Катарын "Al Jazeera" агентлагийн цахим хуудсанд Монголын агаарын бохирдлын тухай нийтлэл бичигдсэн байна. Уг нийтлэлд агаарын бохирдол, хүчил төрөгчийн дутагдал монгол улсын хэмжээнд ямар байдалтай байгааг энгийн гэр бүл, жирийн эмэгтэйчүүдийн амьдрал дээр түшиглэн харуулахыг зорьжээ.

Анхны цас орсон есдүгээр сарын өглөө Отгонтуяа гэгч эмэгтэй ягаан өнгийн жижигхэн хуванцар сандал дээр суун хүүхдээ хөхүүлж байхдаа өвөл хүйтэн болох шинжтэй гэж бодон сууна. Отгонтуяа 28 настай нөхөр охин хоёртойгоо бартаатай шороон замаар саарал “үүл”-ний дундуур алхаж хүрдэг газар амьдардаг. Тэрээр гэртээ охиноо харж зав гарвал хувцас оёдог жирийн л нэг ээж хүн. Отгонтуяа охиндоо маш их санаа зовдог учир нь зургаан жилийн өмнө хэвлий дэх үр нь арван хоёр долоо хоногтой байхдаа өсөлт зогссон гэсэн оноштойгоор хорвоод мэндэлж чадаагүй байна. Эмч нар түүнд энэ харамсалтай явдал агаарын бохирдлоос болсон гэж хэлжээ.
Гэвч түүнийх шиг гунигтай түүх Улаанбаатар хотод амьдарч байгаа олон эмэгтэйд тохиолдож байгаа. Үүний гол буруутан нь “агаарын бохирдол”.
Улаанбаатар хот бол 1,5 сая хүнтэй түүний 60 орчим хувь нь төвийн бохир усны систем, дулаан хангамж, цахилгаанаас хязгаарлагдмал хотын захад амьдардаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал болж иргэд хямд үнэтэй нүүрс, резинэн хаягдал, хуванцар сав зэргийг шатааж гэрээ дулаацуулах болсноос хот тэр аяараа хуучны Лондонг санагдуулам саарал утаан манантай болжээ. Энэ байдал арван нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл дөрвөн сар үргэлжилдэг.
2000 оноос нийслэлийг чиглэсэн шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсэн. Монголчуудын “зуд” гэж нэрлэдэг байгалийн гамшиг, боловсролын эрэл хайгуул, эрүүл мэнд эдийн засгийн боломж хайх хүчин зүйлсээс хамаарч Улаанбаатарыг зорин ирэх “нүүдэл” тасралтгүй үргэлжилсээр. Эдгээр хүмүүс нүүж ирсэн даруйдаа орон сууцанд амьдрах бололцоо байдаггүй тул уулын бэлд гэр барин нүүрс түлж амьдарч эхэлдэг. Энэ нь эргээд тэдний амьдарч буй газарт хөрс, агаарын бохирдол бий болгодог байна.
2010 оны байдлаар Улаанбаатар хот 800 мянга гаруй шинэ “зочид”-той болж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй арав дахин их болж дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орны жагсаалтад дээгүүр байр эзлэх болсон юм. Үүнээс үүдэн багтраа, уушгины хорт хавдар, зүрхний шигдээс өвчний улмаас нас барах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Канадын Бурнаби хотын Саймон Фразерийн их сургуулийн судлаачид Улаанбаатар хотод нас барж буй арван хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амь эрсдэж байна гэсэн судалгааны дүнг 2011 онд танилцуулжээ.
Тэгвэл агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон урагт хэрхэн нөлөөлдөг вэ?
2014 онд Лос Анжелосын Хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх Сабан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар “Монгол улсад агаарын бохирдлоос шалтгаалсан ургийн эндэгдлийн тоо хэт өндөр байна” хэмээн онцолжээ.
Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн профессор Л.Дэлгэрзул агаарын хорт бохирдлын хэмжээ маш өндөр үзүүлэлттэй байдаг арван дүгээр сараас нэгдүгээр сар хоорондын хугацаанд жирэмсэн болохгүй байхыг эмэгтэйчүүдэд зөвлөжээ. Түүнчлэн ургийн эрүүл бойжилтод санаа тавьж байгаа боловч утаат орчинд өсөн торниж байгаа багачуудыг хорт “саарал”-аас хэрхэн хамгаалах арга замыг олоогүй л байна.
Өнөөдрийн байдлаар төврүү чиглэсэн шилжих хөдөлгөөн, гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгаа болохоор гэр хороололд амьдарч буй жирэмсэн эхчүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулах шаардлагатай болсон. Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдсан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх төвд 15 мянга орчим хүн харьяалагддаг боловч зургаан эмч дөрвөн сувилагч ажиллаж яаралтай түргэн тусламж шаардлагатай хүмүүст хүрэх гэж маш их цаг хугацаа зарцуулдаг тул жирэмсэн эмэгтэйчүүдийг анхаарч чаддаггүй байна.
Дахин нэг асуудал тулгардаг нь шилжиж ирсэн болон хотын захаар амьдарч буй эмэгтэйчүүд ихэвчлэн хаяг зөрчилтэй, зөвшөөрөгдөөгүй газар амьдарч байдаг.

Сувилагч Ямсүрэн “ Хаяг бичиг баримтын зөрчлөөс болж жирэмсэн эхчүүдийг үзлэгт бүрэн хамруулж чаддаггүй. Үүнээс үүдээд хүүхэд эндэх, дутуу болон тагнай цоорхой төрөх гэх мэт олон асуудал тулгардаг” гэжээ.

Тайванжаргал бол 37 настай нөхөр, зургаан хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт бараг л уулын орой дээр амьдардаг. Энэ сард долоо дахь хүүхдээ өлгийдөж авахаар хүлээж суугаа түүнд төрөх үед хүндрэл гарч болзошгүй тухай эмч нар хэлжээ. Тайванжаргал ярихдаа “Өвөл маш их утаатай байдаг. Зам харагдахгүй, хувцаснаас тортог үнэртээд салахгүй тэгээд хүүхдүүд минь байнга ханиах болсон. Шинээр төрөх хүүхэддээ маш их санаа зовж байна” гэжээ.
2013 онд Улаанбаатарын гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөөг гаргасан боловч зарим иргэд газраа алдахвий, орон сууц авч чадахгүй байх вий гэх айдастай байгаагийн улмаас хэрэгжилт удааширч байна.

Болормаа орон сууцтай болж хүүхдээ эрүүл саруул, цэвэр аюулгүй орчинд амьдруулахыг мөрөөддөг. Гэвч түүний ах газраа зарахыг зөвшөөрөөгүйн улмаас байр худалдан авч чадаагүй байгаа гэнэ.

Монгол гэрт олон жил амьдарсан Энхзул гэх бүсгүй хоёр сарын өмнө шинэ орон сууцандаа оржээ. Түүний шинэ байр ямар ч цонхгүй бас чийглэг, байшингийн доод давхарт байрладаг. Монгол гэрт нүүрс түлж амьдрахаас дулаан тохитой ч чийглэг орчноос болж 2 сартай хүүгийнх нь гэдэс үргэлж өвддөг. Гэсэн хэдий ч энэ “орон сууц” монгол гэрт амьдрахаас сайхан ажээ.
Энхзул шинэ гэрийнхээ талаар “Гэр хороололд амьдрах маш хэцүү, эргэн тойрноо харахгүй болтол утаа ихтэй байдаг. Энд ядаж л төвийн халаалттай болохоор сайхан байна” гэж хүүгээ хуурайлангаа хэлэв.
Яг энэ үед хотын нөгөө захад Отгонтуяа охиноо Хөх тэнгэр хүүхэд асрах төвд үзүүлэхээр ирсэн байна. Анхны хүүхдээ алдсанаасаа хойш тэр охиныхоо эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийж байгаа. “Олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг боловч хортой орчин, агаарын бохирдол миний санааг зовоодог. Гэвч бид дасаж, эвлэрч амьдрахаас өөр юу хийж чадах билээ” гэж хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: www.aljazeera.com