Би хожим нас өндөр болохоороо тэтгэвэр авна гэж нийгмийн даатгал төлдөг. Хэзээ нэг өдөр бие өвдөж чилээрхвэл эмнэлгийн тусламж авна хэмээн найдаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгуулдаг юм.
Цэнхэр, улаан ийм хоёр “тасалбар”-тай хүн, би. Харин насаараа махийж, олсон хэдээсээ нийгмийн даатгалд хуримтлууллаа ч үр ашгийг нь хүртэж чадалгүй өнхрөөд унах вий гэхээс хачин их эмээнэ.
Ард иргэд нь төрөө санхүүжүүлдэг, төр нь иргэнээ мөлждөг, ийм л тогтолцоотой нийгэмд бид хөгжил дэвшил ярин хэдэн ч жарныг элээв дээ, хөөрхий.
Тэгвэл саяхнаас иргэнийхээ төлөө “үйлчлэх” хэд хэдэн хууль шинээр төрж, монголчуудын магнай тэнийх шиг. Гэхдээ “Монголын хууль гурав хоног” болчихгүй л бол шүү дээ.
Бидний ажил, амьдрал, эрүүл байхтай хамгийн их хамаатай даатгалын багц хуулиуд эхнээсээ шинэчлэн батлагдаж, зарим нь өнгөрсөн оноос, хэсэг нь одооноос үйлчилж эхлээд байгаа.
Тодорхой эрхэлсэн ажилтай иргэдийн цалингаас 10, ажил олгогчоос 10 хувь буюу таны нийт цалингийн 20 хувь нь нийгмийн даатгалд төвлөрдөг. Цалингаас шимтгэсэн 20 хувийн 14 нь тэтгэврийн, нэг нь тэтгэмжийн, дөрөв нь эрүүл мэндийн, нэг нь ажилгүйдлийн санд төвлөрдгийг та мэдэх үү.
Нийгмийн даатгалын сан цаашаа тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан гэж задардаг. Бидний амьд явах нь цэнхэр, амьдралын баталгаа нь тэр жижигхэн улаан дэвтрээс хамааралтай байдаг учир нь энэ.
Тэгвэл Монгол Улсын бүх иргэнийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсонд нь тусламж үзүүлэх зорилготой Иргэний эрүүл мэндийн тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 29-нд шинэчлэн найруулж, баталснаар даатгуулагчид янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал эдлэхээр болов.
Шинэ хуулийн зарим заалтыг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс, заримыг нь энэ оны нэгдүгээр сараас мөрдөж буй. Өмнө нь бид танил талаа царайчлан улсын эмнэлгүүдээс арайхийн тусламж, үйлчилгээ авдаг байсан цаг ард хоцорсон.
Хэн ч бай эмнэлгээ өөрөө сонгон үйлчлүүлж, илүү төлсөн мөнгөө эргүүлэн авах, эсвэл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлдээ шилжүүлэх, тусламж, үйлчилгээндээ зарцуулж буй мөнгөө өөрөө хянах гээд олон эрх эдлэх болов.
Харин одоо эмч нар харилцаагаа, эмнэлгийн байгууллагууд менежментээ өөрчилж, даатгуулагчдаа татах гэж чармайх үлдлээ.
Өмнө нь долоон төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалаас санхүүжүүлдэг байсан бол үүнийг 11 болгон нэмэгдүүлснээр нийгмийн зарим бүлгийн даатгуулагчдын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнд иргэд бухимдах боллоо.
Тодруулбал, идэвхтэй ажил эрхэлдэг хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод үзэхэд л эрүүл мэндийн даатгалын шимтгэлд жилдээ 198 мянган төгрөг төлж байгаа.
Гэтэл тодорхой эрхэлсэн ажилгүй, зорилтот буюу эрсдэлтэй бүлгийн иргэд сард 670, жилд 8040 төгрөг төлдөг хэрнээ даатгалын сангаас төлсөн мөнгөнөөсөө илүү тусламж, үйлчилгээ авдаг болохыг ХАХНХЯ-ныхан хэлсэн.
Мөнгөний ялгаа ийм их байсныг болиулж, хөдөлмөр идэвхтэй эрхлэгчид цалингийнхаа хэмжээнээс хамаараад дөрвөн хувиас ихгүй хэмжээний шимтгэл (хоёр хувийг нь өөрөө, үлдсэнийг нь ажил олгогч байгууллагаас) төлөхөөр болсон.
Тэгвэл 0-18 насныхны даатгалыг төрөөс хариуцахдаа сард 670 төгрөг өгдөг байсныг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэгээс доошгүй хувь буюу 1920 төгрөг болгож нэмэгдүүллээ.
МСҮТ-ийн суралцагч нар даатгалын шимтгэлээ өөрсдөө төлдөг байхад их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнууд төрөөс гаргуулдаг байсныг болиулж, 1920 төгрөг болгож, өөрсдөөс нь авахаар шийдвэрлэсэн.
Мөн тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд, хүүхдээ асарч буй эхчүүд нэг хүүхэдтэй бол хоёр, ихэр бол гурван нас хүртэл нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр төлдөг нь янзаараа.
Нийгмийн халамжийн дэмжлэг, тусламж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүд, эмзэг бүлгийнхэн, цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг хэвээрээ.
Гэхдээ шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь болгон нэмэгдүүлсэн. Ажилгүй хүмүүс, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийнхийг мөн нэмэгдүүлж, сард 3840, жилд 46080 төгрөг байхаар шийдвэрлэв.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль ийн “нөмрөгөө” сольж, иргэдэд ивээлээ өгөх нь. Харин Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй ч иргэдэд ашигтай нэлээд ажил хийгээд байгаа.
Хувийн компаниуд ажилтнуудынхаа цалинг нууж дарагдуулан, шимтгэлийг үнэнхүү багаар, эсвэл огт төлдөггүй байсан нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиар ил болж, улсын даатгалын санд одоогоор 2.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна.
Мөн гадаадад ажиллаж, амьдардаг иргэдээ нийгмийн сайн дурын даатгалд хамруулж, шимтгэлийг нь цахимаар авч эхэлсэн гээд чихэнд чимэгтэй мэдээ байна.
О.БАТ-УНДРАХ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.БАТЖАРГАЛ: 1257 ажил олгогч 11 тэрбум төгрөгийн цалингийн сангаа ил болгосон
Хувийн компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг алдаг оног тушаадаг, зарим нь бүр огт төлдөггүй. Эдгээр байгууллага хуулийн дагуу хариуцлага хүлээдэг ч тэднийг нэг бүрчлэн шалгах боломж байдаггүй.
Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-нд баталж, энэ хүрээнд ажил олгогч ямар нэгэн алданги, торгууль төлөхгүй, захиргааны хариуцлага хүлээхгүйгээр ажилчдынхаа даатгалын шимтгэлийг төлөх боломжтой болсон.
Энэ талаар НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалтай ярилцлаа.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэр хэрэгжиж байна вэ. Үр дүн гарч байна уу?
-Хуульд нийт таван агентлаг хамрагдаж буйн нэг нь манайх. Одоогоор хууль хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. 21 аймаг, нийслэлийн харьяа хэлтсүүдтэйгээ гэрээ байгуулан, холбогдох бүх программ хангамж дээр ажиллаж байна.
Тухайн жилүүдэд хөдөлмөрийн болон, хөлсөөр, ажил гүйцэтгэх гэрээгээр хөдөлмөр эрхэлж байсан, одоо ажиллаж байгаа ажилтнуудаа даатгуулаагүй компаниудыг уг хуульд хамруулж байгаа.
2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийт 1257 ажил олгогч тайлангаа шинээр ирүүлснээс 174 нь нийгмийн даатгалд огт бүртгэлгүй байсан.
Дээрх аж ахуйн нэгжүүд нийт 3290 даатгуулагчийн шимтгэлийг нөхөн төлсөн байна. Өөрөөр хэлбэл, тэд нийт 11 тэрбум төгрөгийн цалингийн сангаа ил болгож, 2.4 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн.
Хэрвээ хууль батлагдаагүй байсан бол 2.4 тэрбум төгрөгийн шимтгэлийг аж ахуйн нэгжүүдээр төлүүлж, тэдэнд 1.2 тэрбум төгрөгийн алданги ногдуулж, хариуцлага тооцох байлаа.
-Хуулийг хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ?
-Анх 2015 оны арванхоёрдугаар сарын 31 гэж байсан ч УИХ арванхоёрдугаар сарын 24-нд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Ингэлээ гээд ажил олгогч бүү тайвшраарай.
Хуулийг 2015 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхэд компаниудын идэвх оролцоо сул байсан ч арванхоёрдугаар сар гаруут ачаалал огцом нэмэгдсэн.
Тиймээс ажил олгогчдод хандаж хэлэхэд энэ сард багтаагаад тайлангаа ирүүлж, асуудлаа шийдээрэй. Хоёрдугаар сард Цагаан сар тохионо. Олон хоног амрах тул хэн хэндээ хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй.
-Хэчнээн ажил олгогч даатгуулагчдынхаа шимтгэлийг нөхөн төлөх тооцоо гарсан бэ?
-НДЕГ-т 2014 оны жилийн эцсийн байдлаар 40 орчим мянган ажил олгогч бүртгэлтэй байна. Эдгээрээс нарийн тоо гаргахад их түвэгтэй. Учир нь Татварын болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, манайд гээд энэ гурван байгууллагад бүртгэлтэй ажил олгогчдын тоо зөрүүтэй байгаа.
Зөрүүг нь үндэслэн тэд орчим мянган аж ахуйн нэгж хуульд хамрагдах болов уу гэж таамаглахаас хэтрэхгүй. Гэхдээ энэ бол орлогоо сайн дураараа ил болгох ажил болохоос албадлага биш.
Тиймээс бид сайн дураараа орлогоо тайлагнасан компаниудын баримтыг нууцын зэрэглэлтэй хадгалж байгаа. Учир нь ямар нэг байдлаар гүйцэтгэх ажиллагаа явуулахад нотлох баримт болгож болохгүй гэсэн заалттай.
-Ажил олгогчдын тоо зөрүүтэй байна гэлээ. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хугацаанд орлогоо ил болгоогүй, шимтгэлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-НДЕГ өнгөрсөн арваннэгдүгээр сард орон даяар 50 мянган урилга тарааж, ач холбогдлыг нь сурталчилсан. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сараас эхлээд манай шалгалт улсын хэмжээнд зогссон.
Орлогоо нуусан, шимтгэлээс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаж, хариуцлага тооцдог механизм руугаа хоёрдугаар сарын 20-ноос шилжинэ. Иргэдийн санал гомдлын дагуу болон тушаалаар шалгалтууд хийгээд явна гэсэн үг.
Хэдийгээр энэ хууль ажил олгогчдод зориулсан мэт харагдавч ачир дээрээ иргэдэд л ашигтай. Жишээлбэл, Бат 800 мянган төгрөгийн цалинтай. Тэгтэл компани нь Батын шимтгэлийг төлөхдөө цалинг нь 250 мянган төгрөгөөр тооцон боддог.
Эсвэл огт даатгуулаагүй байх нь бий. Ийм тохиолдолд иргэд л хохироод үлддэг шүү дээ. Тиймээс иргэдийг баталгаатай амьдрах, ямар нэгэн зээл тусламжид хамрагдах, цаашлаад тэтгэвэрт гарахад нь одоогийн энэ хууль чухал ач тустай.
О.БАТ-УНДРАХ
ИНФОГРАФИК

ДЭЛХИЙН ЖИШИГ
Дэлхий дахинд нийгмийн даатгалын үндэс суурь XVIII зууны сүүл, XIX зууны эхээр тавигдсан гэж үздэг.
Ажилчин ангийг нийгмийн хамгаалалтад авах ёстой гэдэг үзэл санааг хамгийн анх Карл Маркс дэвшүүлэн тавьжээ. Өнөөдөр дэлхийд нийгмийн хамгааллын тогтолцоогоороо Скандинавын улсууд болох Нидерланд, Дани, Швед, Швейцарь тэргүүлж байна.
Эдгээр улс социалист чиг баримжаатай нийгмийн даатгалын тогтолцоо хэрэгжүүлдгээрээ дэлхийд алдартай.
ШВЕД: Энэ улс нийгмийн даатгалаас олсон мөнгийг эрүүл мэнд, боловсрол болон хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулдаг онцлогтой.
Иргэнээ эрүүл, ажилтай, баян байлгах бодлого баримталдаг тус улс Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөнөөсөө сар бүр хүүхэд бүрт 950 крон олгодог журамтай. Мөн гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд нэмэлт мөнгө өгдөг аж.
ШВЕЙЦАРЬ: Нийгмийн даатгалын тогтолцоо нь улсын буюу бүх нийтийн, хувийн гэсэн хоёр чиглэлээр хөгжжээ. Энэ нь даатгуулагч улсын нэгдсэн даатгалд албан ёсоор хамрагдаж болохоос гадна хувиараа даатгуулж болдог гэсэн үг.
Тус улс Нийгмийн даатгалын сангаасаа эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаадын цагаач иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах боломж олгодог цөөхөн улсын нэг.
НИДЕРЛАНД: Тус улс 1957 онд баталсан Нийгмийн даатгалын хуулиндаа 2003 онд өөрчлөлт оруулжээ. Нидерландын иргэд тэтгэвэрт гарахдаа хамгийн өндөр тэтгэмж авдаг гэж хэлж болно.
Скандинавын хойгийн энэ жижигхэн улсад сард 10 мянган еврогоос хол давсан тэтгэвэр авдаг иргэд цөөнгүй бий.
НОРВЕГИ: Нийгмийн даатгалын тогтолцоо нь даатгалаа шууд болон шууд бус хэлбэрээр төлж болдгоороо онцлогтой. Энэ нь нийгмийн даатгалаа нөхөн төлж болдог гэсэн үг юм.
Норвегид ажил хийж байгаа хүн цалингийнхаа 7.8 хувьтай тэнцэх шимтгэлийг нийгмийн даатгалд төлдөг. Тус улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөө эрүүл мэнд болон нийгмийн сайн сайханд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Э.БААСАНЖАЛБА: Гадаадад ажиллаж буй иргэдийн даатгалын шимтгэлийг 12 хувиар тооцно
Хилийн чанадад оршин суугаа Монгол иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор НДЕГ, Төрийн банктай хамтран цахимаар даатгуулах үйлчилгээг саяхнаас нэвтрүүлсэн. Энэ талаар НДЕГ-ын Тамгын газрын мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодруулав.
-Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа, цахимаар төлөх боломжтой болсон. Зарим нь энэ талаар сайн мэдээлэлгүй байх шиг байна?
-Хүн ам, орон сууцны хамгийн сүүлчийн тооллогоос үзвэл манай улсын нийт 107.140 иргэн гадаадад зургаан сараас дээш хугацаагаар ажиллаж, амьдарч байна. Жил ирэх тусам хилийн чанадад ажиллаж, амьдрах монгол иргэд нэмэгдсээр байгаа.
Эдгээр иргэн тодорхой хугацааны дараа эх орондоо ирэх хүсэлтэй байдаг ч нийгмийн баталгаа нь хангалтгүй байдгаас хугацаагаа хойшлуулах нь бий. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор цахимаар нийгмийн даатгалд хамрагдах боломж бүхий шинэ үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ингэхдээ нийгмийн сайн дурын даатгалд хамруулах юм.
Иргэд манай www.ndaatgal.mn сайтад байрлуулсан баннер дээр дарж нэвтрэн, хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай. Дараа дараагийн алхмууд нь заавар дээр ойлгомжтой бичигдсэн байгаа.
Бүртгүүлснийхээ дараа цахимаар гэрээгээ байгуулах юм. Энэ ажлыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцан ажиллаж байна. Тэд гэрээ байгуулсан иргэдэд даатгалын дэвтэр нээж, сар бүр баталгаажуулаад явна. Тухайн иргэн эх орондоо ирэхдээ гэрээнд гарын үсэг зурж, дэвтрээ хүлээж авах юм.
Энэ үйлчилгээ өмнө нь огт байгаагүй биш л дээ. Иргэд гадаадаас сайн дурын даатгалын үйлчилгээнд хамрагдахдаа ах, дүү, хамаатан саднаараа дамжуулдаг байсан. Иймэрхүү шууд бус харилцааны явцад олон хүндрэл гардаг байсныг цэгцэлсэн хэрэг.
-Гадаадад амьдрагсад цалингаа хэдээр тооцож, шимтгэл төлж байгаа юм бол. Хүмүүсийн идэвх хэр байна вэ?
-Сарын орлого, зарлага, ирээдүйн нийгмийн баталгаагаа хангах байдал зэргээсээ шалтгаалаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 192.000- 1.920.000 төгрөгийн хооронд орлогоо сонгож, шимтгэл төлөх боломжтой.
Харин таны сонгосон дүн гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүйг анхаараарай. Шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу 12 хувиар тооцон авна. Жишээ нь, сард 200.000 төгрөгөөр даатгуулахаар гэрээ байгуулсан иргэн сард 24.000 (200.000х12 хувь) төгрөг төлнө гэсэн үг.
Энэхүү үйлчилгээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн. Иргэдийн дунд хүлээлт их байсан. Одоо ч хандсаар байна. Төрийн банк “Хүний хөгжил” сангийн мөнгийг олгож байсан учраас иргэн бүр тус банкинд данс эзэмшдэг. Дансгүй байсан ч цахимаар холбогдож, нээлгэх боломжтой.
Тухайн иргэн дансандаа сар бүр, эсвэл улирлаар, жилээр гэх мэт шимтгэл төлөх хэлбэрээ сонгож болно. Шимтгэлээ валютаар хийнэ. Банк тухайн өдрийнх нь ханшаар тооцож авах юм.
Шинэ, ялангуяа цахим үйлчилгээ жигдэртлээ хугацаа ордог. Бид үйлчилгээ, программ хангамжаа илүү сайжруулахаар ажиллаж байна.
-Нийгмийн сайн дурын даатгалд хамрагдсанаар иргэдэд ямар ашигтай вэ?
-Тэтгэврийн (10 хувь), тэтгэмжийн (нэг хувь), үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал (нэг хувь)-д тус тус хамрагдана.
Ингэснээр өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувиллын хувьсах зардал зэргийг авах нөхцөл бүрдэнэ.
Нийгмийн баталгаа нь ч төдий хэмжээнд сайжирна гэсэн үг. Учирч болохуйц аливаа эрсдэлээс хилийн чанад дахь иргэдээ хамгаалах нэгэн хэлбэр энэ гэж ойлгож болно.
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох гэсэн иргэд урт дараалал үүсгэжээ

Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлснээр дүүргүүдийн Нийгмийн даатгал, халамжийн хэлтсүүдийн ачаалал нэмэгджээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжээ бодуулах хүсэлтэй хүн олон очсон байв.
Багц хуулийн шинэчилсэн найруулгад Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хуульд “14 хоногийн дотор” гэснийг “хүндэтгэн үзэх шалгаантай бол гурван сарын дотор” хэмээн өөрчилжээ.
Тиймээс энэ талаарх мэдээлэл авах гэсэн хүмүүс цугларсан нь тэр аж. Тус дүүргийн иргэн Д.Саран “Би өнгөрсөн арванхоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ тэтгэмжээ авч чадаагүй. Ийм хууль гарсныг сонсоод асууж тодруулахаар явж байна” гэсэн юм.
Мөн иргэн Саруулсайхан “Ажил олгогч ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг нөхөн төлөх хугацааг сунгасан юм байна. Гэтэл миний ажиллаж байсан байгууллага үйл ажиллагаагаа зогсоогоод олон жил болчихож. Нийгмийн даатгалаа өөрөө нөхөн төлж болох эсэхийг сайн мэдэхгүй учир тодруулахаар явж байна.
Олон шинэ хууль хэрэгжиж буй ч иргэдэд мэдээлэл нь ер очихгүй юм. Нийгэмдээ мэдээллээ сайн түгээж баймаар байна” гэлээ.
Мөн тус хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагч нар ачаалал ихтэй байв. Энэ сарын 1-нээс оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахаа больж буй. Тиймээс цаашид даатгалаа хэрхэн төлөх талаар тодруулах гэсэн оюутнууд тус хэлтэст хандах нь ихэсчээ.
Энэ талаар тус хэлтсийн мэдээлэл, сургалт сурталчилгааны мэргэжилтэн Б.Нарантуяа “Оюутнууд эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх талаарх мэдээллийг манайх нээлттэй өгч байгаа. Үүнээс гадна манай байгууллага Нийгмийн даатгалын багц хуулийн талаар сургалт зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд албан байгууллагуудад хоёр ч удаа сургалт зохион байгуулж, хуулиа сурталчилсан. Иргэд манайхаас мэдээлэл чөлөөтэй авч болно” гэж ярив.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст мөн адил мэдээлэлгүй иргэд олон очжээ. Тухайлбал, тэтгэвэртэй холбоотой нэмэлт өөрчлөлтийн талаар мэдэх гэсэн хүн олон байв.
Үүнтэй холбогдуулан тус хэлтэс Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа гэнэ.
Мөн гарын авлага тарааж, хороо бүрт тогтсон булан байгуулан ажиллаж байгаа юм байна. “Бид хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаар зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байна. Гэхдээ зарим нэг асуудлыг иргэд буруу ойлгох явдал бий.
Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг иргэд өөрсдөө нийгмийн даатгалаа сайн дураараа нөхөн төлж болно гэж ойлгож байна. Тиймээс ажилласан жилээ өөрсдөө нөхөн төлье гэж хандах нь их болсон” гэв.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Нийгмийн даатгалын тухай багц хуулийг шинэчилж эхэлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
Ө.Сарантуяа (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн)
-Нийгмийн даатгалын дэвтрээ гээчихсэн юм. Дахиж авах гээд бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. Уг нь 50 настайдаа тэтгэвэрт гарах гээд хөөцөлдөөд чадалгүй, таван жил өнгөрчихлөө.
Хувийн байгууллагад ажилласан жилүүдийг ажилласан хугацаанд оруулаагүй юм. Гэтэл тэр жилүүдээ нөхөж оруулж болохоор болж. Тэтгэвэрт гарах хугацаанаас дөрвөн жил дутаад байсан юм.
Энэ талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан ч олигтой хэлээд, зөвлөөд өгөх хүн байхгүй, дуугарч ядаад л байх юм. Ийшээ, тийшээ яв гээд хэдэн өдөр хөөцөлдөж байна.
Эгч нь уг нь нягтлан мэргэжилтэй. Мэргэжлээрээ Улсын их дэлгүүр, Ус сувгийн удирдах газарт ажиллаж байсан.
Б.Цэрэнбаяр (Монголын үндэсний их сургуулийн II дамжааны оюутан)
-Ажилгүй, аав ээжээсээ мөнгө авдаг бидэнд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлдөг болж байгаа нь хэцүү л санагдаж байна. Оюутны 70 мянгаа аваагүй байгаа. Сүүлийн гурван сарынхыг олгоогүй.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 3-6 дахин нэмэгдсэн гэсэн. Бид жилд 23 мянган төгрөг өгөх юм билээ. Эрүүл мэндийн үйлчилгээ бараг авдаггүй болохоор сайн дураараа даатгалаа төлье гэж бодохгүй байна.
Улсаас төлдөг байхад ч эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж байсан нь ховор. Харин сургуулиа төгсөөд ажилд орохоороо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа сайн төлнө гэж бодож байна.
Б.Баярмаа (Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн)
-Нийгмийн даатгалын багц хуулиудын талаар мэдээлэл багатай байна. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдсэн нь хувиараа төлдөг хүмүүст бас нэг ачаа болсон санагддаг. Хүүхэд төрүүлээд олон жил гэртээ суусан.
Энэ оноос л сайн дурын даатгалд хамрагдах гэж байна. Хүүхдээ төрүүлэхээс өмнө ажилласан дөрвөн жилдээ нийгмийн даатгалд хамрагдсан. Хамгийн багадаа 23 мянган төгрөг төлөх юм билээ.
Улсаас эрүүл мэндийн даатгал төлж байгаа ч ашиг тус нь бараг гардаггүй шүү дээ. Эрүүл мэндийн дэвтрийг шинжилгээ өгөхөд л хэрэглэхээс цаашгүй юм биш үү.
Ц.Оюунцэцэг (Сонгинохайрхан дүүргийн XIII хорооны иргэн)
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг амьдралд нийцсэн, сайн хууль гэж боддог. Олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа нь амьдралд нэмэртэй шүү дээ.
Гэхдээ миний хувьд үүнд хамрагдах, эсэхээ мэдэхгүй байна. Хөгшин минь тэтгэвэр авдаг байсан ч бурхны оронд очсон. Нөхөж олгох болов уу. Би 23 жил жолоочоор ажиллаж, нийгмийн даатгалаа тасралтгүй төлсөн. Одоо 243 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.
Г.ЦЭЦЭГ