Орбитын дэнж дээр жижигхэн цагаан байшиндаа охиноо харж өнждөг Т.Уянгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас дутахгүй чинээлэг эмэгтэй. Баян хүн яагаад Зайсанд биш Орбитод, хаусанд биш байшинд амьдардаг билээ гэж үү. Банкинд хэдэн зуун саяын хадгаламжтай, авдартаа алтан эдлэлтэй хүн биш л дээ, тэр.
Нөхөр нь Эрээнд хятадуудын том машины жолоо барьдаг бол Уянгаа өөрөө нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан ч борлуулалт багассан гэсэн шалтгаанаар ноднин намар үйлдвэр нь үйл ажиллагаагаа зогсоосон тул одоо гэрийн мухар сахиж сууна.
Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар эднийх өндөр оноо авч, 18 дугаар түвшинд орсон учраас чинээлэг гэсэн ангилалд багтчихаад байгаа юм.
П.Нямынх X хороололд 60 ам метр талбайтай байранд дөрвүүл аж төрдөг. Тэр өөрөө уул уурхайн томоохон компанид данстай ч жил гаруйн өмнө байгууллагаас өгсөн цалингүй чөлөөг эдлээд гэртээ бухимдаж сууна.
Байр, машины зээл, дулаан, цахилгааны төлбөр, хоол хүнс гээд бүх ачаа гэрийн эзэгтэйн нуруун дээр буужээ. Нөхөр нь машинаа барьцаалж, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадалгүй унаагаа хураалгачихаж.
2013 оны арваннэгдүгээр сарын 25- наас арванхоёрдугаар сарын 9-нд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас орон даяар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явуулах үед эднийд байсан зүйлсийн нэлээд нь одоо байхгүй ч 20 гэсэн түвшинд УИХ, Засгийн газрын гишүүд, алт, зэс, нүүрсний групп, корпорацуудын эзэдтэй эн зэрэгцэн үнэлэгджээ.
Дэнжийн мянгад айлын хашаанд толгой хоргоддог, бага таван ханатад тавуул аж төрдөг Ц.Баатарынхыг ч нийгмийн халамж үйлчилгээний газрынхан хөрөнгөтний эгнээнд оруулчихжээ.
Хятадад үйлдвэрлэсэн, жижиг ч гэлээ хөргөгчтэй, 32 инчийнх ч гэлээ “Нарантуул”-аас авсан өнгөт зурагттай, овчарк, бульдог... гэх мэт нэр цуутай үүлдрийнх биш ч гэлээ гэрээ мануулах нохойтой, хамгийн гол нь гэр нь өөрийнх нь гэсэн үзүүлэлтээр эднийх 18 дугаар түвшинд үнэлэгдсэн байна.
Тэр судалгааг авч байх үед эхнэр нь оёдлын үйлдвэрт, нөхөр нь “халтуур” гэх аргаар хааяа ч болов ажил хийчихдэг байсан нь эднийхийг ийн дээгүүр эрэмбэлэгдэхэд хүргэсэн аж.
2013 онд авсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар Монгол Улс ард иргэдээ амьжиргааны түвшингээр нь 1-20 ангилж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлсэн.
Хүн зоныхоо амьдралын түвшинг тогтоон, хэнд ямар халамж хэрэгтэйг мэдэж, түүндээ тулгуурлан бодлого боловсруулах нь зөв ч энд нэг зүйл буруу байна. Харваас амьдралын огт өөр түвшний хүмүүсийг нэг зиндаанд багтаасан нь байж боломгүй алдаа юм.
Үүнийг өргөмжиллөө гэж баярлах уу, доромжиллоо гэж уурлах уу? Амьд хүнийг нас барсан гэж андуурахаар мөнхрөх нь гэж худалчийг цагаатгадаг шиг манайх удахгүй баяжих нь ээ гэж бэлгэшээх үү? Монголчууд Шинэ жилийн баяраар энэ тухай яриагаар бялуугаа “чимэв”.
Аваад хоёр жил болсон судалгааг хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор сая л мэдсэн болохоор тэр л дээ. Төр, засаг гэдэг өвлийн өвөө 2006 оноос хүүхдүүдийг сар бүр 3000, улиралд 25 мянга, дөнгөж мэндэлсэн нялхсыг 100 мянган төгрөгөөр мялааж байгаад гурван жилийн дараа гар татсан ч 2012 оны аравдугаар сарын 1-нээс дахин алгаа тэнийлгэж, сар бүр 20 мянган төгрөг гялайлгадаг болсон билээ.
Хүүхдэд мөнгө өгөх санаачилгыг би гаргасан, чи гаргаагүй хэмээн эрх баригч намууд тэр үед булаацалдаж байв. Өгөөмөр өглөгч тэр өвөө энэ удаа баян айлын хүүхдэд бэлэг өгөхгүй, ядуусын багачуудыг л баярлуулна хэмээн гэмгүй хонгор үрсийг аав ээжийнх нь бэл бэнчингээр алагчлав.
Хүүхдийн нүд хэцүү хэмээн боорцог ч болтугай атгуулдаг заншилтай монголчууд үүнийг ихэд жигшиж байна.
За яах вэ, хөрөнгөтэй айлын хүүхдэд мөнгө өгдөггүй юм байж. Тэгвэл тэр хүүхдүүдийг 18 нас хүртэл нь аав ээжийг нь ажилтай, орлоготой, 2013 онд байсан түвшнээс нь уруудуулахгүй амьдруул л даа.
Эцэг эхийнх нь ажилладаг аж ахуйн нэгжийг дампууруулахгүй байлга. Авдаг цалинг нь багасгахгүй өг. Хамгийн гол нь тэр хүүхдийг 18 нас хүртэл нь торгонд хөлбөрч, тосонд умбана гэсэн баталгаа шаардлагатай.
Хаврын тэнгэр шиг хуйсгануур ааштай Монголын төр, засаг ийм баталгаа гаргаж өгч чадахгүй гэдгийг гадаадынхан ч андахаа байсан шүү дээ.
Энд үзэг, цаас эвлүүлэх болсон гол учир нь хүүхдийн мөнгөндөө биш юм. Эдийн засаг гэдэг хүний гэдэс хямарч, тэрийг эмчлэх учиртай төр, засаг эм тариа авах мөнгөгүй байгааг монголчууд бүгд мэдэж, ойлгож байгаа.
Тиймээс хүүхдийн мөнгийг хасах, танахыг зөвшөөрч байгаа. “Нэг сая 30 мянган хүүхдэд бүгдэд нь мөнгө өгдгөө болилоо. Яагаад гэвэл Засгийн газарт мөнгө алга” гэж хэлэхдээ мөнгөгүй хоцорч буй 180 мянган хүүхдэд “Танайх баян учраас чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн.
Гэтэл эцэг эхчүүд “Манайх баян биш” хэмээн эсэргүүцсэнээр өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа гэгч нөлөөт толиор ард иргэдээ төр засаг харсан нь тодорхой боллоо.
Монгол Улсын иргэдийн дийлэнх нь дунджаас доогуур амьдралтай. Тэд алхам тутамдаа хичээж, мэрийж гишгэхгүй л бол амьдралын ангал руу уначих гээд дэндэгнэж яваа хүмүүс.
Ийм хүмүүсийг 18, 19, 20 гэсэн түвшинд аваачиж даажигнах хэрэггүй байсан юм. 1-20 хүртэлх түвшинтэй судалгааны 20-д багтсан айл яаж ч бодсон Богд уулаар нутагтай, гэр дотроо төөрөөд бие биеэ олдоггүй байж таарна.
Гэтэл утаан дунд амьдардаг, умгархан байрандаа олуулаа шахцалдаж аж төрдөг айлуудыг ийм зэрэглэлд аваачсан нь нүд орой дээр гаргах шахав. Хөрөнгөтнүүдийн зиндаанд жаалж яваагаа тэд сая л мэдлээ.
2013 онд авсан тэр судалгааг хүүхдийн мөнгө гэх нийтэд хамааралтай зүйлд ашиглаагүй бол олонх нь өөрийгөө хөрөнгөтөн гэдгээ мэдэлгүй “алдас” хийсээр явах байсан биз.
Хар зурагттай айл хөдөөгийн жалганд ч байхгүй болсон өнөө цагт өнгөт зурагт, угаалгын машин, хөргөгч мэтийн айл бүрийн наад захын хэрэглээ болсон зүйлээр амьжиргааны түвшин тогтооно гэдэг арга ядсан арга.
Эдийн засаг сэргэн мандаж байсан хэдхэн жилийн өмнө монголчууд эрвийх дэрвийхээрээ орон гэрээ өөд татаж, хагас автомат ч болов угаалгын машинтай, хятад ч гэсэн хөргөгч, хөлдөөгчтэй болсон. Арай дөнгүүр нь байрны зээлд зүтгэж, байр бараагүй нь машин лизингээр авсан.
Гэтэл тэр нь өрхийн амьжиргааны түвшингээр Билл Гейтстэй эн зэрэгцүүлчих юм гэж хэн саналаа. Банкны зээлээр авсан байр гэдэг бол тухайн банкны өмч. Зээлээ төлж хүчрэхээ байвал банк шууд хураагаад авчихна.
Гэтэл Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан “Зээлээр авсан, түүнийгээ төлж дуусаагүй байлаа ч хөрөнгөө тухайн иргэн захиран зарцуулах эрхтэй учраас тухайн иргэний өмч гэж үзээд бүртгэсэн” гэж тайлбарлав.
“Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Иргэний хуулийн 171.2 дахь заалт Үндсэн хуулийн 16.3 дахь “...үл хөдлөх хөрөнгө...өмчлөх эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж, улмаар барьцаалуулагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийн өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, давхар барьцаалах болон бусад төрлийн гэрээ, хэлцэл байгуулах, өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрхгүй байх эрх зүйн үр дагаврууд үүсгэж байна” гэж Үндсэн хуулийн цэц 2015 оны арванхоёрдугаар сарын 9-нд дүгнэсний дараа банкууд эсэргүүцэн, орон сууцны зээл олгохоо зогсоочихоод байгааг бүгд мэднэ.
Энэ бол зээлийн юм гэдэг тухайн зээлийг авсан хүний биш, барьцаалагчийн өмч гэдгийг баталсан үйл явдал. Тэгэхээр зээлийн байр бол банкных гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллагууд бол бүр ч шулуухан, барьцааны хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихдаг.
Байр, машинаа барьцаалаад зээл авахад Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт очиж, тухайн хөрөнгөө уг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж байж зээл авдаг. Төлж чадахгүй бол тэр байр, машин тэр банк бус санхүүгийн байгууллагынх болно гэсэн үг.
Бодит байдал ийм байхад зээлийн хөрөнгийг тухайн өрхийн өмч гэж үзэж, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаандаа тэр айлыг байртай, машинтай гэж бүртгэсэн нь өрөөсгөл юм.
Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 55 асуултыг боловсруулахдаа олон улсын донор байгууллагуудын шинжээчдийг оролцуулсан юм байна. Манай улсад татварын систем сул, хэн, хэдэн төгрөгийн орлого олдгийг мэдэх арга байдаггүй учраас өрхийн амьжиргааны түвшинг асуултын аргаар тогтоосон аж.
Уг судалгааг 2010 онд анх, 2013 онд дараагийнхыг нь авчээ. Гурван жил тутам явуулдаг эл судалгааг өнөө жил дахиад хийнэ. Асуулгынхаа асуултыг өөрчилж, айл өрхүүдийн амьжиргааны түвшинг зөв тогтоохгүй бол банкны зээлийн шалгуурт тэнцдэггүй иргэдээ хамгийн дээд түвшинд амьдардаг гэсэн судалгаа гаргаад байж таарахгүй.
Банк энэ судалгааг ашигладаг, зээл олгохдоо эсэн бусын баримт нэхэж, нүд шүд татаж үзэхээ больчихвол ч яах вэ гэх сэн. Энэ судалгааны мэдээлэл салбар дундын мэдээллийн цахим санд оржээ.
Уг мэдээллийг аль ч яам, агентлаг ашиглах эрхтэй учраас нухацтай хандахгүй бол буруу, бодит бус судалгаанд тулгуурлан буруу бодлого шийдвэр гаргах эрсдэлтэй.
Эс бөгөөс ядарсан иргэдээрээ даажигнаж, цаасан дээр чинээлэг гэж өргөмжилсөн төр, засаг тэр зиндааны амьдрал бий болгож өгөх ёстой.
Нүүрсний угаар дунд биш, цэнгэг агаартай Зайсанд, 40 ам метр талбайтай байранд биш дөрвөн том өрөөтэй хаустай, “Лексус 570”, сарын таван сая төгрөгийн орлоготой болгож өг. Энэ бол зүй ёсны шаардлага. 18-20 дугаар түвшинд багтсан айл ийм л байх ёстой.
Х.БОЛОРМАА