Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Юуны түрүүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарын талаар гишүүд нэлээд ярилцсан бөгөөд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдийн гаргасан саналыг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцуулсан аж.
Тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн 24.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” хэмээн заасныг ишлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоохоор төсөлд тусгасан гэлээ.
Ингээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон гэлээ.
Мөн уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын ОУХЭК-ийн Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэлээ. Тиймээс хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийн тухай байв.
Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна гэж үзжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.