Одоогоор 1075 айл найман хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдаж авах босгоо даваад байсныг Төвбанкныхан мэдээлэв. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт иргэний эрхийг дордуулж байна гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд дүгнэсэн.
Энгийнээр тайлбарлавал, урт хугацаатай зээлээр орон сууц худалдан авсан иргэн байраа бусдад түрээслэх, худалдахдаа банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж Цэц үзсэн юм.
Зээлээр орон сууц худалдан авсан иргэн байраа барьцаанд тавьж, бусдад түрээслүүлэх, худалдахдаа банкнаас зөвшөөрөл авах хуультай байсан билээ. Банк зөвшөөрөхгүй бол иргэн барьцааны байраа түрээслүүлэх, худалдах эрхгүй байв.
Банкууд цэцийн шийдвэрийг эсэргүүцсэн бөгөөд зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслүүлэх нь зээлийн барьцааг эрсдэлд оруулна гэж тайлбарлаж байгаа.
Мөн барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх нь зээлийн чанарыг муутгана гэж болгоомжилж буй. Тиймээс цэцийн шийдвэр гарсан даруйд орон сууцны зээл олгохоо зогсоолоо. Зөвхөн орон сууц ч биш, үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох бүх зээлийг зогсоосон.
1075 айл гонсойж хоцров. Тэдэнд орон сууц худалдаад санхүүгийн хүндрэлээ нимгэлэх гэж байсан компаниудын горьдлого ч тасарлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг иргэдийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг дээрдүүлсэн гэж тайлбарласан.
Үнэн хэрэгтээ нэмж олгосон эрх нь иргэдийн дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломжийг хязгаарлав. Боломжоо хязгаарлуулсан олон ч бухимдалтай байна.
Цэцийн шийдвэрээс үүдээд эрхийн тэнцвэрийн талаарх хэлэлцүүлэг ч олныг хамарлаа. Бат 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц урт хугацаатай зээлээр худалдан авлаа гэж бодъё. Өөрсдөө 30 хувийг нь төлнө.
Үндсэн 70 хувийг нь банкаар дамжуулан хадгаламж эзэмшигч төлж байгаа. 30 хувийг нь төлсөн иргэн орон сууцыг захиран зарцуулах давуу эрхтэй болчихлоо. Тэгвэл 70 хувийг нь төлсөн хадгаламж эзэмшигчийн эрх хэрхэх вэ.
Мэдээж хадгаламж эзэмшигчийн эрхийг банк хамгаалах үүрэгтэй. Хадгаламж эзэмшигчийн эрх зөрчигдөх нь тодорхой болсон учраас банк зээлээ зогсоож байна.
Тэгэхээр хоёр талын эрхийг тэнцвэржүүлж байж орон сууцны зээлээ үргэлжлүүлэх учиртай. Бүр тодруулбал, барьцаа хөрөнгийн эрсдэлийг хаасан зохицуулалт хийж байж үргэлжүүлнэ гэсэн үг.
УИХ-ын дарга З.Энхболд Иргэний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар орон сууцны зээл үргэлжлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж ярьж байна.
Гэсэн ч Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрээ эргэж харахаас нааш төгс ажиллах эрх зүйн орчин бүрдэхгүй гэж үзэх хүн ч бий. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг шинэ оны эхэнд өргөн бариад сарын хугацаанд батална гэж парламент төлөвлөжээ.
Урт хугацаатай, бага хүүтэй моргэйжийн зээл хэрэгтэй юү? Хэрэгтэй гэдэг нь маргашгүй. Харин хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь бодлогын сонголтоос хамаарна. Орон сууцны зээл 2013 оноос эрчимжсэнээс хойш жилд 70 мянган өрх 330-360 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэдэг болжээ.
Дахиад 70 мянган өрхөд ийм зээл олгоход эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарах нь ойлгомжтой. Жилд нэг их наяд орчим төгрөгийн хуримтлал үүсгэдэг болоход Монгол Улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөнө.
Хэрэглээнийх биш, хуримтлуулж, баялаг бүтээдэг эдийн засагтай болно. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй, дэмий зүйлд мөнгөө зарцуулдаггүй хүмүүс олшрохоор дундаж давхарга “зузаарна”.
Дунд давхарга “зузаан” улс орны эдийн засаг тогтвортой байдаг нь маргашгүй үнэн. Иргэдээ орон сууцжуулах нь үүгээр зогсохгүй агаар, хөрсний бохирдлыг бууруулна. Улмаар иргэдийн эрүүл мэндэд учрах хохирол багасна.
Иймээс орон сууцжуулах хөтөлбөрийг зосгоох, гацаах, хаах, боох үйлдэл нь хөгжлийн эсрэг хийж буй “гэмт хэрэг” юм.
МАН-ын нөлөө бүхий улстөрч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Найман хувийн хүүтэй зээлийг санаачилсан нь улс төрийн зорилготой, нүгэл байсан” гэж хэлэв.
Орон сууцны зээл аваад амьдралаа өөд татах маш том алхам хийчихлээ гэж сэтгэж, баяр хөөрөө хамаатан садан, найз нөхдөө урьж тэмдэглэсэн олон хүн түүнийхээр нүглийн золиос байсан бололтой.
Магадгүй орон сууцжуулах хөтөлбөрийг улстөржүүлж болохгүй, эдийн засгийн талаас нь илүү харж, дүгнэх сэдэв болов уу.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд тайлбар хийхээр очсон УИХ-ын гишүүн “Цэцийн гишүүд эдийн засаг, санхүүгийн харилцааны тайлбар огт сонсохыг хүсэхгүй. Улстөржсөн шийдвэр гаргасан” гэж батлан ярьжээ. Үнэхээр тэгсэн бол харамсалтай.
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан урт хугацаатай зээл буюу моргэйжийн зээлийг 2009 оноос олгож эхэлсэн. Тухайн үед хүү нь 16-18 хувь байв. Сард 3-4 сая төгрөгийн орлоготой айл л моргэйжийн зээлийн шаардлагыг хангаж байлаа. Банкууд өөрийнхөө хөрөнгөөр санхүүжүүлж байсан учир хүртээмж ч бага байсан.
Орон сууцны зээлийг хүртээмжтэй болгох аргыг тухайн үеийн Засгийн газар хайж байв. Ингээд 2010 онд Засгийн газар 150 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, төрийн албан хаагчдын “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эх үүсвэр нь хямд байсан учраас хүүг найман хувиар тогтоов.
Бага хүүтэй уг хөтөлбөр даруй хэрэгжиж, барилгын салбарыг хүндрэлээс гаргах нь тэр. Хямд эх үүсвэрээр санхүүжүүлбэл орон сууцжуулах хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлж болох юм байна гэсэн итгэл ингэж төрсөн хэрэг.
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-ынхан яг дээрхтэй адил схемээр зургаан хувийн хүүтэй, орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хүүг хоёр хувиар бууруулсан гэсэн сонгуулийн оноо авах нь тэдний зорилго байв. Хоёр хувийн алдагдал үүрэх тул бүх арилжааны банк энэ зээлийг олгохоос татгалзсан.
Харин эрх баригчид төрийн өмчит Төрийн банкийг алдагдал хүлээгээд ч хамаагүй энэ зээлийг олго гэж үүрэгдсэн түүхтэй. Төрийн банкныхан алдагдал хүлээн байж нэлээд олон хүнд зургаан хувийн хүүтэй зээл өгсөн. Сонгуулийн дараа шинээр томилогдсон гүйцэтгэх захирал орон сууцны зээл олгохоо зогсоосон билээ.
Дээрх хөтөлбөрүүд нь Засгийн газраас олгосон санхүүжилт дуусахад зогсож байв. 2012 онд төрийн эрхийг гартаа авсан АН-ынхан орон сууцны зээлийг тасралтгүй үргэлжлэх тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон.
Засгийн газар тасралтгүй санхүүжилт олгож чадахгүй. Тиймээс Монголбанктай хамтрахаар шийдсэн. Энэ нь бодлогын шинэ сонголт байлаа. Ингээд санхүүжилтийн схемээ зурж дуусаад 2013 оноос найман хувийн хүүтэй зээл олгож эхлэв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 70 мянган хүн орон сууцны зээл авч, хөтөлбөрийн далайц үлэмж томров. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хамгийн өндөр үр дүн гаргасан хөтөлбөр гэж эрх баригчид дүгнэж байгаа.
Монголбанк арилжааны банкинд дөрвөн хувийн хүүтэй мөнгө байршуулна. Түүгээр нь орон сууцны зээл олгож байна. Хөтөлбөрийн схем товчхондоо энэ. Засгийн газрын оронд Монголбанкийг тавьснаараа өмнөхөөс ялгаатай.
Мөн Монголбанк мөнгө хэвлэх эрхтэй учраас тасралтгүй байдлыг нь хангана. Төвбанк 2013 оноос хойш нийт 2.5 их наяд төгрөгийг орон сууцны зээлд зориулж банкуудад байршуулжээ. Үүнээс 700 тэрбум нь эргэн төлөгдсөн байна. Тэгэхээр одоо 1.8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн үг.
Монголбанк орон сууцны зээлийг үргэлж санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлсний дараа уг хөтөлбөрөөс гарна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд Нийгмийн даатгалын сан орон сууцны зээлийн тогтолцоог санхүүжүүлнэ гэсэн үг.
Мөн Монголын ипотекийн корпорац тодорхой хөрөнгө босгох алхмаа хийж, МХБ-ээс 37 тэрбум төгрөг босголоо. Монголбанк орон сууцны зээлийн санхүүжилтийг гаргаж буй бодлогын сонголтыг үгүйсгэгчид цөөнгүй.
Цэцийн шийдвэрийг эрх баригчдын бодлогын сонголтыг гацаах зорилготой улс төрийн үйлдэл байсан гэж хардах хүн ч таарч байна.
Эрх баригчид төдийгүй сөрөг хүчний зарим улстөрч дээрх бодлогын сонголтыг ил, далд дэмждэг. Иргэд үргэлжлээсэй гэж хүсэж буй. Хаана хаанаа энэ зээлийг үргэлжлүүлэх сонирхол бий. Тиймээс удаан гацахгүй гэж найдаж байна.
Харин “үхүүлсэн” моргэйжийн хүү “дахин төрөхдөө” буурах нь тодорхой боллоо. Инфляц гурван хувиас доош унасан учраас моргэйжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэнэ.
УИХ-ын дарга З.Энхболд моргэйжийн хүү буурна гэж “жиргэсэн”, Төвбанкны ерөнхийлөгч ч ингэж ярьж байна. Төвбанк санхүүжилтийнхээ хүүг хэд болгож бууруулна, төдий хэмжээгээр зээлийнх буурна. Нэг хувиар бууруулбал зээлийн хүү долоо, тэг болговол дөрөвтэй тэнцэнэ.
Эдийн засгийн суурь нөхцөлөөс моргэйжийн хүүг хоёр хувиар бууруулах боломж нь харагдаж байна. Сонгуулийн өмнө орон сууцны зээлийн хүүг зургаа болгон бууруулсан явдал дахин давтагдах нь.
Энэ удаагийнх эдийн засагтай уясан шийдвэр байх бололтой. Гэсэн ч моргэйж тойрсон улстөржилтийг дэвэргэх нь дамжиггүй.
Т.ЭНХБАТ