Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийнхэнтэй хамтран Олон зорилтот үндэсний ойн тооллого хийсэн.
Уг тооллого болон манай орон хэзээ хүлэмжийн хийн худалдаанд оролцох талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай ярилцлаа.
-Манай орны ойн сангийн хэмжээ хэд вэ, үүнээс хэдэн га талбайд Олон зорилтот үндэсний ойн тооллого хийв?
-Манайх их тайгын үргэлжлэл Сибирийн ойтой орон. Далайн түвшнээс дээш 1000-3000 метр өндөрт ургадаг, сэрүүн бүсийн ой л доо. Манай орны ойн санг ойгоор бүрхэгдсэн, бүрхэгдээгүй, ойн бус гэсэн гурван бүлэгт ангилдаг.
Нийт 18.3 сая га талбай бүхий ойн сантай. Үүнээс ойгоор бүрхэгдсэн 12.1, бүрхэгдээгүй 5.6 сая, ойн бус 600 мянган га талбай бий. Газар нутгийн хэмжээтэй харьцуулахад бага ч, хүн амын тоонд харьцуулахад дэлхийн эхний таван оронд багтдаг.
Мөн тайгын ойтой бусад улстай харьцуулахад ч томд тооцогддог. Бид ГОУХАН-ийн “REDD+ Монгол Улсын үндэсний ойн тооллого” төслийнхөнтэй хамтарч Хангай, Алтай, Хэнтий, Хөвсгөлийн дөрвөн бүсэд нийт 10 сая га талбайд судалгаа хийлээ.
Уг судалгааг хийхийн тулд Германы Засгийн газраас зургаа, манайхаас нэг тэрбум орчим төгрөг гаргасан.
-Ямар стандарт, аргачлалаар тооллого хийв. Гол зорилго нь юу вэ?
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан IPCC (Intergovernmental panel on climate change) стандарт, зөвлөмжийн дагуу тооллого хийж, тайлан гаргаж байна.
Манай орны ой эрүүл эсэх, хатаж унасан мод хэр байгааг судалж, хүлэмжийн хий шингээх чадварыг нь тодорхойлж, хөрсний үнэлгээг ч гаргаж байгаа.
Уг судалгааны дүнгээр ойг эдийн засгийн эргэлт болон хүлэмжийн хийн худалдаанд оруулах боломж, ойгоо эрүүл байлгахад анхаарах зүйлс зэрэг маш олон үзүүлэлт, дагалдах материалтай болох юм.
Эцсийн дүн, тайланг зургадугаар сард гаргана. Урьдчилсан байдлаас үзэхэд манай орны ой ерөнхийдөө эрүүл байна.
Олон зорилтот үндэсний ойн тооллого хийснээр хүлэмжийн хийн худалдаанд оролцоход нэг алхам ойртож буй хэрэг.
-Ойн тооллого хийх нь хүлэмжийн хийн худалдаатай ямар холбоотой юм бэ?
-Нарны цацраг дэлхий дээр буугаад буцаж ойх ёстой. Гэтэл метан болон нүүрстөрөгчөөс үүссэн хүлэмжийн хий дэлхийг бүрхсэн учир нарны цацраг буцаж ойж чадахгүй, гацсанаас дэлхийн дулаарал нэмэгддэг.
Хүлэмжийн хийнээс үүдэлтэй цаг агаарын дулаарлыг нэмэх хоёр хэмээс ихэсгэвэл дэлхий маш их өөрчлөгдөх аюултай. Тиймээс хүлэмжийн хий шингээх чадвар бүхий ойтой байх нь маш чухал.
НҮБ-ын стандартын дагуу ойгоо тоолж, тайлан гаргасан орнууд л хүлэмжийн хийн худалдаанд оролцох эрхтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын эсрэг дэлхий нийтээр тэмцэх зорилгоор Парисын гэрээ байгууллаа.
Метан, нүүрсхүчлийн хий их хэмжээгээр ялгаруулдаг, үйлдвэр ихтэй өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хөгжиж буй орнуудад санхүүгийн урамшуулал олгох нь хүлэмжийн хийн худалдааны зарчим юм.
Харин хөгжиж буй орнууд ой модоо эрүүл байлгах, хүлэмжийн хий шингээх чадвар бүхий ойг ихэсгэх шаардлагатай. Өнгөрсөн 300 жилийн турш хүн төрөлхтөн ойгоо огтолсоноор 600 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаарт цацсан гэх судалгаа бий.
-Бид жил бүр мод тарьж, ойн хэмжээг ихэсгэвэл уг худалдаанаас олох ашиг нэмэгдэх үү. Манай оронд ямар мод ургуулбал илүү үр өгөөжтэй вэ?
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ойн стандарт гаргасан байдаг. Уг стандартад, нэг га талбайд ургасан модны нас, мөчрийн саглагар байдал, диаметр, өндөр зэрэг үзүүлэлт ямар байхыг заасан.
Тайгын ойн нэг га талбайд 3000-аас дээш мод байвал шигүү, түүнээс бага бол шингэн ой гэж тодорхойлсон. Мод тарьчихвал уг худалдаанаас олох мөнгөний хэмжээ ихсэхгүй.
Стандартыг хангахын тулд шинээр тарьсан модыг дор хаяж 15 жил ургуулах шаардлагатай. Манай орны ойн 70 орчим хувь нь шинэс. Шинэс нь хүлэмжийн хий шингээх, гацаах чадвар бүхий үнэт мод. Тиймээс эх орныхоо ойн сангийн голлох моддыг тарих шаардлагатай.
Гадаадаас авчирсан юм уу, манай цаг уурт тохирохгүй мод таривал бас нэлээд асуудал үүснэ. Харь мод дасан зохицохдоо муу, давжаа, нарийхан ургадаг. Үйлдвэрийн зориулалтаар ашиглахад ч хэцүү, хүлэмжийн хий шингээх стандартад ч нийцдэггүй. Иймэрхүү байдал Европт багагүй үүсэж байгаа.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман бараг ой модгүй болсон гашуун түүх бий. Тэр үед одоогийнхоо ойн 90 орчим хувийг тарьсан. Бид байгаль дэлхий, ус ургамлынхаа эх үндэс болсон модоо хайрлан хамгаалж, хойшид нэмж тарих хэрэгтэй. Үүнд хүн бүхний оролцоо чухал.
Иргэдээ мэдээллээр хангах, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлого, хүлэмжийн хийн асуудал, ойн хомсдол, доройтлын тухай оруулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай.
-Манай орон хэзээ хүлэмжийн хийн худалдаанд оролцох төлөвтэй байна. Нэг га ойгоос хэр хэмжээний мөнгө олох бол?
-Олон улс энэ худалдаанд оролцохоор бэлдэж байна. Уг ажлыг шалгах, хэрэгжүүлэхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр гэсэн гурван агентлаг ажлын хэсгээ байгуулчихсан.
Одоогоор улс орнуудаас амлалт авч, хүлэмжийн хийн худалдааны мэргэжилтнүүд бэлтгэж буй. Манайх уур амьсгал, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах “UN-REDD” хөтөлбөрт тайгын бүсийн ойтой орнуудаас хамгийн түрүүнд нэгдсэн учир давуу тал их.
Уг хөтөлбөр гурван үе шаттай. Манайх эхний шатандаа тэнцсэн. Өдгөө хоёр дахь шат болох хүлэмжийн хийн худалдаанд оролцоход шаардлагатай судалгаа, материалаа бүрдүүлж байна.
Ирэх онд уг худалдаанд оролцохуйц тайлан, баримт бичиг, мэргэжилтэнтэй болно. Нэг га ойгоос авах мөнгөний хэмжээ тодорхойгүй. Гэхдээ стандарт хангасан нэг га ойгоос дунджаар 13 евро авах боломжтой.
Жишээлбэл, манайх эхний ээлжинд судалгаа хийсэн 10 сая га ойн мэдээллээ явууллаа гэхэд 130 сая еврогийн худалдаанд оролцох боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ нь баталгаатай тоо биш.
Манай орны ойн 70-80 хувийг хүлэмжийн хийн худалдаанд оролцуулах боломжтой гэж үзэж байгаа.
-Өмнө нь мөрдөж байсан Киотогийн протоколоос Парисын гэрээ юугаараа давуу вэ?
-Киотогийн протоколын үед улс орнууд тохиролцоонд хүрч чадахгүй, нэлээд маргаантай байсан. Тухайн үед хөгжиж буй орнууд амлалт өгөхөөсөө илүү “нуугдаж” байв.
Харин Парисын гэрээ байгуулснаар бүх зүйл тодорхой болж, зөвшилцөлд хүрлээ. Улс орнууд бүгд амлалт өгч, түүнийгээ биелүүлэхийн тулд хэдий хэмжээний санхүүжилт гаргахаа дэлхий нийтэд зарлаж байна.
Тухайлбал, манай улс 2011 онд “UN-REDD” хөтөлбөрт хамрагдсаны дараа хамгийн анхны санхүүжилтийг Японы Засгийн газраас гаргаж, 400 мянга орчим ам.доллар өгсөн. Япон хүлэмжийн хийн худалдаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог.
Тэгвэл Парисын гэрээ байгуулах үеэр БНХАУ багагүй ач холбогдол өгч буй нь харагдлаа. Тэд 10 тэрбум ам.долларын санхүүжилт гаргана гэдгээ мэдэгдсэн.
Мөн энэ оноос эхлэн цөлжилт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тэмцэж буй хөрш орнууддаа 70 сая ам.долларын хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаа зарласан.
Тиймээс бидэнд санхүүгийн эх үүсвэр олдож буй тул холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдээ мэдээллээр хангаж, боловсон хүчин бэлтгэх боломж бий болж байна.
-Манай орны ой хэр доройтож байгаа бол?
-Социализмын үед модыг олноор нь хөрөөдөж, цавчсан учир ой их хомсодсон. Харин өнөө үед хомсдолгүй байгаа нь судалгаагаар батлагдлаа. Ойн доройтлын хувьд газар бүр харилцан адилгүй.
Түймэр, малын бэлчээр, хортон шавьж зэрэг нь ойн доройтлын үндсэн эх үүсвэр. Ялангуяа Хэнтийн бүсийн ойн доройтлын 30 гаруй хувийг түймэр эзэлж байна. Хойд хөршийн хилээр дамжин орж ирж буй түймэр их байгаа.
Бид ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийдэг ч төдийлөн амжилттай болдоггүй. Үр дүнтэй ажил үгүйлэгдэж байна. Мөн цаг уурын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэг олон шалтгаанаар ой өвчилж, хортон шавьж ихэсдэг.
-Хортон шавьж устгахад ямар арга хэрэгжүүлж байна вэ?
-Мэргэжлийн байгууллагууд хортон шавьжаас шалтгаалсан ойн өвчлөлийг жил бүр судалж, хаана их байгааг тогтоодог. Улсын төсвөөс ойн өвчлөлтэй тэмцэхэд зориулж жил бүр хөрөнгө гаргадаг.
Энэ жил төсвийн хүндрэлээс болж, хортон шавьжтай тэмцэх ажил бага хийнэ.
Манайх агаараас химийн орцтой бэлдмэл цацаж хортон шавьж устгах аргыг олон жил хэрэглэж байснаа өнгөрсөн онд зогсоож хүн, амьтан, ургамал болон ашигтай шавьжинд хоргүй, байгаль орчин бохирдуулдаггүй биологийн бэлдмэлүүд хэрэглэх болсон.
-Ойд түймэр гарсны дараа хурдан сэргэж, хус их ургадаг гэдэг. Энэ үнэн үү?
-Ой мод хэдэн сая жилийн турш түймэр, цасан шуурганд өртөж, аянганд ниргүүлсээр ирсэн. Байгаль өөрийгөө гэмтээж бас эмчилдэг. Түймэрт өртсөн ойг судлахад маш богино хугацаанд шинэчлэгдэж, сэргэсэн байдаг.
Манайд малын бэлчээрээс шалтгаалж, ой шинэчлэгдэж ургах нь удааширч байна. Ялангуяа үхэр ургаж буй зулзаган модыг гэмтээх, түйвээж идэх нь элбэг.
Хэдийгээр түймрийн дараа ой хурдан сэргэж, төлждөг ч байгаль болон эдийн засагт багагүй хохиролтой. Мэргэжлийн ном, материалд хусыг ойн хамгаалагч гэж тодорхойлдог. Айлаар бол хашаа юм.
Хус нарны хэт халалт, салхи шуурга зэрэг байгалийн үзэгдлээс ойг хамгаалж, хүрээлэн ургадаг. Мөн бусад модтой харьцуулахад богино настай. Тиймээс сөрөг нөлөөтэй гэж болохгүй.
-Бид ойн санг ихэсгэх, эрүүл ойтой байхын тулд юу хийх шаардлагатай вэ?
-Ой, хүн хоёрыг салгаж болохгүй. Хүмүүс жимс түүх, мод түлэх зэргээр ойн хишгийг байнга хүртдэг шигээ түүнийг хамгаалах ёстой. Гэтэл манайх ойн тухай болсон болоогүй олон журам гаргаж, түүнийгээ мөрдөж, шалгадаггүй тул модны хулгай тасардаггүй.
Хамгийн гол нь бид ойн салбарыг улс орондоо ашигтай талаас нь харах ёстой. Ой бол нөхөн сэргэдэг баялаг. Мөн дагалдах баялаг ч ихтэй. Улсын төсөвт ойн салбараас оруулж буй хөрөнгө маш бага байгаа нь харамсалтай.
Мод түлдэггүй айл бараг байхгүй. Тиймээс хүмүүс татвар төлөх хэрэгтэй. Тооллогын үед хөгширсөн, хатаж унасан мод маш их байсан. Үүнийг хэрхэн зүй зохистой эдийн засгийн эргэлтэд оруулахыг судалж, хэрэгжүүлэх нь чухал.
Судалгааны урьдчилсан дүнгээс харахад унасан болон ургаа 240 сая шоо метр хатсан модны нөөц байна. Мэдээж бүгдийг нь авч, ашиглахгүй. Зарим нь ургаж буй нялх модыг нар, салхинаас хамгаалах үүрэгтэй.
Ойг мэргэжлийн хүний нүдээр харж, ашиглавал хэдэн их наяд төгрөгийн нөөц хөрөнгө бий болно.
-Иргэдийн амьжиргааны түвшин муу байгаа өнөө үед түлээнээс татвар авахад хүндрэл учрах юм биш үү?
-Зөв менежмент л хэрэгтэй. Түлээний менежмент гэдэг эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Тэр нь байгальд ээлтэй, иргэдэд ч ашигтай байх учиртай. Манай улсын нийт ойн 30 орчим хувь нь тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг.
Тэгэхээр ойг хамгаалах хүн хүч маш дутмаг. Үүний оронд хувийн хэвшлийнхэнд хариуцуулж, хамгаалуулбал төр, иргэн хэн хэндээ ашигтай. Харин төрийн зүгээс хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хянадаг байх нь зүйтэй.
Модыг гал болгохоосоо урьтаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж үнэ цэнийг дээшлүүлэх хэрэгтэй болов уу. Улсад хөрөнгө бүрдүүлж чадах бие даасан салбар учраас ойн эдийн засгийн бодлогыг шинэчлэх шаардлагатай.
Ойн сантай орнууд олон төрлийн бодлого хэрэгжүүлж байна. Финланд улс л гэхэд зөв бодлого хэрэгжүүлж, цаас үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдлаа. Мөн жимс боловсорсон үед Тайландаас 35 мянган хүн авчирч ажиллуулан, үр шимийг нь олуулаа хүртэж байна.
Энэ мэтээр ашигтай ажиллагаа явуулбал бид ойгоосоо үлэмж их хөрөнгө босгож, үр шимийг нь хүртэх боломжтой.
Э.НАМУУН