шиг хатуу зохион байгуулалттай амьдралд зургаан настнуудыг гэнэт оруулдаг нь төрийн бодлогын алдаа гэдгийг ч тэр нэмж хэлэв.
“Зургаатай хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр байдаг шиг хичээлийн цагийг нь ч бас тэдний нас, сэтгэхүйн онцлогт тааруулах нь зүйтэй болов уу.
Тэгэхгүй бол өглөө эрт босохоос халгаад хүүхдүүд сургуулиа аймаар зүйл мэтээр төсөөлдөг болох вий” гэсэн юм. Тэднийхтэй нэг давхарт л гэхэд зургаан настай гурван “цэрэг” байдгийн хоёрынх нь хичээл өглөө ордог гэнэ.
06.20 цаг. “Миний охин босоорой” гэх ээжийнхээ дуунаар хөнжилдөө улам шургах охин нүдээ нээн биднийг харангуутаа годхийн босоод ирэв. Урьд орой нь 20.00 цаг гэхэд л оронд нь “дарж” авахгүй бол маргааш өглөө нь үегүй юм шиг хааш хаашаа налж унаад байдаг гэх Ундармаа энэ удаа тэгсэнгүй.

Нүүр, гар, шүдээ шаламгай гэгч нь угаан, ээжийнхээ тусламжтайгаар дүрэмт хувцсаа ч хурдан өмсөөдөхөв. “Манай Ундармаа дуу шуутай, хөдөлгөөнтэй, сэргэлэн охин” гэсэн багшийнх нь үг үнэн ажээ.
Гэзгээ салаа боолгосны дараа зөөгтсөн цай ууж, гүзээлзгэний чанамал түрхсэн зүсэм талх идсэнээр хичээлийн бэлтгэл үндсэндээ хангагдах нь тэр. Гадуур хувцсаа өмсөхийн өмнө хаанаас ч юм нэг ундаа авчраад цүнхэндээ хийв.
Гэхдээ тэр нь ундаа биш, урьд орой нь зайрмаг гэсгээж өөрийн гараар бэлтгэсэн “коктейль” гэнэ. Багш нь уух юмаа гэрээсээ авчраарай гэж захисан аж.
Өнөөдөр түүний цүнхэнд монгол хэл, математикийн хоёр том далбагар, хялбар уншлагын нэг нимгэн номноос гадна өнгийн цаас, гурван дэвтэр, шаргал үст хүүхэлдэйн зурагтай цэнхэр өнгийн том пеналь (тэр дотор юм юм бий) байлаа. Энэ ягаан цүнх лав 3-4 кг жин татна аа.
06.50 цаг. Цэргийн шинэ хотхоны автобусны буудал дээр цөөнгүй том хүн, бас хүүхдүүд автобус хүлээн зогсож байв. Биднийг ирснээс хойш тав орчим минутын дараа “Орбит-Тэнгис” чиглэлийн автобус ирлээ.
Долоон цаг болоход бүхэл бүтэн 15 минут дутуу байхад автобус дүүрэн хүнтэй буйгаас харахад энд ажил, амьдрал эрт эхэлдэг аж. Г.Ундармааг аав нь сэвхийтэл өргөөд автобусанд оруулав.

Хар өглөөгүүр томчуудын хөлд үрэгдчих шахан сургуульдаа явдаг түүн шиг “алгын чинээ” амьтдаас автобусныхан мөнгө нэхэж зүрхэлдэггүй бололтой. Уг нь тэдний ангийнхан сурагчийн үнэмлэхээ захиалсан боловч хараахан ирээгүй байгаа гэнэ.
Г.Ундармаагийн эгч Г.Гоомарал намар хааяа дүүгээ хүргэж өгдөг байж. “Дүү маань анх сургуульд орсныхоо дараахан “Би автобусанд ороод заавал унтана шүү” гэдэг байсан. Гэвч тийм боломж бараг гарахгүй. Хааяа настайвтар хүмүүс дүүг өхөөрдөөд өвөр дээрээ суулгавал л унтана.
Залуучууд бол хажууд нь жаахан охин бүлтийтэл хараад байхад тоодоггүй, буруу хараад суугаад л байдаг” гэв. Автобусанд настай хүмүүст, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд л суудал тавьж өгөх тухай ярьдаг болохоос нээрээ бид ийм жаахан амьтдыг өвөр дээрээ суулгах талаар бодож байсан бил үү... Гэтэл бидний дуртай, дургүй суудал тавьж өгдөг эмээ, өвөө нар хүүхдүүдэд суудлаа илүүчилдэг гэхээр ямар байна.
07.15 цаг. “Өдийд л амжиж “Таван шар”-аас сугарахгүй бол I хорооллын айхтар түгжрэлд орно” гэж Т.Ганбаатарын хэлсэн ёсоор том давааныхаа ард амжиж гарлаа. Энэ эрчээрээ бол 40 минутад 24 дүгээр сургууль хүрдэг гэнэ.
Урьд нь Цэргийн хотхоны тэндээс “Орбит”, “Тахилт” гэсэн хоёр чиглэлийн автобус явдаг байсан бол өнгөрсөн намар шугамын өөрчлөлт хийхдээ нэгийг нь богино рейст оруулан, Саппорогоос буцаадаг болсноос хүн, хөсөг хоёр хоёулаа түгжирдэг болжээ.
Түгжрээд нэг зогсвол аав, охин хоёр бүтэн цаг орчмын дараа сургуульдаа ирдэг гэсэн. Г.Ундармаа замын турш ам хуурай явна гэж үгүй.
“Аав аа, өнөөдөр орой манай ангид эцэг, эхчүүд цуглана ш дээ”, “Өнөөдөр манайх Н үсэг үзнэ гэсэн”, “Аав аа, бүтэн сайн өдөр манай ангийнхан “Юби паластик”-т концерт үзнэ шүү” гэхчлэн ямархан нэгийг хуучилсаар л...

07.35 цаг. Г.Ундармаа ангийнхнаасаа хамгийн түрүүнд ирэв. 30 см орчим өндөртэй жижиг дөрвөлжин ширээнүүдийг хойш шахан байрлуулсныг манай хүн хэний ч зааварчилгаагүй байр байранд нь тавих нь өхөөрдөм.
07.40-өөс эхлэн хүүхдүүд цуглаж, 08.00 цагт хичээл эхлэх ёстой ч нэгдүгээр ангийнхан “Яасан ч яах вэ” гэх шиг уван цуван ирээд, хувцсаа тайлж өлгөх гэж бас нэлээд юм болох аж.
Тэр хооронд нэгэндээ машин, гар утас, ундаа, жигнэмгээ хүртэл гайхуулах. Зургаан настнуудын ярианы сэдэвт гар утасны марк, загвар нэлээд дээгүүр байр эзэлдэг бололтой.
Гэтэл нэлээд нүүрэмгий сэргэлэн байрын нэгэн хүү “Багш аа, би өчигдөр өглөө 11 хүртэл хичээл хийгээд их орой унтсан” хэмээн хуучлав. Бодвол мань хүн оройн 23 цагийг хэлж байгаа бололтой юм.
24 дүгээр сургууль нэгдүгээр ангийн есөн бүлэгтэй. 1б ангийн багш Т.Жавзан боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж буй. Энэ анги түүний дааж авсан хоёр дахь зургаан настнууд. 1б анги 45 хүүхэдтэй.
Хүүхдүүдээ бүрэн цуглахыг хүлээх зуураа Т.Жавзан багш “Монгол хэлний номынхоо зургаагийн ард зургаагийн тоотой хуудсыг гаргаад уншаарай, хүүхдүүд ээ” гэхэд бүгд 66 дугаар хуудсыг дэлгэлээ.


08.05 цаг. Төрийн дууллаа бүгд босож дуулсны дараа хичээл эхэллээ. Г.Ундармаагийн хэлсэнчлэн өнөөдөр тэднийх Н үсэг үзэх юм байна.
Хичээл эхлэхийн өмнө багш “Өнөөдөр манай хичээлд “Өнөөдөр” сонины сэтгүүлч эгч нь сууж, та нарыг хэр сайн хүүхдүүд вэ гэдгийг сурвалжилна шүү” гэхэд өөдөөс нь “Тэр чинь юу гэсэн үг вэ”, “Бид сэтгүүл дээр гарах юм уу” гэсэн хэвлүүхэн, нухацтай асуулт ирэв.
Өглөөнөөс хойш намайг гайхан ширтээд байсан хүүхдүүд асуултынхаа хариуг авч байж санаа нь амрав бололтой.
08.40 цаг. Дөчин минутын дотор хүүхдүүд хоёр ч удаа амарч, “Урам хайрла” шүлэг уншин, “Таван галуу” хэмээх хөдөлгөөнт дуу дуулсны хүчинд эхний цагийн хичээлээ арайхийн дуусгав.
Зургаан настнуудын анхаарлыг өөр дээрээ тогтоон барина гэдэг багшаас чамгүй ур чадвар шаарддаг аж. Багшийн үг бүгдэд нь нэг агшинд хүрнэ гэж үгүй.
Н үсгийг яаж бичих тухай багш таван минут давтан хэлж, бичиж байхад эхний хүүхдүүд анхаарч, нэг хэсэг нь зүггүйтнэ.
Дараагийн мөчид нөгөө сахилгагүйчүүдэд зориулан дахиад давтах зуур эхний хүүхдүүдийн анхаарал сарних жишээний. Хичээлийн дундуур гэрээсээ авчирсан ундаа, ус, жүүсээ балгасан шиг ээ тааваараа үсгээ бичих бол энүүхэнд.
Завсарлагаанаар хүүхдүүд бие засахаар эгнээ эгнээгээрээ гарах зуур хажуудаа суугаа Хулан охинтой түр яриа дэлгэв. Тэр нямбай, хичээнгүй охин аж. Дэвтэр дээр нь улаан таван хошуу хэд хэд байв.
Дурайсан бичигтэй, цэвэрхэн дэвтэр нь нэг газар харин цоорсон шалтгааныг лавлавал эмээ нь “хэрэгтэн” гэнэ. “Эмээ намайг арилгадаг балаараа бичсэн гэж бодоод бичиг арилгагчаар үрээд байсан чинь дэвтэр цоорчихсон.
Тэр өдөр би балаа хаяад өөр хүүхдийн арилдаггүй үзгээр бичсэн юм” гэв. Зургаан настнуудын хувьд ном, дэвтэр, үзэг харандаагаа хямгадах гэдэг ойлголт өнөөг хүртэл сууж өгөхгүй байгааг эцэг, эхчүүд ярьдаг.
Эдний ангид хэн нэгний бал бол нийтийн өмч гэсэн үг. Нэг нь “Багш аа, миний бал гарахгүй байна”, “Би балаа орхичихож” гэхэд бүгд уралдан гараа пеналь руугаа явуулах аж.
Манай нийтлэлийн баатар хүртэл өчигдөр хажуудаа суудаг хүүхдийн цүнхэнд дэвтрээ хийгээд явуулсан байснаа өнөөдөр олж авав.

09.00 цаг. Зургаан настнуудын хоёрдугаар цагийн хичээл ид дундаа орж байхад бидний ажил эхэлдгийг сая л анзаарлаа. Хааяа гэлтгүй ажлаасаа хоцрон барин цугладаг өөрсдөөсөө ичих ч шиг.
“Зургаан настай хүүхдүүдийн хичээл өглөө ордог нь холоос явдаг багачуудад жаахан хэцүү байдаг. Хол гэлтгүй, ойроос явдаг хүүхдүүд ч шал нойрмог ирэх нь бий. Таван жилийн өмнө манай зургаан настнуудын ангийг 08.30-д оруулдаг байхад арай дээр байсан.
Түүнээс биш юм сурах тал дээрээ бол зургаан настай хүүхдүүд балчирдана гэж байхгүй” хэмээн Жавзан багш хүүхдүүдийнхээ тухай ярив. Багшийн анхаарал хэдхэн минут сарнихыг андахгүй үймүүлэн шуугилдах хүүхдүүдээ тэр “Өөр анги руу орох гээд байна уу” гэж “айлгана”.
Хүүхдүүд ч өөр анги руу “цөлөгдөхөөс” их айна. Гэвч 2-3 минутын дараа дахиад л үймүүлнэ, хүүхдээ гэж. Аан тийм “Баруун чихээ дэрлээд хэвтээрэй” гэдэг нэг аргатай юм билээ, Жавзан багш.
09.30 цаг. Шинэ үсэг үзэж байгаа тул монгол хэлний хичээл өнөөдөр хоёр цаг ороод завсарлав. “Хүүхдүүдээ даавуугаа гаргаад дэлгээрэй” гэсэн багшийн үг ямар утгатайг сайн мэдэх багачууд “Ура” хашгиран ширээгээ нүдэж, хөлөө дэвслэн баллаж өгөх нь тэр.
Мөдхөн нөгөө бяцхан ширээнүүд дээр өнгө өнгийн алчуур дэлгэгдсэн нь хүүхдүүд “Үдийн цай”-ндаа бэлтгэж буйн илрэл байв. Зарим нь цүнхнээсээ гар ариутгагч гарган, хавь ойрынхонтойгоо хамт ариун цэвэр сахих нь үнэхээр догь.
Тус тусын уух юмаа ширээн дээрээ гарган, “Үдийн цай”-нд өгөх боовоо хүлээх багачууд цаанаа л нэг өхөөрдөм. Гэрээсээ нарийн нандин юм зэхүүлээд авчирсан хүүхдүүд ч байх.
Гэхдээ тэд өнөөхдөө гар хүрэхгүй бусдыгаа хүлээх аж. 24 дүгээр сургуулийн гал тогоонд саяхан гал гарсан учраас хүүхдүүдийн “Үдийн цай”-нд хоол хийж өгөхөө түр хугацаагаар зогсоожээ.
“Гал тогоогоо засаад хоёрдугаар улирлын амралтаас хойш хүүхдүүддээ хоол, цайг нь бэлтгэж өгдөг болох байх” хэмээн багш нь учирлав.
10 гаруй минут хүлээсний эцэст заримынх нь тэвчээр алдарсан бололтой, “Багш аа, гэрээсээ идэх юм авчирсан хүүхдүүд нь тэрийгээ идэж болохгүй юм уу” хэмээн шалгааж эхэллээ.
09.50 цаг. Хүсэн хүлээсэн ууттай боов ангид орж ирлээ. Гэвч зарим хүүхэд цагариган боовноос татгалзаж, гэрээсээ авчирсан зүйлээ идэцгээв. Тэгэхээр хүүхдүүдэд боов идэх гол нь биш, хэсэг хугацаанд ч болов хичээл хийхгүй бужигнах л сайхан санагддаг гэлтэй.
Гэхдээ сургуулийн гал тогоонд бууз, кимбаб зэрэг хоол хийдэг байхад хүүхдүүд татгалзах нь байтугай, харин ч нэмүүлэх гэдэг байжээ.
Г.Ундармаагийн ээж охиныхоо сургууль руу нь идэх юм бэлтгэж явуулж сургаагүй гэсэн болохоор манай хүн боовоо “гололгүй” идэж дуусгалаа. “Үдийн цай”-нд өнөөдөр тэд 10 орчим минут зарцуулав.
Хоол, цай өгдөг байхад 40 гаруй хүүхдэд аягалж өгөхөөс эхлээд идэж дуусаад, аяга тавгаа хураах хүртэл нь бараг 20 минут зарцуулдаг байсан гэнэ.
Үдийн цайгаа уусны дараа нь хүүхдүүдээс “Танай ангийн дарга хэн бэ” гэтэл хойд ширээнээс нэгэн жаал “Гантуяа” гэдэг юм байна.
Тийм юм байх гэж бодтол багш нь “Хүүе, биш шүү” гэлээ. Гэтэл өөр нэг хүү “Жавзан” хэмээн залж орхих нь тэр. Тэгэхэд Жавзан багш “Одоохондоо манай хүүхдүүд ангийн даргаа сонгоогүй байгаа. Гантуяа гэдэг нь манай сургалтын менежер юм шүү” хэмээн залруулав.
10.20 цаг. Хүүхдүүд аав, ээждээ юу сурснаа тайлагнахаар багшийнхаа өгсөн даалгаврыг хийцгээж байна. Т.Жавзан багшийн ангийнхан өдгөө арвын дотор тоо бодох, хоёр үйлдлээр нэмж, хасах дасгал хийхийн дээр урт эгшигтэй үг холбон бичдэг болжээ.
Багшийгаа “Та нарыг гоё бичвэл аав, ээж нь үзээд баярлана даа” гэхээр л хүүхдүүд хэрэндээ чармайх. Гэхдээ л хүүхэд зангаа тавихгүй. Шинэ жилийн баяр ойртоод ч тэр үү, сүүлийн хэд хоногт зургаан настнууд илүүтэй үймүүлэх болсныг тус сургуулийн нэгдүгээр ангийн багш нар хоорондоо ярих болжээ.
Хүүхдүүд багшаасаа байсхийгээд л “Хэзээ тарах билээ, хэд хоног амрах билээ” гэж асуух юм.
Одоогийн зургаан настай хүүхдүүд хэнтэй ч байсан маш илэн далангүй, нээлттэй харилцаж, өөрийгөө илэрхийлдэг болсныг Т.Жавзан багш хэллээ. Тэдний ангид үсээ задгайлсан, чихэндээ ээмэгтэй, гартаа бугуйвчтай, толгойдоо гялалзаж гялтганасан даруулга зүүсэн охид цөөнгүй байх аж.
“Сургуулийн сурагч ээмэг, зүүлт зүүж болохгүй гэдэггүй бил үү” гэж багшаас асуухад “Уг нь тэгдэг юм аа. Гэхдээ одоогийн хүүхдүүд айхтар. Ингэж болохгүй гэхээр “Та өөрөө яагаад ээмэг, зүүлт зүүж, үсээ задгай тавьсан юм бэ” гэнэ.
Учирлаад хэлбэл хэд хоногтоо гайгүй байснаа дахиад л элдэв гоёл зүүгээд ирдэг. Би өмнөх ангийн хүүхдүүдээ тавдугаар анги төгстөл үсийг нь хоёр салаа боолгодог байсан” гэв. Цаг үе ийм хурдан өөрчлөгдөх гэж.
10.40 цаг. Нэгэн хүүгийн гэдэс өвдөж, багшаараа багагүй хугацаанд илүүлж байж тайвшрав. Энэ зуур түрүүний идсэн боовныхоо гялгар уутыг хийлж байгаад тас няс хийтэл хагалах чимээ ангид хадаж эхлэв.
Энэ зүггүйтэлд хүүхдүүдийг оройлон дуудсан нэгэн хүүг хажуугийн анги руу “цөллөгт” явуулснаар байдал жаахан намжив. Удалгүй гаднаас нэгэн ээж хоёр эмч дагуулан ирж, хүүхдүүдэд гар, шүдээ хэрхэн зөв угаах тухай хичээл орууллаа.
Баасан гариг болгонд тэдний ангийн сурагчдын эцэг, эхчүүд сайн дураараа хичээлээс гадуурх ажил зохиодог аж. Өнөөдөр уг нь Номын өргөө рүү хүүхдүүдээ аваачиж, ном уншуулах хуваарьтай байсан ч ажил хариуцаж авсан ээж завгүй болсон тул өөр хүн орлосон нь энэ.
11.30 цаг. Хичээл тарлаа. Эхний хүүхдүүд ээж, аав, эмээ, өвөөтэйгөө хэдийнэ явцгаав. Ангид 10 гаруй хүүхэд үлдэж, өнөөдрийн үзсэн үсгээ давтацгаав.
Гэхдээ ном уншихаас илүү нэгнийхээ ширээн дээр цуглаад “буу халах” хамгийн таатай үе бол энэ аж.
Г.Ундармаагийн ширээн дээр гурвуулаа болжээ. Түүнээс “Чи удахгүй дүүтэй болно. Ямар вэ” хэмээн асуутал санаанд оромгүй хөөрхөн яриа өрнөчихөв.
Ундармаа: -Би эрэгтэй дүүтэй болно. Гоё.
Тэмүүлэн: -Чи яаж мэдэж байгаа юм бэ. Ээж чинь ЭХО-д харуулсан юм уу?
Ундармаа: -Тийм. Манай ээж ЗD ЭХО-д харуулсан.
Үжингоо: -Би тэгвэл 12 дүүтэй юм чинь.
Тэмүүлэн: -Худлаа яриад байгаарай. Худлаа яривал хулгайч болдог юм.
Ундармаа: -Худлаа яривал бас хог дээр амьдардаг юм.
Үжингоо: - Үнэн. Манай дүү нар нэг нэг гэртээ амьдардаг.
Халз мэтгэлцсэн гурвын дундуур орж Тэмүүлэнгээс ЭХО-ны тухай яаж мэддэгийг нь асуухад “Манай ээж ЭХО-ны эмч” гэлээ. Аргагүй л орчин үеийн зургаан настнууд юм даа.
12.00 цаг. Г.Ундармаагийн аав ирж, бид хэд гэр лүү нь явахаар сургуулиас гарлаа. Харин ангид нь зургаан хүүхэд үлдсэн нь өдөр өнжүүлэхэд явдаг сурагчид бөгөөд тэд багшийгаа хүлээж буй.
Тэдний дундаас нэгэн хүү машины хэлбэртэй үзэгний савнаасаа гар утас гаргаж ирэн аав руугаа залгаад “Та намайг ирж авах уу” гэж захиргаадсанаа “Өө, өнөөдөр дахиад л өдөр өнжүүлэхэд очих гэж үү” хэмээн дуу нь янзгүй болсон юмсан.

“Хөөрхий хүү өдөр өнжүүлэх рүүгээ явсан л байх даа” гэж бодох зуур “Мэргэжилтний 20”-ын буудалд Орбитын автобус ирэв. Нар ээсэн дулаахан өдөр цонхоор нэвт ээх нарны гэрэлд нозоорон малгайгаа нэг авч, нэг өмсөн аавынхаа өвөр дээр шулганан эрхлэх Г.Ундармаа.
Ганбаатар “Аав нь охиноо яадаг билээ” гэхээр “Үнэрлээд ханадаггүй. Удаан үнэрлээд ч ханадаггүй” хэмээн цоргисон хар нүдээрээ намжирдан эгдүүтэй нь аргагүй хэлэх охин үр хэчнээн хайр татам гээч.
Автобуснаас буугаад явах зуураа Г.Ундармааг араас нь хартал нээрээ л цүнхэнд толгой, хөл, гар “ургасан” юм шиг нэг тийм эв хавгүй хэрнээ өхөөрдөм дүр зураг нүднээ тусав.
12.50 цаг. Ундармаа үүдээр оруутаа л монгол хэлний хичээлдээ улаан таван хошуу авснаа ээждээ хэлж, хувцсаа тайлах сөхөөгүй цүнхээ уудлан дэвтрээ гаргаж үзүүлэв. Ээж нь охиныхоо дуртай бантанг хийчихээд хүлээж байлаа.
Т.Ганбаатарын гэргийг Т.Туяа гэдэг, хүнсний технологич мэргэжилтэй. 5-6 насны зөрүүтэй дөрвөн сайхан хүүхдийн ээж болох гэж буй бэрээрээ хадам нь жигтэйхэн онгирч бахархдаг гэнэ лээ.
Өөрөө хүүхэд төрүүлээгүй боловч айлаас хэд хэдэн хүүхэд үрчилж аваад элгээ дэвтээж суугаа тэр буурай Өвөрхангайгаас хүү, бэр хоёр луугаа цагаан идээ байнга зөөгөөстэй.
“Олон хүүхэдтэй байлаа гээд идэх уух, өмсөх зүүхээр дутаж, үгүйрч хоосордоггүй. Ганц хүүхэдтэй байлаа гээд элбэг хангалуун амьдарна гэсэн үг биш. Эцсийн эцэст хүн үр хүүхдээсээ л аз жаргалыг мэдэрдэг” хэмээн Т.Ганбаатар ярилаа.
Тэрбээр улирлын чанартай ажил хийдэг учраас өвлийн ид хүйтэнд нь охиноо хичээл сургуульд зөөгөөд байж болдог гэнэ. Охиныг сургуульд нь хүргэж өгөөд буцаад харихад есөн цаг дөхчихнө.
Хоёр цаг гэртээ амраад буцаад л охиноо авахаар автобусанд сууна. Хэдэн жилийн өмнө осолд орж, нуруугаа гэмтээснээс хойш амархан ядрах болсон ч энэ амьдралын хэмнэлээ тэр түвэгшээдэггүй.
Хааяа аав боломжгүй үедээ Г.Ундармааг сургуулиас нь авах ажилд ахыг нь дайчилна.
“Энэ хүүхдийг сургуульд сургах гэж манайхан “Хоёр хүн ширээнд сууна, хоёр хүн харуулд гарна, дөрвөн хүн шавар нухна, нэг хүн ялаа үргээнэ” гэдэг тэмээний оньсого шиг л юм болно шүү дээ” хэмээн аав хошигнолоо.

13.40 цаг. Цай, хоолоо идэж, хэсэг амарсны дараа манай хүний даалгавраа хийх цаг ирэв. “Зургаан настнуудын анхаарал төвлөрөх хугацаа хамгийн дээд тал нь 25-30 минут л байдаг юм билээ.
Түүнээс илүү хугацаагаар суулгавал мэддэг үсгээ ч танихаа больчихдог. Тиймээс охиноо аль болохоор ядрааж залхаахгүй байхыг хичээдэг” хэмээн ээж нь хуучлав. Г.Ундармаа өнгөрсөн жил уншиж, бичиж сурсан байжээ.
Энэ нь хүүхдийг сургуульд ороод гэнэт их ачаалал үүрч, ядарч түүртэхээс сэргийлдэг гэж тэд үздэг юм билээ. Харин бусад хүүхдийн адил өдөр өнжүүлэх төвд өгч, эсвэл янз бүрийн дугуйлан секцэнд явуулахыг ч тэд урьтал болгодоггүй гэсэн.
Өнгөрсөн жил хамаатных нь зургаан настай хоёр ч хүүхэд өдөр өнжүүлэхэд яваад, маш их ядаргаанд орж, үс нь халцран, хоолонд дургуй болсныг хараад түүн шиг дэмий юм байхгүй гэж бат итгэх болжээ.
Гэхдээ Г.Ундармаа бүжгийн авьяастай, бас гарын ур дүйтэй, баримлын шавар, зуурсан гурилаар юу л бол юу хийдэг учраас гуравдугаар ангиас нь сонирхлынх нь дагуу аль нэг дугуйланд явуулахаар төлөвлөсөн гэнэ.
Саяхан тэднийх боорцог хийсэн аж. Тэгтэл охин нь гурилаар янзын хөөрхөн машин урлачихсан “Аавдаа энэ машиныг авч өгнө” гээд сууж байжээ. “Өвлийн хүйтэнд охин маань автобусаар явахаас халширдаг юм шиг байна лээ” хэмээн ээж нь ярив.
14.30 цаг. Одоо түүний амралтын цаг. Тэр өөрийн мэдлийн цагаа яаж өнгөрүүлэхээ сайн мэднэ. Зурагт үзнэ, эсвэл интернэтээр баримлын шавраар янз бүрийн дүрс зохион бүтээдэг бичлэг үзэх улаан хообийтой.

Компьютер дээр тоглож, бичлэг үзэх зуураа манай хүн бүтэн сайн өдөр “Юби паластик”-т концерт үзэхдээ ямар даашинзаар гоёхоо ээжээсээ асуун байн байн гүйж орж ирэх аж.
Нээрээ тэр энэ Шинэ жилийн баяраар өвлийн өвгөн ааваас “Миний бяцхан одой морь” цувралын бүх чихмэл тоглоомыг авах хүсэлтэй гэнэ лээ.
15.40 цаг. Өнөөдөр цаг агаар дулаахан сайхан байгаа тул манай хүн хөршийнхөө найз Хүслэнтэй хамт хажуугийн байрны тоглоомын талбай дээр хэсэг тоглох зөвшөөрөл гэрийнхнээсээ авч дөнгөлөө.
Гэхдээ мэдээж мөнхийн харуул аавыгаа дагуулж гарахаас зайлахгүй. Ундармаа, Хүслэн хоёр хоёулаа зургаан настай “цэргүүд”. Хааяа ингэж уйдаагаа гаргацгаана.
Орохдоо бас зүгээргүй, ааваараа зайрмаг авахуулахаа андахгүй, адтайг нь яана. Эндээс бидний зам саллаа. Учир нь одоо Ундармаа хичээлээс ч, надаас ч чөлөөлөгдөж, бага сага нойр авах ёстой. Сэрээд харин цээж бичгээ хийнэ.
Л.ГАНЧИМЭГ