2016 он гарлаа. Цоорхой, нөхөөс олонтой 2015 оны төсөв нэг юм хаагдаж, улсын төсвийн шинэ хууль, мөнгөний шинэ бодлого үйлчилж эхлээд байна.
Гэсэн ч эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байгаатай холбоотойгоор энэ оны төсвийг тодотгон өөрчлөх тухай яриа 2015 оны төсөв төгсөөгүй байхад гарч эхэлсэн нь нууц биш.
Тиймээс ч өнгөрөгч оных шиг “тодотголын тодотголын тодотгол” гэсэн төсөвтэй биш, Төсвийн тухай хуульдаа ганц удаа гар хүрээд өнгөрвөл зол гэж олон хүн ярих аж.
Шинэ төсөвтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн газартай тус тус нэгтгээд байна. Мөн хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлнэ.
Энэ он бидний хувьд хариуцлагатай сонголтын жил байх учиртай. Он солигдох торгон мөчид Төрийн тэргүүний хэлсэнчлэн өндөр ёс зүйтэй, үнэт зүйлтэй, Монгол түмний нийтлэг эрх ашигт үйлчлэх төрийн түшээдийг сонгох жилтэй учран золгоод байна.
УИХ-ын болон бусад хэд хэдэн сонгуулийг зохион явуулах учиртай Сонгуулийн хуулийг өөрчлөхийн тулд хоёр, гурван жил хэрэлдэж, хэдхэн хоногийн дотор баталсан.
Хэдийгээр энэ удаагийн УИХ Сонгуулийн хуульд ингэж цаг алдсан ч цөөнгүй хууль шинээр баталжээ. Үүний дотор энэ оноос шинээр мөрдөх хэд хэдэн хууль байгаа юм. Тэдгээрээс заримыг нь товч танилцуулж байна.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ:
-Уг хууль сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас эцэг эхчүүдэд ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлж буй.
Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд бийгээс 59 мянга нь цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байна. Тэднийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болох юм.
Уг үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөг олгох бөгөөд 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Гэхдээ үүнийг шууд цэцэрлэг гэж ойлгож болохгүй. Тус хуулийг хэлэлцэж байхад энэ үйлчилгээг сургуулийн өмнөх боловсролын, эсвэл бизнесийн байгууллагын алинаар нь ч тодорхойлж, ойлгоход түвэгтэй асуудал үүсэж байсан юм.
Мөн орчин нөхцөлөөс эхлээд хоол унд, ажилчдад тавих шаардлагад хатуу анхаарах ёстойг олон гишүүн хэлж байсан. Тиймээс ч тэдгээр хүүхэд гэртээ цоожлогдож үлдсэнээс дээрх төвд байсан нь илүү гэдэг гэсэн санааг Л.Эрдэнэчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүд илэрхийлж байсан юм.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийн тулд БСШУЯ-наас зохион байгуулж буй тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах шаардлагатай.
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:
-Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.
Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь хүүхдийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх юм.
Мөн кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернэт протоколд суурилсан телевиз (Ай-Пи телевиз)-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40-өөс доошгүй байхаар хуульд тусгаад буй.
Тус хуулийг баталсны дараа телевизийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэсэн ч хуулийг баталснаас хойш даруй арав гаруй сар өнгөрч, мөрдөж хэрэгжүүлэх цаг нь иржээ.
Тиймээс өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд бэлтгэлээ хангасан гэдэгт найдаж буйгаа хууль тогтоогчид илэрхийлж байна лээ.
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ:
-Өмнөх хуулийг бүхэлд нь шинэчилсэн учраас тус хуулийн талаар мэдвэл зохих мэдлэг, мэдээлэл өргөн байх нь мэдээж. Гэхдээ хувь хүн, жирийн худалдан авагчдад хамаатай нэгэн заалт, шинэчлэл тус хуулиар бий болсон.
Үүнийг өмнө нь манай сонин “Төлбөрийн баримтаа цуглуулаарай” нийтлэлээрээ анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, бидний олонхийн түвэгшээж, халаасанд хог болж хоцордог худалдан авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийн баримтаа цуглуулах шаардлагатай болж байгаа юм.
Магадгүй үйлчилгээ үзүүлэгч танд төлбөрийн баримт өгөхгүй бол одоо нэхэх ёстой болох нь. Учир нь тухайн бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа төлсөн НАӨТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг иргэд буцаан авах юм.
Ингэхдээ та НӨАТ-ын урамшууллын цахим системд нэвтэрч баримтынхаа тусгайлсан кодыг тухай бүрт нь бүртгүүлснээр оны эцэст урамшууллаа нийт дүнгээр нь авах боломжтой.
АУДИТЫН БОЛОН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
- Тус хуулиар нягтлан бодогчдын мэргэжлийн эрхийг хугацаагүй олгож эхэлнэ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм.
Түүнчлэн аудитын тусгай зөвшөөрөл авсан 120 орчим компани энэ оноос шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах, тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгожээ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ:
-Тус хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заалт нь шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж буй юм.
Жолооч бүр зөрчлийн ерөнхий арван оноотой бөгөөд холбогдох хууль, журмыг зөрчсөн тохиолдолд 1-5 оноо хасна. Зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна.
Гэхдээ зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал шууд ямар ч оноогүй болно.
НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:
-“Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт нь саналаа тусгах боломж бүрдүүлсэн” хэмээн тус хуулийг тодорхойлж буй.
Ингэхдээ хууль тогтоомжийн төсөл, ерөнхий болон, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн үндсэн зургаан төрлийн сонсгол явуулахаар хуульчилсан юм.
Тухайлбал, хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах талаар УИХ-ын холбогдох Байнгын хорооны нийт гишүүний гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн Байнгын болон дэд хороонд гаргах эрхтэй.
Мөн УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг хууль, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол тогтмол явуулах боломж бүрдээд буй.
Ингэхдээ тухайн хууль, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийнхыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.
Б.НОМИН