“Монгол мах” корпорацыг байгуулах ажил дуншсаар л байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан яагаад байгуулахгүй удаж буй шалтгаанаа тайлбарлахыг түвдсэнгүй.
Тус яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Уг нь маш зөв ажил. Гэхдээ миний сэдсэн ажил биш учраас тайлбар хиймээргүй байна” гэсэн юм.
Харин төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нь “Манайхан бүгд мэдэж байх ёстой” гээд цаг гаргаж уулзахаас эелдгээр татгалзав.
Махны экспортын бодлого боловсруулагчид энэ талаар ярих дургүй байгаа нь ойлгомжтой боллоо. Юунаас эмээсэн юм бол?
“Монгол мах” корпорац байгуулах сургаар улс төрийн сөрөг хүчин эсэргүүцлээ илэрхийлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эрх баригчид төрийн өмчит “Монгол мах” корпорац байгуулан ашиг хонжоо хайх болсныг ард түмэн харж байна.
Энэ нь нэгдүгээрт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг боож, өрсөлдөөнийг хаах бодлоготой, хоёрдугаарт, малчдын мал, махыг үнэгүйдүүлэн хямд авах, гуравдугаарт, “Монгол мах” корпорацаар дамжуулан өөрсдийн аж ахуйн нэгжид мах экспортлох квот олгох санаархал нуугдаж байна” гэж чуулганы үеэр хэлсэн юм.
Улс төрийн хардлага сэрдлэгээс эмээн, “Монгол мах” корпорацын талаар хөндөхийг хүсэхгүй байгаа бололтой. Юутай ч “Монгол мах” корпорац байгуулах ажлыг хөөцөлдөж, бодлого чиглэлийг боловсруулах хүн албан бусаар томилогдоод удаж буйг ХХААЯ-ныхан дуулгалаа.
“Уг нь маш зөв ажил” гэж Ц.Баярмаа дарга тодотгосон. “Монгол мах” корпорац Монголын махыг экспортлох “нэг цонх” болох учраас буруутгах ямар ч үндэсгүй. Корпорац байгуулснаар бид махны экспортыг гэрээ хэлцэл хийхдээ нэг амаар ярьж, нэг чигт харах юм.
Нүүрсийг ч нэг цонхны бодлогоор худалдахаар эрдэс баялгийн бирж байгуулах хууль санаачлаад байгаа билээ. Нэг цонхны бодлого баримтлахгүй бол хятадуудын аманд багтаж үнээ унаган, үр ашгаа бууруулах байдал нүүрсний компаниудын дунд гарсан учраас ийм арга хэмжээ авахаар болсон.
Махны экспорт бага байгаа учраас компаниудад “нэг цонх”-ны бодлого тийм ч чухал санагдахгүй байх. Ирээдүйд махны экспортлогчдын дунд нүүрснийхэн шиг байдал үүсэхийг үгүйсгэхгүй.
“Монгол мах” корпорац нь их хэмжээний мах экспортлох зорилтын нэг хэсэг. Үйлдвэрүүдийнхээ эрүүл ахуйн стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх, малаа эрүүлжүүлэх гээд тулгамдсан асуудлыг оновчтой бодлогоор шийдвэрлэж байж махны экспорт нэмэгдэнэ.
Цаашлаад гадаадын зах зээлээс орлого олж, малчид, үйлдвэрлэгчдийн халаас зузаарна. Манай улсад үе үе малын гоц халдварт шүлхий өвчин дэгддэг. Тиймээс “Монголын мал өвчинтэй” гэсэн хар тамга дараастай байгаа.
Саяхан урд хөрш баруун таван аймгийг малын өвчингүй, эрүүл бүс гэж зарлалаа. Одооноос Хятад руу баруун нутгаас салаа туурайтай буюу хонь, үхэр, ямааны мах экспортлох үүд нээгдэж байна. Ийнхүү махны экспортыг нэмэгдүүлэх зорилго урагшаа том алхлаа.
Мах экспортлох цонх нь “Монгол мах” корпорац. Тэгвэл тэр цонхоор тээвэрлэх махыг нэмэгдүүлэх гарц нь дулааны аргаар боловсруулах гэж салбарын яамныхан ярьж байна.
Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “Үндэсний шуудан” сонинд “Түүхий мах гэхээс илүү нэмүү өртөг шингээсэн дулааны аргаар боловсруулсан мах экспортолдог болъё.
Ийм үйлдвэрүүд бий болгоход хөрөнгө оруулж, шаардлагатай дүрэм журам баталж, хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр ажиллах урьдчилсан чиглэлтэй байгаа. Дулааны аргаар боловсруулсан мах экспортлоход шүлхийн хориг үйлчилдэггүй.
Тиймээс энэ чиглэлээр түлхүү ажиллана” гэж ярьжээ. 80 хэмийн халуунд махыг хагас болгохыг дулааны аргаар боловсруулах гэж нэрлэдэг аж.
Хагас боловсруулдаг учраас элдэв нян нь үхдэг байна. Иймээс дулааны аргаар боловсруулсан маханд шүлхийн хориг үйлчлэхгүй юмсанж.
“Мах импекс” компани хоногт 10 тонн мах дулааны аргаар боловсруулах хүчин чадалтай аж. Тэд дулааны аргаар боловсруулсан мах экспортлох саналаа салбарын яамандаа албан ёсоор тавьжээ.
“Мах импекс”-ээс гадна маш цөөн үйлдвэр дулааны аргаар мах боловсруулах тоног төхөөрөмжтэй аж. Иймээс салбарын яам дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжихээ мэдэгдээд буй.
Мал нядалж, дулааны аргаар боловсруулдаг, дэлхийн жишигт нийцсэн эрүүл ахуйн стандарттай 12 үйлдвэр барихаар ярьж байгаа аж. Манай Засгийн газар БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас нэг тэрбум ам.доллар зээлэхээр болсон.
Үүний 750 сая ам.долларыг Эгийн голд усан цахилгаан станц барихад зарцуулна. Үлдсэнийг нь 12 үйлдвэр барихад зарцуулах саналыг ХХААЯ-ныхан гаргаад байгаа.
12 гэдэг Р.Бурмаа сайдын толгойд гэнэт харвасан тоо биш. Сү.Батболдын Засгийн газрын үед мах бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, эрүүл ахуйн стандарт хангасан үйлдвэрүүд байгуулах зорилгоор орон нутагт судалгаа хийж, 12 цэг товлосон.
Цэг тогтоохдоо малчин малаа тууж хүргээд тушаах боломжтой, дэд бүтэцтэй газар нутгийн байршлыг гол шалгуур болгосон юм. Энэ нь нөгөөтэйгүүр мах бэлтгэлийг ченжийн гараар дамжихыг зогсоох бас нэг зорилготой байлаа.
Аанай л Хятадын Засгийн газрын зээлээр уг үйлдвэрүүдийг барих бодлого баримталж байв. Махны 12 үйлдвэр барих тендерийг 2012 онд зарлахаар товлож байсан ч Засгийн газар солигдон энэ ажил замхран алга болсон билээ.
Харин махны экспортыг нэмэгдүүлэх зорилт өмнөх Засгийн газрын бодлогыг сэргээж байна. Дулааны аргаар боловсруулсан мах их хэмжээгээр экспортлохын тулд маш их ажил амжуулах шаардлагатай аж.
Улс төрийн шийдвэр ч гаргах хэрэгтэй болох нь. Хятадын Засгийн газрын зээлээр махны үйлдвэр барих, эсэхийг Засгийн газар шийдэх учиртай.
ХХААЯ-наас энэ онд 64 мянган тонн мах экспортлох квот баталсан. Гэвч ийм хэмжээний мах экспортолж чадаагүй. Ирэх жил 128 мянган тонн мах экспортлох боломжтой гэж салбарын яамнаас мэдээлж байна.
“128 мянга бүү хэл 30 мянган тонн мах экспортолж чадахгүй” гэж энэ салбарт ажилладаг нэгэн ам бардам хэлж буй юм. “Үйлдвэрийн аргаар цөөн тонн мах бэлтгэсэн юм чинь юуг нь экспортлох юм бэ” гэж тэрбээр асууж байна.
Мах экспортлох боломж бол бий. Худалдаж авахыг сонирхож буй зах зээл байна. Хэрэглээнээсээ илүүчлээд худалдах мал байна. Гэвч “нэг цонх”-ны бодлого байлаа ч экспортын зам хаалттай.
Махны экспортыг шүлхий өвчин, үйлдвэрүүдийн технологийн хоцрогдол хааж байна. Вьетнам, хятадууд ирж, манай үйлдвэрүүдтэй танилцаад буцсан. Тэд мах авах, эсэхээ эргэж мэдэгдэх учиртай.
Хагас жилийн өмнө буцсан тэд хариу ирүүлээгүй л байна. Эцсийн бүлэгт шүлхий өвчин хаасан замыг дулааны аргаар боловсруулсан мах экспортолж даван туулахаар шийдэв.
Гэсэн ч дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрлэлийн дэд бүтэц нь байсангүй. “ОХУ-д мах экспортлохоор боллоо”, “Хятадад нэг тэрбум ам.долларын мах экспортолно” гэсэн сайд дарга нарын өөдрөг мэдэгдэл хүлээлт үүсгэсэн. Замаа зассаны дараа ингэж догдолбол яасан юм бэ?
ХХААЯ-ныхан “Мах” хөтөлбөр хэрэгжүүлж, зудад хохирохоос айсан малчдын гар аргаар бэлтгэсэн махыг 100 тэрбум төгрөгөөр худалдан авч, нөөцлөхөөр боллоо.
Гар аргаар боловсруулсан махыг экспортлох боломжгүй. Махны зах зээлийн бодлого хаашаа чиглэснийг та анзаарч байна уу.