“...Энд гал гарч байна, хурдлаарай...”
-Байна уу. Байршлаа хэлээрэй. Дийн, дийн.... утас тасарлаа.
101, 105 дугаарын утсанд иймэрхүү дуудлага ирэх нь цөөнгүй. Айж, сандарсан хүмүүс хаягаа хэлэлгүй утсаа тасалж орхидог гэнэ.
Эргээд залгахаар утсаа авахгүй, эсвэл тасралтгүй яриад байдаг тухай дуудлага хүлээн авагч учирласныг саналаа.
Дуудлага бүрийн цаана эрдэнэт хүний амьтай холбоотой асуудал хөндөгддөг учраас онцгой байдлын аврагчид цаг алдалгүй, шуурхай ажиллах үүрэгтэй.
Гэвч объектын гал түймэр, тэр тусмаа монгол гэрт гал гарсан тохиолдолд аврагчид ихэвчлэн үнс болсон хойно
очдог нь хатуу боловч үнэн. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрдөг. Хаяг, байршил нь тодорхойгүй гудамж, гуу жалга, уулын оройд буусан айлд замын түгжрэлээс мултарч, түргэн шуурхай очно гэдэг амаргүйг хэлэхэд илүүц биз.
Галын дуудлага ирсэн даруйд аврагчид зуны хувцсыг 14, өвлийнхийг 18 секундэд өмсөх ёстой. Харин дуудлага өгсөн газар төдөн минутад ирэх ёстой гэсэн стандарт байхгүй. Хамгийн шуурхай, богино хугацаанд л очих үүрэг хүлээдэг.
Гэвч замын хөдөлгөөн, замбараагүй барилга байгууламж, төлөвлөгөөгүй гэр хороолол дундуур “хэрэн хэссээр” байтал аврагчдыг хүлээж амжилгүй хэдэн ч хүн нүд аньж буйг хэлэх боломжгүй.
Амь дүйсэн долоон минутад амжиж очиход гал унтраах автомашины явах замыг саадгүй болгохоос эхлээд гэр хорооллын айлуудыг тодорхой хаягтай болгох нь чухал байна.
Одоогоос таван жилийн өмнө манай улсын хэмжээнд 3063 удаа гал түймэр гарч байсан бол энэ онд 4561 болж өсчээ. Эдгээр галаас аврагчид 453 хүнийг аварч, 11.5 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хөрөнгө хамгаалсан байна.
Гэвч энэ онд л гэхэд гал түймрийн улмаас 58 хүн амиа алдсаны 12 нь хүүхэд. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт нийслэлийн Хан-Уул дүүрэгт таван ханатай гэр шатаж, 12 настай хүүхэд амиа алдсан.
Энэ сарын 18-нд буюу ганцхан хоногийн дотор гэхэд гурван айлын гэр шатаж, 31 настай, эрэгтэй нүүр, баруун гар, ой гурван сартай хүү нуруу, дөрвөн настай охин гараа түлж, нэг хүн нас барлаа.
Мөн энэ сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн VII хороонд иргэн Х-н таван ханатай гэр шатаж, 2-16 насны гурван хүүхэд амиа алдсан. Энэ мэт жишээ дурдаад байвал монгол гэрт амьдрах “аюултай” болсон мэт санагдана.
Гэвч орон сууцанд амьдрах боломжгүй, тэр ч байтугай тагтай сав худалдан авч, үнс нурмаа хийчих бололцоогүй хүмүүс олон буй. “Ядуу амьдарч байгаа нь хохь чинь” гээд анхаарахгүй өнгөрч болохгүй.
Ядаж л гал гарахад утаа мэдэрдэг дохиолол гэр хорооллын айлуудад байрлуулах нь зөв санагдана. Ийм дохиололтой болчихвол унтаж байгаад нөгөө ертөнцөд олуулаа очихгүй байлтай.
Объектын гал түймрийн ихэнхэд орон сууц болон гэрт амьдардаг айлууд өртдөг. Монгол гэр 5-7 минутын дотор бүрэн шатдаг гэдгийг өдгөө хүн бүр мэддэг болсон. Таван ханатай, давхар дулаалгатай гэр л гэхэд найман хормын дотор үнс болдог тухай мэргэжилтнүүд хэлсэн.
Гэрт нь цоожилж үлдээснээс хүүхдүүд гал түймэрт өртсөн харамсалтай явдал гарсаар л байна. Тиймээс хүн бүр гал түймрээс сэргийлэх мэдлэгтэй, амьдарч буй газрынхаа аюулгүй байдалд анхаарах цаг иржээ.
Гай гамшиг хэдий хэлж ирдэггүй ч объектын гал түймрээс сэргийлэх боломж бидний гарт буй нь сайшаалтай. Гал түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас үүддэг.
Тухайлбал, үнс нурмаа ил задгай хаях, цахилгааны утсаа буруу холбох, асаасан галаа унтраалгүй орхих зэргээс үүддэг тухай онцгойгийнхон хэлж байна. Энэ байдал хөдөө орон нутагт мөн л их байдаг. Гэтэл ихэнх суманд аврах, гал унтраах анги байхгүй нь харамсалтай.
Гэрт нь шингэрүүлсэн хий дэлбэрч аюул болсон ч улаан галаас өөрийгөө болон дүүгээ аварсан Г.Цэрэнтогтох хүүгийнх шиг аз хүн бүрт тохиохгүй. Гэхдээ аз сорихоос илүү аюулгүй байдалдаа анхаарч чадвал ахуйн гал түймрийн гамшиг хол байна шүү дээ.
Ч.БОЛОРТУЯА
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Халаах гэж тавьсан гал хоёр машиныг нь “залгив”

Аврах, гал унтраах X ангийнхан 13.40 цагт гал унтраав
“Айлын хашаанд байсан хоёр машин шатаж байна” гэх дуудлага Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах X ангид 13.00 цагт ирлээ.
Дуудлагын дагуу найман албан хаагч, гал унтраах хоёр машинтайгаар дуудлага өгсөн айлын зүг хурдалсан юм. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо буюу “Нарантуул-2” захын баруун хойно, хуучнаар Зам гүүрийн баазын гэж нэрлэдэг гудамжинд оршин суух иргэн Батмөнхийн хашаанд очлоо.
Тэнд хүнд даацын ачааны “Маяти”, “Фүсо” маркийн машинууд шатаж байв. Гал сөнөөгчид 30 гаруй минут ажилласны дараа машиныг “залгисан” галыг бүрэн унтраасан юм.
Аврах, гал унтраах Х ангийн салааны захирагч, ахлах дэслэгч А.Батмөнх “Иргэдийн болгоомжгүйгээс болж гал алдах нь хүйтний улиралд улам нэмэгддэг. Энэ гал ч иргэдийн өөрсдийн буруугаас үүдэн гарсан бололтой.
Шалтгааныг цагдаагийн байгууллага тогтооно. Одоо сурагчдын амралт эхэлж байна. Энэ үеэр мөн гал гарах нь ихэсдэг. Иргэд зуух, пийшингээ галлахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэв.
Машины эзэн Батмөнх “Миний машин царцаад асахгүй байсан юм. Доор нь ил гал түлж орхин, гэртээ хоолоо хийж байгаад, гарч хартал машинууд маань шатаж байсан. Машины хучлаганд гал авалцаж, шатсан юм шиг байна.
Хоёуланг нь зэрэгцүүлээд байрлуулсан болохоор юу юугүй л зэрэг шатчихлаа. Уг нь гал гарч байгааг хараад би хувингаар ус зөөж цацсан. Гэхдээ ганц хүн тэр их галыг үнэхээр дийлдэггүй юм байна.
Тэгэхээр нь хөршдөө “Гал команд дуудаарай гэж хэлсэн” гэж ярьж байв. Тэрбээр энэ хоёр машинаараа ачаа тээврийн ажил хийдэг бололтой. Гэтэл нэг удаагийн хариуцлагагүй байдал нь ийнхүү олон саяын үнэтэй хөрөнгөөсөө салахад хүргэлээ.
Магадгүй амьжиргаагаа залгуулдаг ганц эх үүсвэр нь ч юм бил үү. Эдгээр тээврийн хэрэгслийг ашиглах ямар ч боломжгүй болсон нь харагдаж байв.
Х.АЗЖАРГАЛ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
C.ЗАЛУУХҮҮ: Монгол гэрт утаа мэдэрдэг дохиолол байрлуулах төслийг Засгийн газраас дэмжээгүй
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа C.Залуухүүтэй ярилцлаа.
-Онцгой байдлын салбарт энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс хэдийг нь гал түймэртэй тэмцэх ажилд зарцуулсан бэ?
-Шадар сайдын багцаас 20 орчим тэрбум төгрөг гаргасны дийлэнхийг аврах, гал унтраах ангиудын техник, хүчин чадлыг сайжруулахад зарцуулсан. 21 аймгийн гал унтраах ангийн автомашинуудыг шинэчилсэн.
Ихэнх нь 1970-аад оны машин учраас эвдэрч, явах боломжгүй болсон байсан. БНСУ-аас аврах, гал унтраах 22 автомашин захиалж авчруулснаа эхнээс нь хуваарилж байна.
Мөн гал унтраахад үүрэгтэй ус тээвэрлэгч 10 машин орон нутгийн ангиудад олгосон. Нийслэлийн аврах, гал унтраах ангиудад 2003 онд Японы Засгийн газар, ард түмний тусламжаар 17 машин олгосон бол 10 жилийн дараа буюу 2013 онд мөн л тус улсын тусламжаар 22 машин оруулж ирсэн.
2003 онд олгосон машинуудад техникийн саатал гэмтэл гараад эхэлсэн. Иймээс гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг нийслэлийн аврах, гал унтраах ангиудад хуваарилж байгаа.
-Хэчнээн аймаг, сум аврах, гал унтраах ангигүй вэ?
-360 сумын 90 хувьд нь аврах, гал унтраах анги байхгүй. Тухайлбал, Сүхбаатар, Дорнодод аймгийн төвөөс бусад газарт нь гал унтраах анги байхгүй. Гэтэл ой, хээрийн түймэрт иргэд амиа алдаж байна.
Тиймээс ой, хээрийн түймэр хүндэрч болзошгүй суманд аврах, гал унтраах анги байгуулахаар Засгийн газарт санал оруулсан нь батлагдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Хөвсгөлийн Тариалан, Завханы Тэс, Увсын Баруунтуруун суманд аврах, гал унтраах анги байгуулахаар болсон.
Мөн байнгын оршин суугчид нь 20 гаруй мянга хүрсэн, объектын гал түймэр хүндрэх эрсдэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ анги байгуулна.
Аврах, гал унтраах шинэ ангийн байр баригдаад эхэлбэл ирэх гуравдугаар сарын 1 буюу хаврын хуурайшилтаас өмнө машин техник хэрэгсэл, бие бүрэлдэхүүнээ бэлэн болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.
-Бусад сумын иргэд яах вэ?
-Гал, түймрийн үед тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг тэдний эрх зөрчигдөж буй хэрэг. Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өнгөрсөн долдугаар сард УИХ-аар батлуулсан.
Тус хуульд аврах, гал унтраах ангигүй сумын иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх тухай тусгасан. Тодруулбал, тухайн сумын Засаг даргын тушаалаар гал унтраах сайн дурын хэсэг ажиллуулна.
Тэднийг сургалтад хамруулан мэргэшүүлж, техник хэрэгслээр хангана. Сайн дурынхан буюу 6-8 хүний бүрэлдэхүүнтэй баг гал гарсан тохиолдолд ажлаасаа түр чөлөөлөгдөн гал унтраах юм.
-Урамшуулал олгох уу?
-Сайн дурын хэсгийн ахлагчид сар бүр, бусад гишүүнд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгох юм. Ахлагч гал унтраах багаж техник, автомашинаа өдөр бүр шалгаж, бүрэн бүтэн, эсэхийг нягтлах үүрэгтэй.
Харин сайн дурын гишүүд нь 14 хоног юм уу, сард нэг удаа гал унтраах, аврах ажиллагааны дадлага хийж, мэргэших юм. Бусад үед өөр өөрсдийн ажлаа хийгээд явах боломжтой.
-Сэрэмжлүүлээд байхад гал түймэр багасахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна?
-Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах талаар хуульчилсан. Тиймээс удахгүй үр дүн гарах байх. Иргэд сэрэмжлүүлэг мэдээллийг өөрийнх нь эрүүл мэнд, амь настай холбоотой гэж хүлээж авахгүй байна.
Объектын гал түймрийн 90 хувь нь хүний хариуцлагагүй байдлаас болж гардаг. Тиймээс Галын аюулгүй байдлын тухай хуульд урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг өөрсдийг нь оролцуулахаар тусгасан.
-Сүүлийн үед гэр шатаж, бага насны хүүхэд амиа алдсан тохиолдол цөөнгүй гарлаа.
Монгол гэр богино хугацаанд шатдаг учраас дотор нь байгаа хүнийг аврах боломж тун бага гэдэг.
-Монгол гэр 5-7 минутад бүрэн шатдаг. Гал даах чадварыг нь нэмнэ гээд модон унь, шал, эсгий туургыг нь өөрчилнө гэж байхгүй. Мөн гэр, орон сууцанд хүүхдээ цоожилж үлдээснээс гал гарахад зугтаж чадахгүй, амиа алдаж байгаа нь харамсалтай.
Тиймээс бид гал гарсан үед утаа мэдэрч, дуугардаг дохиоллын системийг монгол гэрт суулгах төсөл боловсруулсан. Гэр хорооллын иргэд шөнө, оройн цагаар унтаж байхдаа галд өртөж амиа алдах нь их.
Тиймээс дохиолол дуугарахад сэрж, ядаж олноороо амиа алдахгүй болов уу. Гэвч энэ төслийг маань хүмүүсийг бэлэнчлэх байдалд сургана гээд Засгийн газар дэмжээгүй. Уг нь бэлэнчлэх бус урьдчилан сэргийлж буй арга хэлбэр шүү дээ.
Гэрт гарсан галын улмаас олон хүн, тэр тусмаа бага насны хүүхдүүд амиа алдаж байгаад төр засгаас анхаарч, ажиллах хэрэгтэй.
-Манай аврагч, гал сөнөөгчид техник хэрэгсэл, ур чадварын хувьд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу?
-Нэг үеэ бодвол олон улсын түвшинд дөхөж очиж байна. Гал сөнөөгчид сүүлийн үеийн машин, амьсгал хамгаалах баг хэрэглэж байгаа. Гэхдээ манай улсын хувьд объектын түймрийн 90 хувь нь гэр хороололд гарч байна.
Энэ нь аврагчдад хүндрэл учруулдаг. Хотын түгжрэлд бөглөрсөөр очиход гэр, модон байшин шатаад дууссан байх жишээтэй. Гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгтэй л дээ.
Амьжиргааны түвшин муутай айлууд цахилгааны утсаа сольж, үнсний тагтай сав хэрэглэж хүчрэхгүй байгаа нь нууц биш.
Төр засгаас гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаараасай гэж хүсэж байна.
Ч.ТУЯА
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Сүүлийн үед нийслэлд, тэр дундаа гэр хороололд гал гарах нь нэмэгдлээ. Үүнийг яаж багасгах вэ?
Б.ЦЭЦЭГМАА (Сонгинохайрхан дүүргийн иргэн):
-Хүн бүр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хувь хувьдаа нарийн хяналт тавьж чадвал аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий. Гэр орон, албан байгууллагаас хамгийн сүүлд гарч байгаа хүн цахилгааны эх үүсвэрийг унтрааж гарах шаардлагатай.
Гал түймрээс урьдчилан сэргийлэхэд нэг их хүч хөдөлмөр зарах шаардлагагүй шүү дээ. Зүгээр л анхан шатны мэдлэгтэй, аливаа асуудалд нухацтай ханддаг байхад л болно.
Г.БАТБОЛД (Баянзүрх дүүргийн XIII хорооны Засаг дарга):
-Хүн ам, газар нутгийн хувьд нийслэлийн хамгийн том дүүрэг бол Баянзүрх. Гал түймрийн гамшиг сүүлийн үед ихсэх болсон шалтгааны нэг нь энэ гэж бодож байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард НОБГ, “Улаанбаатар цэвэр агаар” төсөлтэй хамтарч “Галын аюулгүй байдлын нөхцөлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга зам” сургалт зохион байгуулсан. Түүнчлэн энэ үеэр үзүүлэх сургалт хийсэн.
Сургалтын үр ашиг эхнээсээ гарч байгаа. Гал түймрээс урьдчилан сэргийлэх гол арга зам бол түүний эсрэг авах арга хэмжээний талаар зохих ёсны мэдлэгтэй байх.
Мөн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсооход шаардлагатай дүрмийг ягштал баримтлах шаардлагатай.
Р.ЦЭГМЭД (“Дэвжих сэнтий” хадгаламж зээлийн хоршооны захирал):
-Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлж байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд оршин суугаа газрынхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг хараа хяналттай орхиж байх хэрэгтэй.
Хүүхдэд анхнаас нь болно, болохгүй гэдгийг ягштал ойлгуулах нь чухал. Ингэж чадвал гал түймэрт өртөж, амиа алдаж буй хүүхдийн тоо цөөрнө.
Түүнчлэн иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг хомс байгаа юм шиг санагддаг. Төрийн байгууллага энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Ү.НАРАНБАТ (Баянзүрх дүүргийн иргэн):
-Сэрэмж алдагдаад байна уу гэж бодогддог. Хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн VII хороонд таван ханатай гэр шатаж, дотор нь байсан 2-16 настай гурван хүүхэд амиа алдсан гэх мэдээлэл гарсан.
Үүнээс үзэхэд иргэд маш хайхрамжгүй байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхин явж болохгүй.
Гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй, аливаа нэг асуудалд нухацтай хандвал энэ мэт асуудал тулгарахгүй.
А.ТҮМЭННОМИН
ЗӨВЛӨГӨӨ
Б.СЭДЭДСҮРЭН: Цахилгаанаас үүдэлтэй гал дээр ус цацаж болохгүй
НОБГ-ын Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сэдэдсүрэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөөг өгч байна.
-Гал түймэр гарахад хүн хамгийн түрүүнд яах ёстой вэ?
-Тухайн объектыг орхиж гарах нь чухал. Эхний нэг минутад гал унтраах оролдлого хийж болно. Тухайлбал, ахуйн хүрээний гал дээр ус цацаж унтраах арга хэмжээ авч болохоос цахилгаанаас үүдэлтэй гал дээр ус цацаж болохгүй.
Автомашин шатаж байгаа тохиолдолд копудыг яаж битүү хучих вэ зэрэг гал унтраах наад захын ойлголттой байх хэрэгтэй.
Хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан хүнийг аврах гэж хүмүүс гадуур хувцсаараа дэвээд галыг улам дэврээж байсан. Тэр хүнийг битүү хучих хэрэгтэй байв. Галын хор авчирч унтраасан нь хамгийн зөв.
Айл гэр, албан байгууллага бүр галын хортой байх хэрэгтэй. Гал гарч буй дуудлагыг Гал унтраах албаны 101, онцгой байдлын 105 утасны алинд нь ч хандан өгч болно.
Хаанахын, ямар дуудлагаас шалтгаалж аль анги гаргахаа ерөнхий жижүүр шийддэг юм.
-Гал түймрээс сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал. Цахилгааны монтажаа мэргэжлийн хүнээр хийлгэх хэрэгтэй. Гэтэл дотор, гадна монтажаа ч мэдэхгүй хүнээр цахилгаанаа залгуулах нь бий.
Мөн гэмтэлтэй пийшин, зуух (ширэм нь хагарсан, тоосго нь нурсан гэх зэрэг) ашигладаг, халуун үнсээ үүднийхээ амбаар, гэрийнхээ хаяанд тавьснаас энэ нь шөнөжингөө цоонолт өгч үүрээр гал гардаг.
Түүнчлэн цоожтой гэрт үлдсэн хүүхэд гарч чадахгүй галд өртөж, амиа алдах нь багасахгүй байна. Тиймээс хүүхдээ цоожлохгүй, харгалзах хүнгүй үлдээхгүй байх хэрэгтэй. Гал гарахад хүүхэд ор, ширээ, хөшиг, шкафны ард нуугддаг.
Өөрийнх нь нүдэнд гал харагдахгүй бол хүүхдүүд аюулгүй газар байна гэж андуурдаг. Мөн иргэдийн залхуу байдлаас болж гал гарах нь цөөнгүй.
Шөнө 03.00 цагт босож, пийшиндээ нүүрс хийхээс залхуурч нэг дор их хэмжээгээр галласнаас зуух цоонож, гал гарах нь бий.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
“Гал түймрийн дийлэнх нь ил задгай асаасан гал, асгасан
үнс нурмаас үүдэлтэй”
Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн мэргэжилтэн Д.Бадамсүрэнгээс гал түймэр ихсэж буй шалтгаан, нөхцөлийг тодрууллаа.
-Улсын хэмжээнд бүртгэгдсэн объектын гал түймрээс хэд нь нийслэлд гарсан юм бол?
-Улаанбаатар хотод нийт 3249 удаа гал түймэр гарч, 4.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс үзэхэд, нийслэлд гарсан гал түймрийн тоо, хохирол нь улсын хэмжээнд гарсан нийт гал түймрийн 71.2 хувь, хохирлын 40.9 хувийг эзэлж байгаа юм.
-Өнгөрсөн онтой харьцуулахад тоо, хохирол нь буурав уу, нэмэгдэв үү?
-Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо найман хувиар, учирсан хохирлын хэмжээ 1.2 хувиар өссөн.
Гэхдээ албаны хүмүүс тогтмол хяналт, шалгалт хийж байгаа. Түүнчлэн илэрсэн зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж байна.
-Объектод гал түймэр гарах түгээмэл шалтгаан юу байдаг вэ?
-Энэ онд гарсан галын 2313 нь ил задгай асаасан гал, асгасан үнс, нурмаас үүдэлтэй байна. Тодруулбал, гарсан гал түймрийн 50.7 хувь нь үүнээс шалтгаалсан байгаа юм.
Тэгэхээр хүний хайхрамжгүй үйлдлээс хамааралтай гэж болно. Мөн цахилгаан ашиглалтын буруугаас болж гал гарах нь бий.
Цахилгаан буруу ашигласнаас болж 553 гал түймэр гарсан гэсэн судалгаа бий.
Г.ЦЭЦЭГ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Технологийн дэвшлээр ГАЛ УНТРААНА
Сүүлийн жилүүдэд дэлхийд гал унтраах арга технологи улам нарийсч, шинжлэх ухаан, нанотехнологийн ололтуудыг ашиглаж эхэлжээ.
Энэ төрлийн судалгааг мэргэжлийн лаборатори, хүрээлэнгүүдээс гадна оюутан залуус, эрдмийн зэрэг горилогчид бие даан хийх болсон юм.
- Индонезийн Суматра аралд гарсан их хэмжээний галыг Японы гал унтраагчид нисдэг тэрэгнээс нэг төрлийн шинэ бодис асгаж богино хугацаанд унтрааж байв. Уг бодисыг Японы нэгэн жижиг компани технологийн сүүлийн үеийн ололтыг ашиглан гарган авсан бөгөөд энэ нь гарт багтахуйц жижиг савтай, шингэн гель юм. Японы гал унтраагчид Суматра арлын галыг унтраахдаа уг савтай гелийг устай хольж ашиглажээ.
- АНУ-ын Жорж Мэсоны их сургуулийн оюутан залуу дууны долгионы тусламжтайгаар гал унтраах төхөөрөмж зохион бүтээжээ. Тоос сорогчийг санагдуулам хүнгэнэсэн дуутай энэ төхөөрөмжөөр гудамжинд зориуд асаасан галыг унтрааж харуулж байгаа нь.
- Австраличууд галын дохиоллын системийг боловсронгуй болгож буйгаараа дэлхийд тэргүүлэх болжээ. Хамгийн сүүлд Австралид өчүүхэн бага дулааныг мэдрэх төдийд дуут дохиолол ажилладаг кабель утсыг бүтээсэн гэнэ. Дээд зэрэглэлийн мэдрэгч гангаар хийгдсэн энэ кабель нь дулааныг маш бага түвшинд мэдэрдэг аж.
- Оросуудын гал унтраах технологи дэлхийд үеэ өнгөрөөж, хоцрогдсон гэж хэлж болно. Тэд Суматра арлын галыг унтраахад оролцсон бөгөөд онгоцноос их хэмжээний даралттай ус цацах уламжлалт аргыг хэрэглэж байгаа нь.
Б.ТҮВШИНБАЯР
ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ГАЛ ТҮЙМЭРТЭЙ
ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ
- АНУ-д гал түймэртэй тэмцэх тасгийнхан гал гарсан газарт 10 минутын дотор ирэх ёстой. Мөн аврагчид тухайн барилга руу 17 минутын дотор амжиж нэвтрэх ёстой гэсэн дүрэм баримталдаг.
- Их Британид гал түймэр тухайн объектын 5-10 хувийг хамарч байвал аюултай түвшинд хүрсэн гэж үздэг.
- Европын холбооны улсуудад галын эзэлж буй талбай, юунаас болж гарсан зэргээс шалтгаалан A, B, C, D, F зэрэг түвшинд ангилдаг.
- Хятадад галын дохиоллын системийг олон төрлөөр үйлдвэрлэж байгаагаас хамгийн үнэтэй нь найман мянган ам. долларын үнэтэй.
- АНУ, Их Британи, Франц улсуудад галд өртөж түлэгдсэн өвчтөнүүдэд сэтгэл заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг.
- Канад, АНУ-ын дунд сургуульд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх болон өөрийгөө хамгаалах хичээл заадаг.
ТҮҮХЭН ТОВЧООН