Оюутолгой дэлхийд өрсөлдөхүйц уурхай болно
Дэлхийд нэр хүндтэй олон улсын банк, санхүүгийн болон АНУ, Австрали, Канадын Засгийн газрыг төлөөлж буй Экспортын зээлийн агентлаг гээд 20 байгууллага Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларыг олгохоо Улаанбаатарт баталгаажууллаа.
Энэ бол хөрөнгө оруулагчид “Оюутолгой” төсөл, Монгол Улсад итгэл хүлээлгэж буйн баталгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил айсуй оны эхний хагаст эхэлж, 5-7 жил үргэлжилнэ.
Жилд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулна гэхээр энэхүү тогтвортой хөрөнгө оруулалт төгрөгийн эсрэг түүхэн дээд түвшиндээ хүрсэн “ногоон”-ы ханшийг хазаарлахад нөлөөлөх нь мэдээж.
“Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө оруулалт ирэх онд орж эхэлснээр ам.долларын ханш тогтворжиход нөлөөтэйг эдийн засагчид тэмдэглэж буй.
Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар гэхэд 64.6 сая ам.долларт хүрч багассан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх учраас тэр. 4.4 тэрбум ам.доллар бол Монгол Улсын ДНБ-ий 35 хувьтай тэнцэх дүн.
Дэлхийн зах зээл тогтворгүй байгаа ч хөрөнгө оруулагчидтай ийм хэмжээний санхүүжилтийн гэрээ байгуулж чадсаныг энд бас тэмдэглэх нь зүйтэй.
Дэлхийн хамгийн их нөөц, зэсийн агуулга өндөртэй ордуудын нэгд тооцогддог далд уурхайг ашиглалтад оруулснаар “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн өртөг өрсөлдөхүйц түвшинд хүрч, зэсийн баяжмалын томоохон үйлдвэрлэгчийн нэг болох учиртай.
Оюутолгойг дэлхийн зэсийн хамгийн шилдэг уурхайнуудын нэг болгох замнал энэ онд эхэлсэн нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Монгол Улсын хувьд “Оюутолгой” бол олон зүйлээрээ анхдагч төсөл байх биз ээ.
Томоохон хэмжээний санхүүжилтийн багц авсан, уул уурхайн дэвшилт технологи, орчин үеийн шинэлэг үйл ажиллагаа гээд дурдвал олон зүйл бий.
Цэвэрлэх байгууламжийн өмхий түшээдийн хамарт хүрэв
Тэнгэрт тэмүүлэх барилгынхаа тоонд анхаараад түүнээс гарах хаягдлыг хэрхэхээ бид үнэндээ мартсан байв.
Өмнө нь салхи баруун болон баруун өмнөөс үлээхэд хотын баруун захаар түгдэг байсан өмхий үнэр энэ хавраас хааяа хил зөрчсөөр зун гэхэд Төрийн ордонд зочилж, түшээдийн хамарт хүрэв.
Энэ бол Ерөнхий сайдыг хотын даргатай хамт залсан Төв цэвэрлэх байгууламжийн албан ёсны урилга байлаа. Урилга эзэндээ хүрч, зорилгоо биелүүлсэн.
Төв цэвэрлэх байгууламжийг концессоор ч болов шинэчлэн барих шийдвэр гаргуулж дөнгөв. Шийдвэр биелэх цаг харин хэзээ бол. Өнөө эвгүй үнэр ирэх хавар эргээд ирэх вий.
Нийтийн тээврийнхэн нэрээ сольж чадсангүй
Нийтийн тээврийн салбарт шинэчлэлийн салхи сэрчигнэж, зорчигчоо булаацалдан уралддаг автобуснуудынхаа “нисдэг авс” нэрнээс ангижрах, бэлэн бус төлбөрийн систем нэвтрүүлэх, замын түгжрэлийг багасгах бага ч болов ажил хийж эхэллээ.
Автобусаар хөл дүүжилж буйгаа мартаад таксинд тухалсан мэт аашилдаг, гэрийнхээ үүднээс унаанд суугаад, зорьсон газрынхаа үүдэнд буухыг хүсдэг давруу зорчигчид хуучнаа санагалзан “Шинэчилсэн гэсэн чинь улам дордуулсан байна. Чиглэл, дугаарынх нь учрыг олохоо болилоо” гэж үглэснийг, тулгар эх, таягтай хөгшид, хүүхэдтэй хүмүүс автобус дамжин суух гэж зүдэрснийг эс тооцвол үүнийг нийтээрээ шахам “Хэдийнэ ингэх байсан юм” хэмээн хүлээж авав.
Аливаа зүйлээс ашиг хонжоо харж, халаасаа зузаалахыг зорьдог албан тушаалтнууд үүнийг далимдуулан том оврын автобустай компаниудад карт уншигч мэтийн төхөөрөмжөө хэт өндөр үнээр шахсан, монгол залуусын үйлдвэрлэж чадах зүйлийг гадаадаас авчирсан зэрэг нь харин тун тоогүй.
Зорчигчоо булаацалдан уралддаг жолооч нар одоо цаг, нормоо гүйцээвэл бусад нь хамаагүй гээд зарим буудалд зогсолгүй давхидаг болсон доо.
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй тул “нисдэг авс” нэрээ нийтийн тээврийнхэн сольж дөнгөсөнгүй. Арванхоёрдугаар сарын эхээр ар араасаа цуварсан олон осол ч үүнийг нотлов.
Хомсодсон доллар, хумигдсан өсөлт
Монгол Улс эдийн засгаа дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний гурван улирлын байдлаар 2.5 хувиар өслөө. Оны эцэст эдийн засгийн өсөлт үүнээс ч буурах төлөвтэй байна.
Энэ бол эдийн засгийн өсөлт үлэмж хэмжээгээр саарсан үзүүлэлт юм. Монголын эдийн засаг 2000 оноос хойш эрчимтэй өссөн. Тооцвол өнгөрсөн 14 жилийн хугацаанд дунджаар найман хувиар өссөн дүн гарч байна.
2009 онд дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.3 хувиар буурсныг эс тооцвол бусад жилүүдэд огцом өсөлттэй байжээ. Тухайлбал, 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, дэлхийд шагшигдаж байсан билээ.
Эдийн засгийн өсөлт саарч буй нь олон улсад эрдэс түүхий эдийн үнэ хямдарснаас шалтгаалж байна. Ингэснээр дэлхийн зах зээлээс монголчуудын олох валют багасав. Мөн гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээ ч болилоо.
Валют хомсдож, ам.долларын ханш өссөн. Амь зогоох төдий нөөцтэй Монголбанк валютын ханшийг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ чангаллаа. Ингээд зах зээлд мөнгө нийлүүлэх нэг суваг хаагдав.
Гадаадын хөрөнгө оруулалт зах зээлд мөнгө нийлүүлэх нэг суваг болдог. Гэтэл гадаадаас 64-хөн сая ам.доллар орж иржээ. Энэ бол манай зах зээлд дусал төдий л дэм болно. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй, Төвбанк мөнгө нийлүүлсэнгүй.
Импорт буурч, бизнес хумигдан, төсвийг нэг их наяд төгрөгөөр таналаа. Эдийн засагт мөнгө нийлүүлдэг бас нэг суваг хаагдсан нь энэ. Эхний 11 сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт жилийн өмнөхөөсөө 119 тэрбум төгрөгөөр багасчээ.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийг тэтгэж өсгөдөг аминдэм нь тасарсан гэсэн үг. Азийн хөгжлийн банк 2015 онд Монголын эдийн засаг гурван хувиар өснө гэж таамаглаж байв. Дэлхийн банкныхан ч 3.3 хувиар өснө гэсэн ойролцоо таамаг дэвшүүлсэн.
Харин Олон улсын валютын сангийнхан 5.8 хувиар өснө гэсэн нь өөдрөг дүгнэлт байжээ. Монголбанкныхан дөрвөн хувиар өснө, зөв бодлого сонговол долоод ч хүрч магадгүй гэж тооцоолж байв.
Даанч ам.долларын урсгалыг сайжруулах бодлого хэрэгжүүлж чадахгүй байсаар энэ оныг дуусгалаа. Дэлхийн банк 2016 онд Монголын эдийн засаг 0.8 хувиар өснө гэж тооцсон.
Том төслүүдийн хөрөнгө орж ирэх учраас үүнээс илүү хэмжээгээр өсөх болов уу гэж монголчууд горьдож байна. Эдийн засаг хумигдсанаар инфляц буурав.
Өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 2.9 хувиар л өслөө. Махны үнэ бараг хоёр дахин хямдарсан нь үүний илрэл юм.
Ган, зудын гашуун зовлонтой зэрэгцээд агаарын
бохирдолд бууж өгөв
Ган нүүрлэж, ургац алдсан, бэлчээр мөстөж, зудтай золгосон амаргүй жилийг үдэх нь. Ойрын хэдэн жил тэнгэр таатай байсан тул монголчууд ийм зовлон амсаагүй билээ. Өнгөрсөн хавар тариалалт хийснээс хойш 45 хоног бороо орсонгүй.
Түүний 20 гаруй хоногт нь 40 градус хүрч халлаа. Хөрсөн дээрээ бүр 60-64 градус хүрсэн.
Үүний зэрэгцээ наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 20 хүртэл тариалангийн бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсноос үлдсэн ургацаа хураах гэж тариаланчид зүдэрсээр 203.900 тонн буудай авлаа.
Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас манайхан нийт ургацынхаа 50 орчим хувийг алдсан нь энэ. Өнгөрсөн онд 489.400 тонн буудай хураасан бол энэ онд түүний талд нь ч хүрэхгүй ургац авав.
Уг нь энэ намар ойролцоогоор 460.000 тонн буудай хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж байлаа.
Тэнгэр муухай араншингаа зөвхөн тариалангийн бүс нутгуудад ч харуулсан юм биш. Нийт нутгаар цаг агаар таатай бус байснаас зөвхөн ургац алдаад зогссонгүй, дориухан хадлан бэлдэж ч амжилгүй өвөлтэй золгочихсон.
Угаас бэлчээрийн даац зарим газарт хэд дахин хэтэрчихсэн өнөө үед ургамал ногоо ч тааруу ургалаа. Дээр нь энэ өвөл цас ахиу орж, хүйтрэх тэнгэрийн зурхайчдын таамаг ч биелж, өдгөө нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтон, 40 гаруй хувь нь зуд болох эрсдэлтэй тулгарчихаад буй юм.
Хөдөөгүүр байдал ийм байхад хотынхон ч утаат хотдоо сайнгүйхэн сууна. Мэргэжлийн байгууллагууд “Утаа буураагүй ч гэсэн нэмэгдэхгүй байгаа. Өнгөрсөн жилийнхээ түвшинд байна” гэж мэдээлж байна.
Гэтэл бодит байдалд хотын утаа хорт хийн баг нэхсээр. Үр дүн багатай байсан ч өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхэд багагүй хөрөнгө зарцуулж, зуух, түлш, цахилгаан халаагуур тараах зэрэг арга хэмжээ авч байлаа.
Тэгвэл энэ жилээс утаатай тэмцэх ажлаа зогсоож, энэ арга хэмжээг голлон зохион байгуулдаг байсан байгууллага болох “Цэвэр агаарын сан”-г татан буулгах болсон. Бид агаарын бохирдолд бууж өгч байгаа нь энэ билээ.
Гурван сая дахь “азын од”
Манай улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймагт мэндэлснийг “Өнөөдөр” сонин онцолж байна. Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин болон мэндлэхдээ алгандаа азын од атгаж төрсөн Х.Монголжин аав ээждээ байр, бас бус олон бэлэгтэй ирсэн.
Эрүүл саруул өсөн торниж буй Х.Монголжин удахгүй нэг ой хүрнэ. Нөхөр нь хувиараа бизнес эрхэлдэг, эхнэр нь гоо сайханч мэргэжилтэй, жирийн нэгэн гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж, Монголын үрс олуулаа болсоор байна.
Олимпийн угтал жил түүхэн амжилт түүчээлэв
Олимпийн угтал жил тамирчид маань амжилтын ургац арвин хурааж, “Рио-2016”-гийн эрхийг багцлан хүртэв. Манай 15 тамирчин их олимп болон паралимпийн наадамд оролцох визээ аваад байна.
Өмнөх олимпуудад дээд тал нь 30 тамирчнаа сойж байсан бидний хувьд Бразилд үүнээс ч олон тамирчин илгээх тохироо 2015 онд бүрдлээ. Мөн чөлөөт бөхийнхөн энэ жил огцом үсрэлт хийж, түүхэн амжилт гаргасныг тэмдэглэлгүй өнгөрч боломгүй.
АНУ-ын Лас-Вегас хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манайхан нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.
Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг олимпийн жинд манлайлж, тэгэхдээ бүх өрсөлдөгчөө хамгийн богино хугацаанд ялж, дэлхийн хошой аварга болсон юм.
Энэхүү төрөлд З.Ойдов гуайгаас өөр ийм амжилт гаргасан тамирчин үгүй. Харин олон жилийн дараа С.Батцэцэг их аваргын амжилтын мөрөөр замнаж, түүхэн гавьяа байгуулав.
Түүнчлэн эрэгтэйчүүдээс П.Өнөрбат, Б.Номин нар аваргын төлөөх хариуцлагатай барилдаанд тунаж үлдэхэд нь “Монголын чөлөөт бөх сэргэж байна” гэсэн дүгнэлтийг дэлхийн нэр хүндтэй мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн юм.
Чөлөөтийнхөн ийн мандсан бол жүдочид ч тэднээс дутсангүй. Дэлхийн дэвжээнээс дөрвөн хүрэл медаль хүртсэн нь тооны хувьд дээд амжилт тогтоов.
Шатрын спортын түүхийг Д.Номин-Эрдэнэ охин баяжуулж, 15 насандаа их мастер цол хүртсэн хамгийн залуу шатарчин болов.
Ийнхүү манай тамирчид хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсган өндөр амжилт гаргаж байхад хүчит бөхчүүд маань Төрийн их баяр наадмаар зүлэг ногоон дэвжээнээ бус хөлбөмбөгийн хиймэл зүлгэн дээр хүч бяраа үзэж, дэлхийг гайхашруулсан юм.
Үндэсний спортын уламжлал, хөгжил 2015 онд ийн алдагдаж, эрх баригчдын зүгээс “Үндэсний бөх даяарчлагдах алхам бүрдлээ” хэмээн өөрсдийгөө өмөөрсөн тайлбар өгсөн нь инээдэмтэй хэрэг байв.
Хөлбөмбөгийн талбайд хүч үзсэн бөхчүүдээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын залуу бөх Э.Оюунболд гарьд магнайгаар шалгарч, 16 жилийн дараа хан хэнтийчүүд баяр наадмын түрүү авсан юм.
Тэгвэл үндэсний сурын спортод эхнэр, нөхөр (С.Энхтунгалаг, Б.Батбаатар) хоёр түрүүлсэн нь маргаангүй содон амжилт байлаа.
МАН-ынхан Засгийн газраас гарч, дэд сайдгүй болов
АН олонхийг бүрдүүлсэн Засгийн газар энэ онд хоёр дахиа задарлаа. Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлэхээс эхлээд л МАН-ынхан “эртний өшөө”-гөө авч, сонгуулийн өмнөхөн хаалгыг нь савах тухай яриа гарсан юм.
Тэгвэл АН-ынхан үүнээс нь урьтаад наймдугаар сард тэднийг “хөөж” орхив. Засгийн газарт хамтарсан нам өөрийн шийдвэрээр гарах нь байдаг л зүйл. Харин урьж оруулсан намаа өшиглөж гаргасан энэ түүх анхных байлаа.
Эдийн засгаа өөд татахын тулд МАН-ын тусламж л хэрэгтэй гээд Засгийн газарт орсон ч тус намынхантай хамтарсны бодит үр дүн бас гараагүй.
МАН-ын зургаан сайдын суларсан суудлын төлөөх марафон сар үргэлжлээд “Шударга ёс” эвслээс Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын, Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар, АН-аас Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, М.Зоригтыг Зам, тээврийн, Б.Болорыг Сангийн сайдаар тус тус томилж, Ч.Сайханбилэгийн танхим дахин бүрдсэн юм.
Хэцүүхэн нөхцөлд Сангийн сайд болсон Б.Болор зардал хэмнэж, бүсээ чангалсан төсвийн төсөл УИХ-д оруулж ирсэн. Ингэснээр МАН-ын долоон дэд сайдын оронд хүн томилох шаардлагагүй болж, үлдсэн 10 сайд нь төсвийн тодотгол баталмагц ажлаа өгөв.
Хэдэн Засгийн газрын турш “бялуу”-ны нэг хэсэг болж ирсэн, зардал нэмсэн дэд сайд хэмээх албан тушаалыг цомхтгосон нь бас нэг онцлог байлаа.
Мөн түүхэнд анх удаа авлига авч байх мөчид нь МАХН-ын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан болж таарсан.
Авлига аваагүй гэдгээ батлахын тулд, бас төрийн ажлыг алдагдуулахгүй гээд тэр сайдын албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав. МАХН-ынхан түүний оронд “солио” томилгоо хийж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгон тушаал буруулж, намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад зүтгүүлэхээр санал өргөн барив.
АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүрхий найзархах болсон, тиймээс “дээгүүрээ” энэ талаар тохирсон гэж буй.
Шахаанд орсон гэх Ерөнхий сайд дээрх саналыг хүлээн авахаас татгалзаад байгаа билээ. Энэ санал Төрийн тэргүүнийг бас багагүй тавгүйтүүлээд байна.
Сураг алдарсан “Төвийг сахих Монгол”
Улирч буй оны намар Монгол Улсын гадаад бодлогын статусыг өөрчлөх идэвхийлэл эрчтэй өрнөсөн нэн онцгой улирал тохиосон юм.
Есдүгээр сарын 8-нд ҮАБЗ хуралдаж, Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн УИХ, Засгийн газарт хандаж, зөвлөмж гаргалаа.
Энэ нь олон нийтэд гэнэтийн мэдээ байв. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой, БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар Хятадын ГХЯ-ны Азийн газрын захирал Кун Сюаньютай тус тус уулзаж, байнгын төвийг сахих бодлого баримтлах болж буй талаар мэдээлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй тогтоолын төсөл болон холбогдох бусад баримт бичгийг гардуулснаар хоёр хөршдөө урьдчилан дуулгав.
Монгол Улс 22 жил баримталсан гадаад бодлогын статусаа өөрчлөн, төвийг сахисан орон болох гэж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 29-нд НҮБ-ын индрээс зарлалаа.
УИХ 1993 онд Гадаад бодлогын үзэл баримтлал баталж, Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тунхаглан зарлаж, анх удаа гуравдагч хөршүүдээ хуульчилсан байдаг.
Энэ нь өнөөдрийг хүртэлх 22 жилийн түүхэнд нэг удаа буюу 2010 онд багахан засвар орсон, Монгол Улсын гадаад бодлогын гол тунхаг юм.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр аравдугаар сарын 22-нд УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл өргөн барьж, тав хоногийн дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг хуулийн төслийг хэлэлцсэн ч халуун намраар УИХ-ын босгоор алхсан баримт бичиг оны төгсгөлд сураг алдарлаа.
Төвийг сахих гэдэг нь хамгийн товчоор, аль нэг талыг дагахгүй, өөрийн хэргийг өөрөө мэдэх бодлого.
Хууль санаачлагч Ц.Элбэгдорж болон зарим дипломатчдын тайлбарлаж буйгаар бол Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлсээр ирсэн нь байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан 1911 оны үйл явдал гуравдагч хөршийг хайх, төвийг сахих бодлогыг хүсэмжлэх улс төр-дипломатын шинэ түүхийн эх болсон билээ. 104 жилийн өмнөх Монголын улстөрчдөд Швейцарь шиг хөгжих, төвийг сахих мөрөөдөл байж.
Гэвч энэхүү статус Монгол Улсын бүрэн эрхт байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлаж болзошгүй бөгөөд төвийг сахихгүй л бол хөрөнгө оруулалт сэргэхгүй гэдэгт үл итгэгсэд, далайд гарцгүй Монгол Улсад маань төвийг сахих бодлого явуулах эдийн засгийн боломж байгаа эсэхэд эргэлзэгсэд байдаг.
Төвийг сахих бөөрөнхий бодлого баримталснаар олон тулгуурт гадаад бодлогын нум тэнийж, нөлөө бүхий гуравдагч хөршүүдтэй харилцах бай бүдгэрч болно. Хоёр хөршийн зүгээс энэ бодлогод ирэх дэмжлэгийн цаана ямар барьцаа байж болох вэ.
Байнга төвийг сахих бодлого явуулж байтал гадаадын цэргийн аюул заналхийлбэл Монгол Улсын батлан хамгаалах салбарт өөрийгөө хамгаалах нөөц бололцоо бий юү.
Энэ мэт амин чухал олон асуудлын эргэн тойронд зөвхөн асуултын тэмдгүүд хөвөрч байна. Тиймээс шинэ бодлогоо хөшүүн хойрго болгохгүйн тулд 2016 онд нухацтай хэлэлцэх том ажил үлдлээ.
Нүүдэлчин монголчууд дэлхийг сонгодог урлагаар
байлдан дагуулсан түүхэн үе
2015 онд Монголын урлаг, соёлын салбарт гарсан хамгийн том амжилт, дэвшлийг түүвэрлэн, дөрвөн арга хэмжээг онцолж байна. Учир нь эдгээр нь дэлхийн хэмжээнд яригдах том амжилт юм.
Чайковский, Доминго, Франческогийн нэрэмжит уралдаан, тэгээд “Кардиффийн хоолой”. Энэ бол дуурийн шилдэг дуулаачдын чадавхийг сорьдог дэлхийн хамгийн том дөрвөн уралдаан.
Энэ бүгдэд “Монгол Улс” хэмээн дуудуулан тайзнаа гарсан гарамгай дуучин бол Э.Амартүвшин. Хоёр жил тутамд болдог “Кардиффийн хоолой” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард оролцож “Үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин”-аар шалгарсан.
Их Британийн Уэльсийн тайзнаа болсон эл уралдаанд эрэгтэй, эмэгтэй хоолойн төрлийг үл харгалзан шилдгийн шилдэг тавыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 28 настай манай дуучныг үндсэн болон хөндлөнгийн шүүгчид “Жинхэнэ дэлхийн дуучин” хэмээн үнэлсэн билээ.
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд монгол хүн анх удаа шалгарсан нь Г.Ариунбаатар байлаа.
Өнгөрсөн долдугаар сард болсон XV уралдааны үеэр тэрбээр жинхэнэ байлдан дагуулсан. Алдарт В.Гиргиев хүртэл түүний өмнө мэхийн ёсолж, бас “Дуулах техникийг Монголын баритон Ариунбаатараас сурахыг бусад гоцлоочид зөвлөнө” гэсэн нь түүний чансааг илтгэх үнэлгээ юм.
Өдгөө түүнийг дэлхий сонсох гэж уралдан урьцгааж байна. Тэдгээрийн дунд Английн хатан хааны гэр бүлийнхэн ч багтсан билээ.
Хэд хоногийн дараа халаагаа өгөх
2015 он Монголын сонгодог урлагт олон ёслолын буудлага болсны нэг нь ДБЭТ-ын симфони найрал хөгжим анх удаа бүтэн бүрэлдэхүүнээрээ, мөн шилдэг дуулаачидтайгаа гадаадын том тайзуудад тоглолт хийсэн явдал юм.
Тэд БНСУ-ын үзэгчдэд “Лучиа ди Ламмермур” дуурь, “Монголын гала” концерт толилуулсан.
1700 хоригдол өршөөгдөж, Эрүүгийн хууль энэрэнгүй болов
Монгол Улс Өршөөлийн хуулийг 1990-ээд оноос хойш дөрөв дэх удаагаа баталж хэрэгжүүлсэн нь улиран одож буй 2015 онд тохиолоо. Тус хуулийн төслийг өргөн барьснаас хойш нийгэмд маш их хүлээлт үүссэн байв.
Наймдугаар сарын 11-нд УИХ-ын чуулганаар уг хуулийг баталсан ч Ерөнхийлөгч авлига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй хэмээн зарим заалтад нь хориг тавьж, нийгмийн хүлээлтийг улам нэмэгдүүлсэн.
Ийнхүү удаан дуншсан Өршөөлийн хууль аравдугаар сарын 29- нд УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар хэрэгжиж, 1700 хүмүүжигч суллагдав. Мөн тэнсэн харгалзах ялтай хүмүүсийг ялаас чөлөөлж, хүндрүүлэх нөхцөлтэй ял эдэлж буй хоригдлуудын эдлэх ялыг хөнгөллөө.
Тухайлбал, дөрвөн настай охиныг хэрцгийгээр зодож хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нар өршөөлд хамрагдаж, тус бүрийнх нь ялаас хоёр жилийг хассан. Мөн согтуудаа машин жолоодсон 83 мянган жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлээ.
Харин хууль батлагдсаны дараа авлига, албан тушаалтны хэрэг ар араасаа хөврөв. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг олныг цочирдуулав.
Тэдний хэргийг Өршөөлийн хууль батлагдсаны дараа ил болгосон нь цаанаа учиртай гэх хүмүүс ч бий.
Өршөөлтэй зэрэгцээд Эрүүгийн хууль энэрэнгүй болов. Манай улсын Эрүүгийн хууль хатуу, чанга гэдгээрээ гайхагддаг байв. Арван мянган төгрөгийн үнэтэй зүйл хулгайлсан эмэгтэйг хорих ялаар шийтгэж байсан нь үүний жишээ.
Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан. Гэвч уг хуулийн суурь нь 1990 оны эхээр тавигдсан гэдэг. Өнөөгийн нийгмийг 1990 онтой харьцуулшгүй, чанга хуультай учраас Монгол шоронжсон улс боллоо гэж гадаад, дотоодынхон өөлж байв.
Тиймээс хуулийг шинэчлэн найруулах төсөл өргөн барьж, энэ онд баталлаа. Ингэснээр гэмт хэрэг хийсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах ял ногдуулахаар болсон юм.
Эдгээр ялыг одоогийн хуульд түгээмэл тусгасан ч эрх хасах нь зөвхөн жолооч нарт хамаатай байсан бол шинэчилсэн найруулгад үүнийг өргөтгөлөө.
Хуулийн шинэчилсэн найруулгад гэрийн хорионд байлгах ял шинээр орж буй. Тус ялыг гадаадын улсуудад өргөн хэрэглэдэг. Энэ хууль ирж буй оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Хэрэгжихээс өмнө хэрэглэх хүмүүс нь хуулиа судалж, аль нь амьдралд нийцэж, ямар зүйл заалт нь тохирохгүй байгааг тодорхойлох биз.
Энэ онд хоригдлуудыг суллаж, хуулийг энэрэнгүй болгосон ч олныг сэрдхийлгэсэн хэрэг хэд хэд гарлаа. Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Б гэх бүсгүйг хүчирхийлж, хүний ёсноос гажууд аргаар тарчлаасан жигшүүрт хэрэг үйлдсэн.
Хохирогч Б одоо хүртэл эмнэлгээс гараагүй, ирэх онд давсаг нөхөх хагалгаанд орохоор болсон.
Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч Ц-г аав С-тэй нь хамт хөнөөж, ээж болон нагац ахыг нь хүнд гэмтээсэн хэрэг гарав.
Нэг гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь хөнөөхөөр завдсан уг хэргийг талийгаач Ц-гийн төрсөн дүү Ш-ийн найз залуу болох, 1985 онд төрсөн П.Батбаяр үйлдсэн болох нь тогтоогдсон юм.
Тэгвэл энэ сарын 21-нд ээж нь хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд бүртгэгдлээ. Сэжигтэн Д нь хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө мэсээр гэмтээсэн байдаг.
Гурван настай хүүхдээ сандлаар цохиж хөнөөсөн, ихэр нярайгаа усанд живүүлэхийг завдсан гээд улирч буй онд дэндүү харгис гэмт хэрэг цөөнгүй гарлаа.
2015 оны Монголыг тодотгох үйл явдлууд