Д.БОЛД-ЭРДЭНЭ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор
Монголын ардчиллыг таньж ухаарах нь түүний нийтлэг үнэт зүйлсийг тууштай хэрэгжүүлэх суурь нөхцөл болдог.
Ардчиллын талаарх сүүлийн жилүүдийн томоохон төсөл судалгааны үр дүнгээс үзвэл манай хүн амын дийлэнх хэсэг нь ардчиллыг ерөнхий идеал агуулгаар нь хүлээн зөвшөөрч буй ч тодорхой ойлголт бүрэлдэж чадаагүй байна.
Өнөөдөр бид ардчиллыг ам булаалдан сайрхан магтах, эсвэл сэтгэлийн хөөрлөөр муучлан гутаах туйлшралаас хэтрэхгүй байна.
Уламжлалт нийгмийн энерц сэтгэлгээ хүчтэй, ардчиллын үндэсний гэхээр түүхэн туршлага, уламжлал байхгүй манайх шиг орны хувьд ардчиллыг зөв ойлгон ухаарч, төлөвшүүлэх нь үнэхээр амаргүй ажил юм.
МОНГОЛ ТӨРХТ АРДЧИЛАЛ ХЭМЭЭХИЙН ТУХАЙД
Ардчиллыг олон янзаар авч үзэж, тодорхойлдог. Улс төр судлаачдын тогтоосноор ардчиллын талаарх 550 гаруй тодорхойлолт байдаг аж.
Ардчиллын тухай онолын замбараагүй олон үзэл төсөөллийн зэрэгцээ амьдралд туршигдсан, туршигдаж амжаагүй олон төрлийн загвар байдаг.
Хэдийгээр ардчиллын олон онол, загвар байж болох ч эцсийн дүндээ тодорхой улс орны онцлогт таарч тохирсон тэр л хэлбэрээрээ энэ нь хамгийн зөв зохистой байдаг. Чухам эндээс монгол төрхт ардчиллын тухай сэдэв гарч ирж буй юм.
Хүн төрөлхтөн түүхэндээ улс төрийг хөтлөх хоёр үндсэн арга замыг туршсан байдаг. Эхнийх нь төвд тэмүүлэх авторитар, нөгөө нь төвөөс зугтах ардчилсан удирдлагын хэлбэр юм.
Ингэхлээр ардчиллыг төр улсын удирдлагын хэлбэр гэж товчхон томьёолж болно. Тэгэхлээр монгол төрхт ардчилал гэдэг нь Монголын улс төрийн ажил хэргийг хөтлөн удирдах арга ухааны байж болох нэгэн хувилбар, загвар нь юм.
Монгол төрхт ардчилал гэхээр ардчиллыг тодорхой улс орны түвшинд өмчлөн явцуурах, ардчиллын нийтлэг зүйлээс татгалзлаа гэх маргаан гарч болох юм.
Гэвч энэ нь ардчиллын нийтлэг зүйлээс дөлж явцуурах, үгүйсгэх, өмчлөх гэсэн хэрэг ерөөс биш.
Монгол төрхт ардчилал гэдэг бол монгол оршихуй, амьдрал, уламжлал, хүн зоны сэтгэх арга, хэв шинж, менталитетээс урган гарсан, түүндээ яв цав тохирч нийцсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсийн үндэсний гэж үзэж болох тэр л хэлбэр юм.
Монголын ардчиллын туулж өнгөрөөсөн замналыг шинжин үзвээс монгол төрхт ардчилал хэмээх нь жинхэнэ агуулгаараа хэрэгжиж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Ардчилалд хэлбэрээс гадна агуулга, чанар гэж байдаг.
Монголын ардчилал өнөөдөр жинхэнэ агуулга, чанарынхаа түвшинд хараахан хүрч чадаагүй байна. Нэг ёсондоо монгол төрхт ардчилал жинхэнэ агуулгаараа бүрдэж чадаагүй байгаа хэрэг.
АРДЧИЛЛЫН АЛДАА ЭНДЭГДЛИЙН УЧИР ШАЛТГААН
Сүүлийн үед ардчилсан өөрчлөлт зогсонги байдалд орж, улс орон хямрал, сүйрлийн ангалд тулж ирсэн мэтээр ярих боллоо. Ийм өөдрөг бус яриа юуны учир гарах болов, цаад шалтгаан, учир зүй нь чухам юунд оршиж байна вэ.
Үүнтэй холбогдуулан харилцан хамаарал бүхий гурван зүйл учир шалтгааныг тодруулан үзэж болох байна.
Монголд төр улсыг хөтлөн удирдах улс төрийн үзэл санаа, түүнээс үүдэлтэй жинхэнэ ажил хэрэгч цогц бодлого-зохицуулалт үнэхээр үгүйлэгдэж байна.
Өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замналаа эргэн харвал манайд монгол амьдралын хөрс, хүн ардын сэтгэлгээ уламжлалаас нэлээд ялгаатай барууны либерал ардчилал, түүнд суурилсан халамжийн социал-демократ үзэл санаанаас өөр зүйл хэрэгжсэнгүй.
Бид барууны орнуудын нийгэм, сэтгэлгээний онцлогт идээшин зохицсон ардчиллын сонгодог үзэл санааг бараг цэврээр нь хуулбарлан хэрэгжүүлжээ. Ингэхдээ улс орныхоо онцлог, үндэсний үзэл сэтгэлгээг хайхарч үзсэнгүй.
Монгол орон тэгтлээ хямарч дампуурчихаад байгаа юм уу? Үгүй, бид бодлого, сэтгэлгээний гүн гүнзгий хямралд орчихоод байна. Нэг ёсондоо бид юу хийснээ, юу хийж байгаагаа, юу хийх ёстойгоо бүрэн ухаарч, таниагүй байгаа хэрэг.
Үнэндээ бид өнгөрсөн хугацаанд “тамын тогооны үлгэр” лугаа өөр хоорондоо толхилцож байснаас бус, улс орныхоо язгуур ашиг сонирхлын хүрээнд хамтарч суугаад, харилцан зөвшилцөөд улс орноо өөд татах дорвитой, даацтай бодлого, зохицуулалтын ямар нэг алхам хийж чадсангүй.
Ардчилсан өөрчлөлтийн явцад гарсан алдаа завхарлын хамаг бурууг ардчиллын зүй ёсны институт болох улс төрийн намд тохох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ алдаа завхрал институтэд биш түүнийг бүрдүүлэн хөтлөгч хүн, хүмүүст байгаа юм.
Манай өнөөгийн улс төрийн орчныг ажваас улстөрчид нэгнээсээ өрсөж оноо авах, бие биеэ татаж унагах гэсэн хоосон улстөржилт, намчирхлаас үүдсэн утга учиргүй өрсөлдөөний талбар болчихоод байна.
Төр, улсын ажил хэргийг эрх мэдлийн увайгүй өрсөлдөөн, өнгө мөнгөний талбар болгож хувиргасан улстөрчид үүнд буруутай.
Манай хүн ардын сонгох хариуцлага, тэдний улс төрийн мэдлэг боловсролын түвшин өнөөгийн алдаа завхарлын нэг шалтгаан нөхцөл болсон нь үнэн. Хүн ард ямар байна, төр улс тийм байна гэдэг нь санаандгүй хэлц үг биш байх.
Өнгөрсөн хугацаанд манай хүн ард, сонгогчдын улс төрийн боловсрол мэдлэг, хариуцлага дорвитой ахисангүй. Тэд хэзээний л улстөрчдын хуурамч манипуляц, төөрөгдөл, популизмд автагдсан хэвээр байна.
Сонгогчийн хариуцлага дээшлэхгүй болохоор Монголын улс төр бохирдох нь гарцаагүй. Нэгэнт сонгогчид итгээд, сонгосон бол тэднийг сонсож дагахаас аргагүй, буруутгаж гомдоллох үндэсгүй болчихож байгаа юм.
АРДЧИЛАЛД ЮУ ДУТАГДАЖ БАЙНА
Ардчилсан өөрчлөлтийн үйл явц нь ашиг сонирхол, эрх мэдэл, ажил хэрэг гэсэн харилцан хамааралт бүрдэл бүхий үйл явц.
Гэхдээ тэдгээрээс “ажил хэрэг” гэсэн бүрдэл нь ардчиллын хамгийн чухал нь бөгөөд өмнөх хоёроо өөртөө багтаадаг.
Эртний Грекийн сонгодог сэтгэгч Аристотель улс төрийг “...төр улсын ажил хэрэг” гэж томьёолсон.
Гэтэл бид ардчиллын амин сүнс болсон ажил хэргийн чанарыг бүрэн огоорч, ашиг сонирхол, эрх мэдлийн талыг нь онцолж, тэдгээрийг бүхнээс дээгүүрт тавьж иржээ.
Тиймдээ ч ардчилал, улс төрийг улстөрчдийн явцуу ашиг сонирхолд суурилсан бүлэглэлүүдийн эрх мэдлийг хэрэгжүүлэх өрсөлдөөнт үйл явц гэж өрөөсгөлөөр ойлгоод, түүндээ бүрэн хөтлөгдөж иржээ.
Үүний уршгаар ардчиллын чухал бүрдлүүдийн зохицол алдагдаж, түүнийг эрх мэдлийн төлөөх учир замбараагүй, увайгүй өрсөлдөөн болгож хувиргасан байдаг.
Ардчиллын ажил хэрэг гэдэг бол улстөрчийн хувийн ашиг сонирхлыг улс орныхтой зохистой авцалдуулан шүтэлцүүлж, аль алиныг нь хохироохгүйгээр төр улсыг хөтлөн удирдах ажил хэргийн үйл явц юм.
Тэгэхдээ төр улсын ажил хэргийн эцсийн үр дүн, хэмжүүр нь улс орон хожиж, хүн ард элбэг хангалуун амьдрах, амьдралын түвшний өсөлтийн хэмжээ юм. Энэ л ажил хэрэг дутагдаж, үгүйлэгдсээр буй.
Ардчилал бол бусдыг даган дууриах бус, харин бусдаас суралцах, үнэт зүйлсийг нь өөрийнхтэйгээ зохистой шүтэлцүүлэн хэрэглэх ажил хэрэг мөн.
Ардчиллыг бид эхэндээ хэмжээ хязгааргүй эрх чөлөө, дур зоргын үйл хэрэг гэж ойлгож хүлээж авснаас бус, хэм хэмжээ, сахилга хариуцлага гэж ойлгоогүй юм.
Бид ер нь ардчилсан өөрчлөлтийн гараан дээр будилж алдсан байдаг. Ухаандаа ардчилал, зах зээлд шилжих явцад гарцаагүй хэрэгжих өмч хувьчлал, хүний эрх, улс төрийн эрх чөлөөний зарчмыг төрийн зохистой хяналт зохицуулалтын хүрээнд бэлтгэлтэй, үе шаттай хэрэгжүүлж болох байлаа.
Ардчиллын олон зуун жилээр шалгагдсан нийтлэг үнэт чанар бидэнд хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй.
Тэгэхдээ түүнийг Монголын нийгэм, улс төрийн орчин, монгол ухаан сэтгэлгээ, амьдрал уламжлалтайгаа нягт шүтэлцүүлэн хамаатуулж, өөрийн орны өвөрмөц онцлогт таарч нийцсэн ажил хэргийн үндэсний гэмээр онол, үзэл, бүтээн байгуулалтын шийдэл гарцыг гаргаж ирэх учиртай.
Ингэж чадахгүй бол монгол ардчилал ардчилал биш, доороо суурьгүй, гаднын зүйлийн хольц төдий эрлийз маягийн ардчилал болж хувирах аюултай.
Монголын ардчилалд өдгөө ёс суртахуун, ёс зүй үнэхээр дутагдаж байна. Улс төр, ёс суртахуун хоёр улам салж холдсоор байна.
Гэтэл ёс суртахуун, ёс зүй бол ардчиллын амин сүнс гэдгийг эрт, эдүгээгийн сэтгэгчид ямагт онцлон сануулсаар иржээ. Аристотель “Дээд суртахуун” гэдэг бүтээлдээ “Олон нийтийн болон төр улсын амьдралд оролцъё гэж бодож байгаа тэр этгээд сайн үйлийн суртахуунтай хүн байвал зохино.
Тэгээд бодохлоор ёс зүй бол улс төрийн нэг хэсэг, нэг эхлэл нь (arche) болж, түүнд багтан ордог....” гэсэн байдаг. Ёс зүйгүй улстөрчөөс ёс зүйгүй улс төр төрдөг. Ёс зүйгүй улс төрийг ёс бус үйл дагалддаг нь жам.
Ардчилал бол эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоот нэгдэл мөн. Эрх, үүрэг хоёр нь бие биеэ нөхөн тэтгэхээс гадна ёс суртахуун, ёс зүйд суурилдаг. Ёс зүйт эрх, үүрэг нь ёс зүйт хариуцлагад тулгуурладаг.
Ингэхлээр ёс зүй бол ардчиллын эрх, үүрэг, хариуцлагын тогтолцооны оршихуйн гол цөм, амин сүнс нь. Өнөөдөр манайд ёс зүйтэй улстөрч, ёс зүйг мэдэрдэг төр засаг гэж алга. Төр засаг нь ёс зүйгүй болохоор улстөрчид нь ёс зүй, ёс зүйн зарчим гэгчийг уландаа гишгэх нь аргагүй юм. Ардчилал бол хэм хэмжээ мөн.
Хэм хэмжээ бол алив оршихуйн жам ёс юм. Жамын дор амьдарна гэдэг нь хэм хэмжээтэй байх хэлбэр юм. Ардчиллын суурь үнэт зүйлс бүхэн хэм хэмжээтэй. Эрх чөлөө, тэгш ёс, шударга ёс, ер нь юм бүхэн хэм хэмжээтэй.
Манайд ардчиллыг хэм хэмжээ гэж ойлгох ухаан хэдийнэ үгүй болчихоод байна. Хэм хэмжээний албан ёсны илэрхийлэл нь хууль ёс мөн. Хууль ёсыг сахих зарчим нь ардчиллын суурь үнэт зүйл мөнөөс мөн.
Өнөөдөр Монголд хууль ёсыг хэлбэрэлтгүй баримтлах тухай асуудал нэн эргэлзээтэй болчихоод байна. Хууль ёсыг уландаа гишгэнэ гэдэг нь ёс зүйгүй авирлах, хариуцлага гэдгийг умартахад хүргэж байна.
АРДЧИЛАЛД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Нам бол ардчиллын онцгой институт. Монголын өнөөгийн намуудыг зохион байгуулалт, бүтэц, нийгмийн суурь тулгуур, үүрэг, үйл ажиллагааных нь хувьд зоригтой шинэчлэн өөрчлөх шаардлагатай байна. Бас орчин үеийн, дэлхийн намуудын жишигт ойртуулах шаардлагатай болжээ.
Манай намууд төрд эрх мэдэл, албан тушаал хуваарилах үүргээсээ татгалзаж, жинхэнэ “бодлогын үйлдвэрлэл”-ийн газар болох хэрэгтэй. Намыг эрх мэдэл, тушаал ахих гишгүүр дамжлага гэдэг агуулгаар бус, улс орны хөгжлийн ой санамж, бодлого боловсруулагч оюунлаг институт гэдэг талаас нь харж, үнэлэх хэрэгтэй болжээ.
Намууд нүсэр бүтцээсээ татгалзаж, цомхон, маневрлах чадвар сайтай, зохион байгуулалт бүхий бүтцийн хэлбэрт шилжих шаардлагатай байна. Намд хатуу гишүүнчлэл хэрэггүй.
Ингэлээ гээд намууд нийгмийн суурь тулгуураа алдаж буй хэрэг биш. Намын нийгмийн суурь бол тухайн намын мэргэшсэн болон мэргэжлийн улстөрчид, ажилтнууд, тэдгээрийг дэмжигч олон түмэн байх болно.
Намын хатуу гишүүнчлэл бол нийгэмд намчирхлыг өдөөгч хөрс болоод зогсохгүй, хүн ардыг үзэл бодлоор нь талцуулах, нийгмийг задлах суурь үндэс болдог.
Санхүүжилт нь ил тодорхой байхын зэрэгцээ намууд улс төрийн санхүүжилтийнхээ үндсэн хэсгийг улсын төсвөөс бүрдүүлэх нь оновчтой сонголт байж мэдэх юм.
Ардчиллыг бодлого, үүрэг-үйл ажиллагаа, харилцаа талаас нь боловсронгуй болгох шаардлагатай. Өнөөдөр улс орны урт, дунд, ойрын хөгжлийн цогц бодлого, хөтөлбөр нэн хэрэгтэй байна.
Үүний суурь үндэс болсон хөгжлийн философийг боловсруулах хэрэгцээ гарч ирнэ. Энэ бүхнийг бид улс орны язгуур, нийтлэг ашиг сонирхлын хүрээнд үндэсний өргөн зөвшилцлийн арга механизмаар л бүтээх боломжтой. Үүнээс өөр гарц байхгүй.
Монголд өнөөдөр төрийн эрх мэдлийн салаа мөчрүүдийн харилцан хамаарал, тэнцвэр зохицлыг жинхэнэ агуулгаар нь хангах шаардлага байсаар байна. Энэ нь Үндсэн хуулийн түвшний том асуудал. Парламентын засаглалаа бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Парламент нэг юм уу, хоёр танхимтай байх, хууль бүтээх үйл явцыг процедурын хувьд хэрхэн өөрчлөн шинэчлэх вэ гэдгийг ард түмнээсээ асууж байж, ул суурьтай шийдэх хэрэгтэй болно.
Энэ хүрээнд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг дээшлүүлэх, Засгийн газрыг кабинетын зарчмаар ажиллуулах эрх зүйн боломжийг нээж өгөх нь зүйтэй.
Төлөөллийн болон шууд ардчиллын хэлбэр, зарчмыг зохистойгоор шүтэлцүүлэн уялдуулах хангах шаардлага ч гарч ирнэ.
Ардчиллыг ёс зүй, хариуцлага талаас нь бэхжүүлэх шаардлагатай. Монголын өнөөгийн ёс зүйгүй ардчиллыг ёс зүйд суурилсан, хариуцлагатай ардчиллаар тууштай сольж өөрчлөх хэрэгтэй.
Ёс зүй нь төрийн албан хаагчдын суурь шалгуур болоод зогсохгүй манай ардчиллын жинхэнэ дүр төрх, нүүр царай болох учиртай. Ёс зүйн шаардлагаас хариуцлага үүддэг.
Хариуцлага бол улстөрч бүхэн эрх, үүргээ ухамсарлах, эрх ашгийн эрэмбээ зохистой хослуулах, алдаа эндэгдэл гаргасан бол түүндээ тохирох зэм хүртэх, алдаагаа залруулах үндсэн нөхцөл, механизм болдог.Энэ агуулгаараа хариуцлага нь ардчиллын оршин тогтнох, эрүүлжин төлжих суурь үндэс болдог.
Улстөрчдийн ёс зүйн хариуцлагыг эрс чангатгаж, тавигдах шаардлагыг өндөрсгөх, парламентын гишүүдийн ёс зүйн хариуцлагын эрх зүйн орчныг дэлхийн жишигт хүргэх, сонгогчдын зүгээс тэндийг хянах, огцруулах, эргүүлэн татах механизмыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.