Манай улсад үйлдвэрлэл, технологийн хэд хэдэн парк байгуулах талаар ярьж буй. Хийж чадаж гэмээнэ тэдгээр нь улсын хөгжлийн томоохон хөшүүрэг, нэг гарц мөн. Аж үйлдвэрийн, арьс ширний үйлдвэрлэл, технологийн, Барилгын материалын гээд цөөнгүй салбар, чиглэлийн парк байгуулах талаар үе үеийн төр, засгийн удирдлага амлаж байсан, одоо ч амласаар байгаа.
Ул үндэстэй, хэрэгцээ шаардлага нь байгаа хойно иргэд ч тэр амлалтад итгэсээр ирсэн юм. Гэтэл яриад л байдаг ч газар нь бахь байдгаараа, хоосон байсаар (заримд нь газар ч байхгүй) сүүлийн хэдэн жилд паркуудын нэр хүнд сүрхий ганхаж байна.
“Манай улс угаасаа жаахан ядуу, хэчнээн санаа байсан ч хэрэгжүүлэх гэхээр алхам бүрт саадтай тулгардаг. Яах ч аргагүй асуудал олон байна. Тэдгээр саадыг даван туулахын тулд байдаг чадлаараа хичээж байгаа. Үүнд багагүй хугацаа шаардагдах нь мэдээжийн хэрэг” гэсэн утгатай “юм” хэрэгжүүлэгчид нь ярьж суудаг. Буруутгах ч аргагүй.
Байгуул гээд хэчнээн өргөн уудам газар нутаг өглөө ч үнэнийг хэлэхэд тэнд очиход наад зах нь бие засах газар ч олдохгүй байгаа юм.
Ийм сайхан ч, бүтээхэд хэцүү амлалтын нэг нь Шинжлэх ухааны парк байгуулах явдал. Бас л ярьсаар багагүй хугацаа үдэж байгаа. Дэлхийн аль ч улс орон өдгөө шинжлэх ухааны паркгүйгээр хөгжиж чадахаа больсон гэнэ.
Нийт 500 гаруй байдаг гэж дуулдана. Шинжлэх ухааны парк гэдэг зүйл дэлхий дахинд дэлгэрээд хэдийнэ 60-70 жил болж байгаа юм. Харин Ази тивд орж ирээд 30 жил болжээ.
Бүр ойрын жишээ дурдахад манай урд хөрш энэ ажилд 10 жилийн өмнө хөл тавьсан ч байгуулсан паркийнх нь тоо 100 хол давчихаад буй гэнэ лээ.
Өдгөө шинжлэх ухааны паркууд анхны үеэ хэдийнэ өнгөрөөж, техник, технологийн хувьд эрс шинэчлэгдэж, хоёр дахь үеийнхээ хөгжлийн шатанд ирээд буй юм байна.
2000 оны эхэн үед Засгийн газраас их сургуулиудын хотхон барьж, боловсролын салбараа хөгжүүлнэ гэсэн шийдвэр гаргаж байсан түүхтэй юм.
Гэвч их сургуулиудын хотхон барих нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч үүнийг сонирхохгүй гэдэг ганц том шалтгаан байсан тул өдий хүртэл барьсангүй.
Харин хотхоны асуудлыг дахин хянаж үзээд, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн цогцолбор хот байгуулж, түүн дотроо Шинжлэх ухааны парк, их, дээд сургуулиуд, үйлдвэрүүдийг ч төвлөрүүлэх болсон.
Оюутны хотхон дангаар амьдрах чадваргүй, шинжлэх ухаан төвтэй хот болгочихвол илүү үр дүн гарч мэдэх тул ийн шийджээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд Засгийн газрын 367 дугаар тогтоолоор Их сургуулиудын хотхоныг Багануур дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэрт 10.000 га газарт байгуулна гэж шийдвэрлэсэн.
2000 оноос хойш өдий хүртэл оюутны хотхон байгуулахын тулд хийсэн ажил бус, хэд хэдэн удаа газар сэлгэсэн түүх л үлджээ. Угтаа тухайн үед хотхон барих тухай үг яриа, үйл хөдлөл харагдаж байсан ч уг ажилд тооцоо судалгаагүй хандсанаас болж бодит байдалтай нүүр тулахдаа тулгамдаж, буруудсан талтай.
Дэлгэрүүлбэл, анх оюутны хотхоныг Баянголын аманд байгуулна гэж байв. Үүний дараа Яармаг, Буянт-Ухаад байгуулах нь зүйтэй гэв. Гэхдээ бас л нутаг сэлгэх шаардлагатай болж, сүүлдээ Налайх дүүрэгт байгуулах нь хамгийн зөв юм гэж шийдээд, тэнд 2000 га газар олгож, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө хүртэл боловсруулчихаад байлаа.
Гэтэл бас л тэр газар нь Төв Азийн усны хагалбарын төв, цэвдэгтэй болж таарчээ. Ингээд дараагийн ээлжинд тэлэх боломжтой, цаашид томоохон хот болж өргөжих ирээдүйтэй газар сонгох болж, Хөшигийн хөндий, Багануур, Налайх, Багахангайг шилж, дахиад алдахгүйн тулд хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийлгэсэн байгаа юм.
Багануур, Хөшигийн хөндий хоёр өрсөлдөгч нараасаа аль аль талаар хавьгүй чансаа өндөртэй байсан тул сонгогдсон. Эцэст нь усны нөөц багатай тул Хөшигийн хөндийгөөс зайлсхийж, бүх талаараа нийцэж байснаар нь Багануур дүүрэгт 10.000 га газарт барих болчихоод байна. Түүх ердөө л энэ.
Цогцолбор байгуулахад 11.6 их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Үүнээс эхний ээлжинд дөрвөн их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.
Манайд ийм мөнгө байхгүй учраас энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар Багануурын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн цогцолбор төслийг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулсан.
Төлөвлөгөөгөөр бол цогцолбор байгуулах бэлтгэлийг 2010-2014 онд хангаж, бүтээн байгуулалт дуусах эцсийн хугацааг 2030 он гэж тооцжээ.
Өдгөө цогцолборын ажлын явц ямар байгааг БСШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбатаас тодрууллаа. Тэрбээр “Их сургуулиуд, судалгааны байгууллагуудад гарааны компани, бизнес инкубатор байгуулах эхний шатны ажлууд үргэлжилж байна.
Урьдчилсан судалгаа, ТЭЗҮ боловсруулсан. Мөн БНХАУ-тай хамтарсан уургийн лаборатори оруулж ирлээ. Өнгөрсөн долоо хоногт тоног төхөөрөмжийг нь буулгаж угсраад байна.
Эрдэмтдийн бүтээлийг энэ лабораториор баталгаажуулахаас гадна илүү нарийн судалгаа хийх, цаашид бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд ач холбогдолтой юм. Биохими, молекул биологи, биотехнологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, байгаль хамгаалал, генетик нөөцийн ашиглалт зэрэг салбарынхан үүнийг ашиглах боломжтой.
Ингэснээр био аж үйлдвэрийн эх суурийг тавихад дөхөм болно. Үүний зэрэгцээ бизнес инкубатор ч байгуулж байна. Энэ нь эрдэмтдэд байгаа “өндгийг” бизнесийнхэнд санал болгож, тахиа болгох үйл ажиллагаа юм.
Эрдэмтэд шинэ бүтээл гаргахад анхаардгаас биш, түүнийгээ хэрхэн бизнес болгож хөгжүүлэхийг мэдэрч чаддаггүй сул талтай” гэсэн юм.
Одоохондоо төлөвлөгөө төдий байгаа ч урт хугацаандаа Монголыг тэжээх хот үүсгэх зорилттой энэ төсөл өдгөө “Тэр зорилтдоо хэрхэн хүрдэг бол доо” гэмээр харагдаж байгаа.
Хүрэхэд хэцүү тэр зорилтуудад шинжлэх ухааны хот Өрнө, Дорныг холбосон үйлдвэрлэл, технологийн төв болох багтаж байна. Тэр хот их сургуулиуд, техникийн коллежуудыг багтаах нь.
Мөн сэргээгдэх эрчим хүчний системтэй, аж үйлдвэрийн парк, тээврийн зангилаа, эдийн засаг, нийгмийн үйлчилгээтэй байх төдийгүй олон улсын боловсролын хот болж, дэлхийн олон орны оюутан залуусыг өөртөө татах аж.
Шинжлэх ухааны хот дэлхийн хүн амьдрах нэн таатай хотуудын жагсаалтад орох зорилт бас тавих гэнэ. Цэвэр цэмцгэр байдал, хүрээлэн буй орчин болон хотын сайн дэд бүтэц, амьдралын мөчлөг, эдийн засгийн чадавх зэрэг нь дээрх зорилтоо бодит ажил хэрэг болгох боломжтой ч гэж харж буй юм байна.
Жишээ нь, ийм болохын тулд хотын газрын 30 хувь нь ногоон байгууламж байх аж. Мөн метроны байгууламжийг ч төлөвлөлтөд тусган, хэрэглээний усыг ариутган, ахуйн хэрэгцээнд дахин ашиглах гэнэ.
Нарны болон салхины эрчим хүч ашиглан цогцолборын эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг хангана. Инженерийн шугам сүлжээг нэгтгэн хонгилын системд байрлуулснаар засвар үйлчилгээг ногоон байгууламж, зам талбай эвдэхгүй явуулах бүрэн боломжтой гэнэ.
Мэдлэг шингэсэн, экспортыг нэмэгдүүлж импортыг орлох, сор болсон технологи, бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах нь ч уг хотын төлөвлөгөөнд тусчээ.
Үүний тулд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих, цөлжилтийн эсрэг өвс ургамал, уламжлалт анагаах ухаан, эм эмнэлэг, мэдээллийн технологи, аж ахуйн газрууд байрлах юм байна.
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хотыг амжилттай, үр өгөөжтэй төсөл болгохын тулд парк бүтээгдэхүүн, төслүүдээ зөвхөн дотоодод биш, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох боломж эрэлхийж буйгаараа онцлог.
Тухайлбал, цахимаар дэлхийн өнцөг булан бүрт судалгааны төслүүдийнхээ мэдээллийг түгээж, түүнд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийг гадаад, дотоод гэлтгүй нээлттэй хүлээн авахаар төлөвлөжээ.
Саяхан манайхан гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг авчирч, Шинжлэх ухааны парк байгуулах талаар зөвлөлгөөн зохион байгуулсан. Энэ үеэр манайд шинжлэх ухааны паркын тив, дэлхийн “аваргууд” хүрэлцэн иржээ.
Зарим нь хамтран ажиллах боломжтойгоо ч илэрхийлсэн байна. Хэрэв тэд үнэхээр энэ ажилд хамтрах болчихвол нэр хүндийг нь дагаж, хөрөнгө оруулагчид ч орж ирэх учиртай гэнэ.
Ийм эерэг тал цөөнгүй байгаа ч нэлээд том бүтээн байгуулалт нь учраас магадгүй хугацаа нь сунжирч магадгүйг холбогдох байгууллагынхан хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс хөрөнгө орж ирж төсөл амжилттай явах хүртэл энэ парк үр хөврөлийн байдалтай байх нь. Нас биед хүрэх цаг хэзээ ирэх юм бүү мэд.
Ч.МӨНХЗУЛ