Ч.Болортуяа
“Аав аа” гэж орилох охиныхоо дуугаар улаан гал руу гүйн орсон эцэг түүнийг аварч чадсан. Дүрэлзсэн галаас амьд гарсан зургаан настай Д.Үүрцайх охин ухаан оронгуутаа л “Аав аа, та хаана байна” гэж хамгийн түрүүнд асуусан ч одоо бол аавыгаа хараад л уйлаад, ойртуулахгүй байлаа.
Хөөрхий охин аавынхаа улаан эрээн болтлоо түлэгдэж, арьс нь хууларсан нүүрийг хараад айгаад байгаа бололтой. Арга ч үгүй биз, амгалан нойрондоо автаж байсан охин гэнэт л улаан гал, утаа угаар дунд сэрээд ямар их айгаа бол.
ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт эмчлүүлж буй Д.Үүрцайхын аав Д.Дамирантай ярилцлаа.
-Таны болон охины тань бие ямархуу байна даа?
-Би гайгүй ээ. Нүүр хавдаж, нүд, ам нээгдэхгүй байснаа бодвол одоо арай дээрдсэн. Харин охин минь л хүнд байна.
Охиныг минь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч “60 хувийн түлэгдэлттэй” гэсэн боловч эндхийн эмч нар “Биеийн 80 хувь түлэгдсэн, их хүнд хүүхэд байна.
Хэд хоногоос арьс нөхөх хагалгаа хийнэ” гэсэн. Охины минь толгойноос бусад хэсэг битүү боолттой байгаа. Гэдэс, цээжин хэсэг нь арай гайгүй.
-Тухайн үед яг юу болсон юм бэ. Зуух дэлбэрснээс гал гарсан гэх юм?
-Энэ сарын 2 буюу бямба гаригийн өглөө 07.00 цагт би үхэртээ яваад цагийн дараа гэртээ ирсэн. Тэгээд хүүтэйгээ хамт эхнэртээ үнээ саахад нь тусалж байсан юм. Гэтэл гэнэт хүү маань “Гэрт гал гарч байна” гэж хашгирсан.
Би хар эрчээрээ гэр лүүгээ гүйсэн. Тэгэхэд охин минь “Аав аа” гээд орилж байлаа. Эхнэр минь араас уйлаад орилоод байсан. Улаан гал дундуур зүсэж ортол бөөн утаан дунд охин минь харагддаггүй. Амьсгалахад их хүнд байлаа.
Охиныхоо унтаж байсан орыг гараараа тэмтэртэл охин минь байгаагүй. Охиноо хайгаад утаанд дунд тэмтэрч явтал толгой нь гарт мэдрэгдсэн. Хойморын авдрынхаа урд очоод зогсчихсон байсан.
Тэгэнгүүт нь охиноо гадуур хувцасаараа ороож аваад гэрээс гарах гэтэл өрөөсөн гутал минь наалдаад үлдчихсэн. Хаалгаар гарав уу, үгүй юү дээрээс гэр нураад унасан.
Охиноо ээж, ах хоёрт нь үлдээгээд ирэх, очихын 10 гаруй км газар явж байж хүмүүст хэлж, машинтай хүн авчирч эхнэр хүүхдүүдээ оруулсан. Тэгээд эмнэлэг явж, дараа нь цагдаа, онцгой байдлынханд мэдэгдсэн.
Манайх аргалаас өөр түлш хэрэглэдэггүй. Өглөө зуухандаа аргал хийгээд гарсан. Тэр л буудсан юм шиг байна лээ. Зуухны таг олдоогүй. Гэр маань юу ч үгүй шатсан.
-Та дүрэлзсэн гал руу орохоосоо эмээсэн үү?
-“Хүүхдээ л аваръя” гэснээс өөр юм бодогдоогүй. Айж эмээнэ гэхээсээ илүү амжиж охиноо аврах юмсан л гэж бодсон.
-Гэр долоохон минутад л бүрэн шатдаг гэдэг. Ойрхон байсан тулдаа та охиноо аварч чаджээ.
-Тийм ээ. Хол байсан бол гэж бодохоос аймаар санагдаж байна.
-Таныг тусламж олж иртэл эхнэр хүүхдүүд тань гадаа байсан гэсэн. Охин түлэгдсэн дээрээ өвлийн ид хүйтнээр гадаа байсан гэж бодохоор үнэхээр хэцүү санагдаж байна.
-Охин минь дотуур хувцас, подволктой л байсан. Ээж нь дээлээ тайлж нөмөргөөд охиноо тэврээд саравчныхаа буланд үлдсэн. Би мотоцикльтой явж тусламж дуудсан. Биднийг ирэх хооронд тэд маань их даарсан байсан.
Охины минь ухаан орж гараад байсан болохоор яаралтай түргэн тусламж руу “Охин минь ухаангүй болчихлоо” гээд байн байн залгасан учраас гайгүй хурдан ирсэн. Ингээд биднийг Улаанбаатар луу машинаараа авчирсан.
Охин минь одоо маш их зовиур, шаналалтай байгаа. Биедээ хүргэхгүй уйлаад байна. Тайвшруулах эм, тариагаар л өвчнийг нь хэсэг намдааж байна. Энэ үеэр нь эмч нар боолтыг нь сольж байгаа.
Түймэр гарч байхад охин минь “Аав аа” гэж орилоод чимээгүй болсон, тэрийгээ санаад байгаа бололтой. “Аав аа” гэж дуудаад цочиж сэрээд шөнө унтаж чадахгүй байгаа нь хэцүү юм.
-Хөдөө айлын зуух дэлбэрсэн тохиолдол цөөн байх. Хаанахын ямар зуух байсан юм бэ?
-Ховор байх. Эхнэртэйгээ 2006 онд айл гэр болохдоо л “Нарантуул” захаас авсан зуух. Төслийн биш, энгийн л зуух байсан.
-Танайх хэр малтай айл вэ. Эмчилгээний төлбөр нэлээд гарах байх даа?
-Би Баянхонгорын Баянцагаан сумынх. 14 настайгаасаа л мал малласан. Эхээс есүүлээ ч одоо хоёр ах маань амьд байна. Манайх 80 бог, 10-аад үнээтэй.
Мал цөөтэй учраас өөрийнхөөсөө идэш хийгээд яах вэ, өсгөж байвал үр хүүхдэд маань хэрэгтэй юм болов уу гээд айлын мал давхар харж өгдөг байсан. Хөлсөнд нь идшээ авчихдаг.
Хүний мал хороочихвол төлөх учраас сайн харахыг хичээдэг байлаа. Одоогоор эмчилгээний төлбөр хэд болохыг хэлж мэдэхгүй.
Аймгийн Засаг дарга, ах дүү, таньж мэддэг хүмүүс тусалж дэмжинэ гэсэн. Ард түмнээсээ ч тусламж гуйж байна.
-Төрийн банкинд хандивын данс нээсэн байсан. Нууц биш бол хүмүүс хандив өгсөн байх юм уу?
-Дансаа шалгаж чадаагүй л байна. Иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ гээд бүх бичиг баримт маань шатсан. Гэрээсээ юу ч авч чадаагүй, бүгд үнс болсон.
Уг нь хүүгээ тусдаа гарахад нь өгнө гээд мөнгөн аяга хадгалаад байсан юм, тэр маань ч шатаад дууссан. Одоо орох оронгүй болчихлоо. Охиныхоо биеийг гайгүй болохоор Шаргалжуут явж, хүмүүстэй уулзана гэж бодож байгаа.
-Охин тань сургуульд сурдаг биз дээ?
-Шаргалжуутын найман жилийн сургуулийн нэгдүгээр анги. Сургуулийнхаа дотуур байранд хүүхдүүд маань амьдардаг юм. 14 хоноод хоёр хүүхдээ эргэнэ.
“Гэрээ санаад байна” гэхээр нь охиноо ойр ойрхон авчирдаг байлаа. Гал гардаг өдөр амралт нь таарсан.
Ийн ярихдаа Д.Дамирингийн аньсага чийгтэж, хоолой нь зангирч байв. Охины ээжтэй уулзахаар Д.Үүрцайхын хэвтэж буй өрөөнд орсон ч юм асууж зүрхэлсэнгүй.
Толгойноос нь бусад нь битүү цагаан даавуугаар ороолттой хэвтэж буй хөөрхий охин намайг харангуутаа уйлав.
“Сэтгэлээ барьж тайван байгаарай. Хагалгаа сайн болох, эсэхийг хэлж чадахгүй” гэж эмч хэлсэн гээд уйлж буй тэр ээжээс юу асуух билээ.
Тэсвэрлэхийн аргагүй өвчин шаналлыг биеэрээ мэдэрч байгаа бяцхан охин, тэр хэмжээгээр өр зүрх нь зүсэгдэж буй залуухан аав, ээж хоёрт бид яаж тусалж чадах вэ.
Найман сартай дүүгээ галаас аварсан Г.Цэрэнтогтох хүүд амьдрал бэлэглэсэн шигээ зургаан настай Д.Үүрцайх охинд ч туслахыг уншигчдадаа уриалъя даа.
Охинд туслахыг хүссэн хүмүүс охины ээж Жавзандуламын ах Төмөртэй холбоо бариарай . Утас нь 88849433.