Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар Монголбанкны мэдээллийг сонслоо.
Тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд төгрөг, үүний 75 хувь нь Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрт хамаарч байна.
Зээлтэй 76.583 өрх бий. Тэд сар бүр 28 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хуримтлуулдаг. Орон сууцны ипотекийн чанаргүй зээлийн харьцаа 2011 оны долдугаар сараас хойш 0.2-0.7 хувийн түвшинд тогтвортой байна.
Дундаж давхаргын хуримтлал зээлийн эргэн төлөлтөөр жил бүр дунджаар 336-360 тэрбум төгрөгөөр өсөж байна” гэсэн мэдээлэл өгөв. Цэцээс зээлийн барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах гэх мэтээр хөдөлгөх боломж бүрдүүлсэн шийдвэр гаргасанд тэрбээр ихэд бухимдалтай байлаа.
Байнгын хорооны хурал нэлээд ширүүхэн болсны дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим зүйл тодрууллаа.
-80 мянга орчим иргэн моргэйжийн зээлээр орон сууцанд орсон. Одоо цаана нь хэчнээн хүн хүлээж байна вэ?
-200 орчим мянган хүн уг зээлийг авахаар хүлээж, ирээдүйгээ төлөвлөж, урьдчилгаагаа цуглуулж байна. Сард 1300-3000 хүнд энэ төрлийн зээл олгож байсан. Зээлийн ард барьцаа байдгийг бүгд мэднэ.
Гэтэл барьцааг нь хөдөлдөг болгоод л асуудлыг гацаачихлаа. Ийм чухал асуудал ярьж байхад З.Баянсэлэнгэ сайд нэг банктай байгуулсан санамж бичгээ яриад л, найман хувийн зээл, 10 хувийн урьдчилгаа хоёрыг холиод, Засгийн газрын болон Монголбанкны баталгааг хооронд нь андуурах юм.
Зарим гишүүн асуудлыг цэвэр улс төрийн өнцгөөс хараад байна. Зээл авсан, хүссэн хүмүүсийн ард орон сууцыг нь барьчихсан компаниуд, тэдэнд зээл өгсөн банкууд байна шүү дээ. Энэ бол хоёр улстөрч хоорондоо үг шидээд дуусчихдаг хялбар зүйл биш.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажил жигдрээд, үр дүн нь гараад явж байсан. Гэвч одоо нэг ч хүн зээл авахгүй болчихлоо...
-Моргэйжийн зээлийг 2008 оноос олгож эхэлсэн. Энэ долоон жилд алдаа, оноо байсан байх. Засаад л явна. Үүн дээр улстөржөөд, хэрэлдээд байх хэрэггүй. 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг бид нар иргэддээ хүртээмжтэй, найман хувийн хүүтэй зээл олгохоор зориглосон.
Тэгэхэд инфляц өндөр, олон хүн эсэргүүцэж байсан. Гэвч гурван жилд үр дүн нь гарч, 80 мянган хүн байрандаа орчихсон байна. Инфляц гурван хувь болж буурсан. Макро эдийн засагт үр дүнгээ өгч, иргэдийг хэрэглээнээс хуримтлал руу шилжүүлчихсэн.
Аж ахуйн нэгжүүд ба зээлтэй ажилтны харилцаа ч өөр болсон. Бодит үр дүн гарчихсан. Эхний таван жилд хүнд, өндөр орлоготой хүмүүс л зээл авдаг байсан бол одоо бүгдэд хүртээлтэй хөтөлбөр болчихсон. Ийм зүйлийг гацаачихаад “Үгүй” гэх юм. Хэн нь хэнийгээ хуураад байна вэ.
Сангийн сайд, СЗХ, Монголбанкныхан Цэцэд “Үүнээс гарах эрсдэл ийм байна, болохгүй” гэдэг тайлбарыг дунд болон их суудлын хуралдааны аль алинд өгсөн. Уг асуудлыг ингэж яаран шийдэх хэрэггүй байсныг хуульчид хэлж буй. Цэц зарим асуудлыг хэлэлцэлгүй хагас жил ч болгодог юм гэсэн.
Үүн дээр яагаад яарсан юм. Тэд мэдээж хүүтэй холбоотой шийдвэр гаргаагүй. Гэвч тэр бүх тогтолцооны суурь болох барьцааг алга болгосноороо эрсдэлийг нэмчихэж байгаа юм. Ер нь иргэдийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалах нэрээр боломжийг нь хязгаарладаг сонгодог жишээ нь энэ боллоо.
Коммунизм ийм зүйл дээр л суурилсан. Тэр үед өмч дагасан бүх эрхийг үгүй хийсэн. Ийм л байдал руу явж буйг ойлгохгүй байна. Өнөөдөр Монгол Улсад нэг ч иргэн найман хувийн хүүтэй зээл авч чадахгүй болсон. Барьцаа хөрөнгийг Иргэний хуулиар зохицуулдаг юм.
Иргэн байшингаа барьцаалсан бол цааш түрээслэхийг банкнаас асуугаад зөвшөөрөл авдаг хууль байсан. Тэр хүн мөнгө олж л байвал банкинд ашигтай. Иргэн, банк хоёр суугаад л шийддэг. Тэгвэл одоо иргэн барьцаат хөрөнгөө бусдад шилжүүлэхэд банкнаас асуухгүй болчихсон.
Ингээд банк барьцааны хөрөнгийнхөө араас шүүхдэх, хянах боломжгүй болчихлоо. Өмчтэй холбоотой зургаан хөдөлгөөн байдгийн хоёрыг зохицуулна гэж байгаад л бүгдийг нь “нялчихсан”.
Моргэйжийн зээлтэй холбоотой сөрөг байр суурь хоёр дахиа гарч ирсэн нь энэ. Банк иргэдийн харилцах хадгаламжийг нөгөө талд нь байгаа зээл рүү шилжүүлдэг. Иргэдийн энэ их хөрөнгөтэй холбоотой асуудал том эрсдэлд ороод байна шүү дээ.
-Одоо ямар гарц байна вэ. Д.Ганбат гишүүн үүнийг залруулах хуулийн төсөл оруулж ирнэ гэсэн байна лээ.
-Иргэний хууль дахь өмчтэй холбоотой заалтаа богино хугацаанд өөрчлөх болов уу гэж хүлээж байна. Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гарчихсан. 10 гаруй жил хэрэгжээд явж буй хуулийг гэнэт яаран өөрчилсөн нь буруу.
Арай л их улс төр байна. УИХ алдаа гаргасан. Цэц нэг хуулийн заалтыг нь үгүй болгочихож. Үүнийг сэргээчих. Тэгээд л боллоо. Заавал том сэдэв болгож иргэдийг хохироогоод, улстөржүүлэх хэрэггүй.
С.УУЛ