Уул уурхайн төслүүдэд эхний шатнаас нь эцсийн бүтээгдэхүүн гаргах бүхий л үед зөвлөх, техник, эдийн засгийн үнэлгээ хийх, төслийн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж буй QMC группийн ерөнхий захирал, судлаач М.Дагватай ярилцлаа.
Тэрбээр мөн 2006 оноос ШУТИС-ийн Уул уурхайн төсөл, судалгааны төвийн дэд захирлаар ажиллаж буй.
-Өнгөрсөн есдүгээр сард болсон “Discover Mongolia” чуулга уулзалтын үеэр Та “Монголын уул уурхайн салбар дахь бизнесийн эрх чөлөө ба мөчлөгийн нөлөө” илтгэл тавьсан.
Энэ салбар дахь манай улсын бизнесийн эрх чөлөө аль түвшинд байна вэ?
-Монголд 2000 оноос хойш экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд чиглэсэн уул уурхайн төслүүд илүүтэй хэрэгжсэн. Том зах зээлд өрсөлдөхийн тулд өрсөлдөх чадвар сайтай байх ёстой.
Өрсөлдөж чадахгүй бол хөгжихгүй. Өрсөлдөх чадварыг бий болгодог олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь засаглал.
Тусгай зөвшөөрөл олгох үйл явц, тогтвортой үйл ажиллагаа явуулахад үзүүлж буй бодлогын дэмжлэг зэрэг засаглалын зүгээс нөлөөлөгч факторууд Монгол Улсад ямар байдалтай байгаа талаар “Discover Mongolia” чуулга уулзалтын үеэр оролцогчид тал талаас нь ярьсан.
Уул уурхай бол Монголын эдийн засгийг бүрдүүлж буй гол салбар гэдгийг бүгд ярьдаг. Энэ салбар хүмүүсийн анхаарлын төвд байдаг учраас хүмүүс янз бүрийн өнцгөөс асуудлыг харчихаад, аль нэг зүйл нь болохгүй байгаа юм шиг санагдвал хууль санаачлаад зохицуулах гэж оролддог. Ихэнхдээ ямар ч судалгаагүйгээр шүү.
Тэр нь уул уурхайн салбарыг, цаашилбал Монголын эдийн засгийг эрсдэлд оруулчихаад байгааг миний зүгээс уг илтгэлээр хөндсөн юм.
-Энэ эрсдэлийг арилгахын тулд юу хийх нь зүйтэй вэ?
-Cалбарын бодлогын чиглэлээр гүнзгийрсэн судалгаа хийдэг, тогтмол ажилладаг институт байхгүйгээс Монголд хууль тогтоох буруу практик тогтоод байна. Хэн нэгэнд ямар нэг санаа төрөөд “нэг юм” биччихэж байгаа юм.
Үгүй бол төрөл бүрийн ажил, мэргэжлийн хүмүүсийг цуглуулсан ажлын хэсэг байгуулдаг. Өмнөх ажлаа бодож явсан хүмүүс ажлын хэсгийн дарга нь дуудахаар гэнэт гүйж очоод санаанд орсноо ярьж, хоёр, гурав хэлэлцсэн болоод л том, чухал салбарын хуулийн төслийг боловсруулчих жишээтэй.
Энэ буруу жишгийг арилгаж, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, ядахдаа л дордуулахгүй байхын тулд бодлогын судалгааны хүрээлэнтэй байх нь зүйтэй юм гээд байгаа хэрэг.
Нэлээд ярилцаж байж 2014 онд УИХ-аар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсан. Түүнд зааснаар бодлогын зөвлөл ажиллах ёстой. Харамсалтай нь өнөөдөр уг зөвлөл институт маягаар ажиллаж чадахгүй байна.
Уул уурхайн сайдын дэргэд байгуулсан 30-аад хүнтэй зөвлөл нь хөгжлийн бодлогын түвшний зүйлээ хөндөж чадахгүй, дор бүрийн эрх ашгаа ярьж зөрөлдөөд явахгүй байгаа. Энэ бол сүүлийн үеийн жишээ.
Үүнээс өмнөх жишээ гэвэл ашигт малтмалын татваруудыг байнга “хөдөлгөдөг”, эсвэл Стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гэх мэт цочмог зохицуулалтуудыг гэнэт бий болгодог бөгөөд тэр нь эргээд салбарын хөгжилд саад болдог. Бодлогын том судалгаагүйгээр шийдвэр гаргадаг.
Тухайн үеийнхээ нөхцөлд тааруулж, тэр бүрт зохицуулалт хийгээд л байвал алсыг харахгүй, дөнгөж өмнөх замаа хараад машин жолоодож байгаагаас өөрцгүй.
Ойрын гэрлээ асаачихаад, эсвэл гар чийдэн барьчихаад хурдтай машин жолоодвол ямар байх вэ түүн шиг л нөхцөл байдал нүүрлэчихээд байна даа.
Уг нь манайд Уул уурхайн хүрээлэн гээд 1960-аад оноос суурь нь тавигдсан байгууллага бий. 1990-ээд оноос хойш тэр байгууллагыг ерөнхийдөө зөнд нь хаячихсан юм билээ.
Одоо компаниудад зориулсан судалгаа хийх төдийгөөс үйл ажиллагаа нь хэтрэхгүй л байгаа ажиглагддаг. Энэ хүрээлэнд хөрөнгө оруулалт хийж, үүрэг функцийг нь нэмэгдүүлж, бодлогын судалгааны хүрээлэн болгох, эсвэл шинээр байгуулах шаардлага байна гэж боддог.
Мэдээж хүрээлэнтэй болоод асуудал шууд шийдэгдчихгүй. Бодлогын шийдвэр гаргадаг өндөр түвшний соёл хэрэгтэй байгаа. Аливаа шийдвэр гаргахын өмнө судалгааны захиалга өгдөг, ийм шийдвэр гаргавал уул уурхайн салбарт, нийгэмд яаж нөлөөлөх юм гэдгийг судлуулдаг байх ёстой.
Хүрээлэн нь өөрөө салбарын суурь мэдээллүүдийг байнга цуглуулж, анализ хийдэг байхгүй бол болохгүй. Өнөөдөр Монголд уул уурхайн салбарын хурлын үеэр хүмүүс АНУ-ын ч юм уу, Австралийн жишээ гэж гадаадын статистик ярьдаг. Тэр тоо, индексүүд нь Монголд байдаггүй. Ийм байдлаар бид хэр хол явах билээ дээ.
-Уул уурхайн салбар хөгжсөн орнуудыг харахад хоёр дүр зураг харагдаж байх шиг. Нэг хэсэг нь баялгийн хараал хүрч байхад нөгөө хэсэг нь хөгжиж чадсан байдаг. Манай улс хаахна явж байгаа бол?
-Экспортынх нь 20 хувийг түүхий эд бүрдүүлдэг, төсвийн орлогынх нь 20-иос дээш хувь нь түүхий эдэд ногддог улсыг эрдэс баялагт суурилсан эдийн засагтай улс гэдэг юм байна.
Эндээс үзвэл манайх уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай улс болж таарах нь ээ гэж би мөн л гадаадын орны судалгаанд тулгуурлаад ярьсан юм. Баялгийн хараал гэж байдаг юм байна, тэр хараалаас зайлсхийе гэж ярьсаар байгаад л тэр нүхэндээ очоод уначихаж байгаад л бидний эмгэнэл байна.
Яг ижил гараанаас гарсан, ижил ухамсар, соёл, ижил сэтгэхүйтэй монголчууд хөгжлийн зорилгоо умартсан мэт нэг хэсэг нь гаднаас нь уул уурхайг улайран эсэргүүцэж, нөгөө хэсэг нь уул уурхайг хамгаалж талцан үзэж байгаад л унаж байна даа.
Ухаалгаар харвал шүүмжилж байгаа, хамгаалж буй аль ч талд “но” байгаа. Олон улсын ямар ч сайн туршлагыг “монголчилж нутагшуулаад” байгаагаас болоод баялгийн хараал хүрчих гээд байдаг.
-Жишээлбэл, юуг “монголчилсон” гэж хэлж байна вэ?
-“Алт хөтөлбөр” бол Монгол хүн монгол арга барилаар хийсэн хөтөлбөр. Улсаараа турж үхлээ, бусад ашигт малтмалыг боловсруулах хөрөнгө оруулалт, чадавх алга, арай хялбараар нь алтаа эргэлтэд оруулъя гэж 1990-ээд онд ярилцаж байгаад боловсруулж, монгол хүмүүс голлон хэрэгжүүлсэн хөтөлбөр.
Хөтөлбөрийн цоорхой бүр дээр монгол хүмүүс монгол ухаанаар тоглосон байдаг.
Уул уурхайн салбар өндөр хөгжсөн орнуудад компаниудад үүнээс дээш бай гээд хамгийн бага стандартыг нь төрөөс тогтоож зохицуулдаг бөгөөд компаниуд нь уг шалгуураас хавьгүй дээр орших сайн туршлага уруу тэмүүлж өрсөлддөг.
Эсрэгээрээ манайд “Энэ хамгийн доод шугам шүү” гээд тогтоогоод өгчихсөн байхад монголчууд уг шугамын доогуур шургах арга замыг хайж явсаар үр дүнд нь уул уурхайн салбарын нэр хүнд өнөөдөр шалан дээр “хэвтэж” байна.
Олон нийт уул уурхайд итгэхгүй байхад олон нийтийн саналаар сонгогдож гарч ирдэг улстөрчид уул уурхайг дэмжихэд хэцүү. Уг нь нийгмийн лиценз гэж хэллэг бий. Уул уурхайн салбар олон нийтэд нэр хүндтэй байсан бол улстөрчид сонгогчдод таалагдахын тулд уул уурхайг дэмжсэн шийдвэр гаргах ёстой.
Өнөөдөр уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.
-Тодруулбал?
-Нэг нь дээр дурдсан бодлогын институт. Захын хүн ирээд тоглох, популизм хийх гэвэл тодорхой тоо баримт, статистикаар няцааж хамгаалдаг байхын тулд институц байх нь зөв.
Хоёрдугаарт, уул уурхайн салбарт ажилладаг хүмүүсийн чадавхыг сайжруулж, олон улсын хэмжээнд хүргэх. Манайд үнэхээр чадвартай, дэлхийн зиндааны цалин авч байгаа мэргэжилтнүүд, менежерүүд бий болсоор байна.
Харамсалтай нь энэ салбарт ажиллаж буй олонх ажилчин 2-5 сая төгрөгийн цалин авах хэмжээний л чадвартай, бүтээмжтэй байгаа нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Гуравдугаарт, Монголд уул уурхай хөгжүүлэх гэхээр бүх “юм” өндөр зардалтай болчихоод байгаа.
Манайд уул уурхайг дэмжсэн дэд бүтэц хангалтгүй байгаагаас хэрэггүй зүйл дээр маш их зардал гаргадаг. Уул уурхайн тоног төхөөрөмжүүдэд засвар, үйлчилгээ хийхэд өндөр зардал гарна.
Монголд үнэтэй “Porsche” машин хоёр, гуравхан байдаг бол засварын төв байхгүй. Хэрэв гай болж тэр машины нэг эд анги эвдэрчихвэл хэчнээн жижиг байлаа ч Америкаас, Германаас авчрах болохоор үнэтэй тусна.
Тэгвэл өрсөлдөгч улс маш өндөр үнэтэй уулын тоног төхөөрөмжүүдийг манайд гудамжаар хөлхөлдөж байгаа “Toyota Prius”-үүд шиг олноор нь хэрэглэдэг бол засварын газрууд нь өртгөө хямдруулах, сэлбэг нөөцлөх боломж бүрдэнэ биз дээ. Одоо л манайд ижил тоног төхөөрөмж сонгох тухай ярьж эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, энэ салбарт болохгүй байгаа нарийн ширийн зүйл рүү одооноос л орж байгаа гэхэд болно. Дэлхийн зах зээл дэх үнэ буурчихаар яах ч аргагүй бүх өрсөлдөх чадварт нөлөөлж буй асуудлуудаа нэг бүрчлэн шийдэх шаардлагатай болж байна.
Монгол хүн хамгийн түрүүнд төр засаг дэмжихгүй байна гэж хашгирдаг. Засаглал, татвартай холбоотой олон асуудал бий. Гэхдээ тэдгээр нь уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлын ердөө аравны нэг нь.
-Уул уурхайн салбарт ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд өндөр цалин авдаг гэсэн шүүмжлэл бий.
Манай улс боловсон хүчнээ дэлхийн жишигт хүргэхийн тулд гадаадын орнуудад сургах нь зөв юм уу, эсвэл сургалтын хөтөлбөрөө шинэчлэх шаардлагатай юм уу?
-Уул уурхайн салбарт ажиллагсдыг пирамид бүтэц дээр авч үзвэл суурь хавиар байх оператор, ажилчид, тактик түвшинд ажиллах менежерүүд, инженерүүдийг боломжийн хэмжээнд бэлтгэдэг болж байна.
Стратегийн түвшинд уурхайг удирдах инженер, компанийн менежерүүдийг бэлтгэх түвшинд асуудал бий. Насан туршийн боловсрол орхигдож байна.
“Энержи ресурс”, “Оюутолгой”-н инженерүүдэд Канадын насан туршийн боловсролын хөтөлбөрийн зарим сургалтыг оруулж туршихад инженерүүдэд маш их хэрэгтэй болох нь харагдаж байсан. Үүнийг цаашид Монголд нэвтрүүлэхээр зорьж байгаа.
Цалингийн тухайд Монголын уул уурхайн салбарын цалин өнгөрсөн 10 жилийн дотор бараг 10 дахин өссөн. Цаашид ч бүтээмж нэмэгдэхийн хэрээр олон улсын түвшинд дөхнө.
-Тавааруудын үнийн супер циклийн үе дууссаны дараа эрсдэл тулгарахад бэлдээгүй байсны гор өнөөдөр гарч байгаа гэж дүгнэж болох уу?
-Супер цикл байдгийг мэдээгүй биш мэдэж байсан. Гэхдээ хүн олон таамгаас хүссэнээ сонсож, хүссэндээ итгэчихдэг юм шиг. “Хятад улс хотжоод, хүн амын хэт ядуу хэсэг нь дундаж давхарга руугаа орно.
Дор хаяж 200 сая хүн дундаж давхаргад шилжинэ. Төдий тооны хүн орон сууцанд орно гэвэл зэсийн эрэлт өснө” гэх мэтчлэн ярьцгаадаг байлаа. Хятадын иргэд хэзээ дундаж давхаргад шилжиж гүйцэх юм гээд харахаар 2025-2026 оноос наашгүй гэцгээсэн.
Тэгэхээр супер цикл 2030 он хүрч байж л буцаж унах юм байна гэдэг ч юм уу, өөрийнхөө хүссэндээ итгэчихдэг. Өнөөх судалгаа хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна.
-Манай улсын хөгжилд уул уурхайн салбар чухал нөлөөтэй. Үүний зэрэгцээ эдийн засгаа “солонгоруулж” хөгжүүлэх ёстой гэвэл таны бодлоор аль салбар вэ?
-Эдийн засгаа “солонгоруулна” гэхээр нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи гэж ярьдаг. Магадгүй 20, 30 жилийн дараа ийм боломж бүрдэх байх. Хөндлөнгийн олон улсын байгууллагуудын Монголд өгч буй зөвлөгөөгөөр бол уул уурхайд үйлчилгээ үзүүлдэг салбаруудаа эхэлж “солонгоруул” гэсэн байсан.
Оюутолгойд дөрвөн тэрбум ам.доллар оруулахад Монголд татвараар өгснөөс өөр шингэсэн “юм” алга гэж зарим хүн шүүмжилдэг. Ханган нийлүүлэлтийн салбараа сайн хөгжүүлсэн бол тэр дөрвөн тэрбум ам.доллараас нэлээдгүй нь манайд шингэж болох байсныг ерөөсөө харахгүй байгаа.
Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхэд монголчуудын нэлээд нь нанотехнологи, биотехнологио түр хойш тавиад уул уурхайд ханган нийлүүлдэг, үйлчилгээ үзүүлдэг бизнесүүдийг жинхэнэ утгаар нь хийх шаардлага байна.
“Эрдэнэт” “Оюутолгой” “Цагаансуварга” зэрэг жилдээ тэрбум долларын худалдан авалт хийх үйлдвэр, компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээ ханган нийлүүлдэг бизнесүүдийг сайн хөгжүүлэх нь ойрын 10 жилийн гол бизнес зорилт болж байна.
Нэг сайн зүйл нь цементээ гадаадаас импортлохгүй, дотоодоос нийлүүлэхээр болчихлоо, төмрийг бас гайгүй хангаж байна.
-Уг нь баялгаа зөв ашиглаж чадвал Монголд хөгжих боломж бий гэж Та бодож байна уу?
-Манай уул уурхай хоёр, гуравхан л давуу талтай. Нэгдүгээрт, өмнө нь их хэмжээгээр ашиглаж байгаагүй учраас олборлоход хялбар нөхцөлтэй ордууд байна. Хоёрдугаарт, дэд бүтцээ шийдчихвэл том зах зээл ойрхон бий.
Гэхдээ том туйлшрал байдаг. Оюутолгой, Тавантолгойг л ашиглачихвал өөр юм хийх хэрэггүй, энэ хоёр төслөөс орж ирэх мөнгө хангалттай гэж ярьдаг. “Монголд ганц зүрх нь л байж байг. Судас нь хэрэггүй” гэж байгаатай ялгаагүй сонсогддог.
Хоёрхон уурхай байвал Монголд уул уурхайн салбар гэж байх хэрэггүй болохоос гадна хоёрхон уурхай хэзээ ч өөрийн өрсөлдөх чадвараа хадгалж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Орон нутгийн иргэдтэй ойлголцох нь компаниудад ихээхэн хүндрэлтэй байдаг юм шиг ээ?
-Нэгдүгээрт, орон нутгийн иргэд бодитой мэдээлэлгүй байдаг. Компаниудын орон нутагтай харьцах талын чадавх сул байгаа. Үүнээс болоод зөрчил үүссэн, орон нутагт эрх мэдэл өгсөн төр засгийн бодлогыг буруушаасан дуу хоолой өнөөдөр хүчтэй байна.
Тав, 50, 100 жил ажиллах гэж байгаа компани орон нутагтай мөн тийм хугацааны стратеги барьж ажиллах ёстой болохоос зөрчлийг Улаанбаатараас мундагдуулах байдлаар шийдвэрлэнэ гэвэл тэр нь урт настай байхгүй л болов уу.
Өнөөдрийн та бидний яриа уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт нөлөөлж буй олон асуудлын дөнгөж зах зухаас л хөндлөө. Цаашид тус бүрийг нь дэлгэрүүлж, нарийвчилж ярих боломж гарна биз.
Уул уурхайгаас орж ирж буй маш их мөнгөнөөс ядаж нэг хувийг нь ч болтугай тус салбарыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой. Хэрэв энэ салбар биднийг тэжээж байгаа нь үнэн л юм бол, тийм биз дээ.
Ц.БОЛОРМАА