Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газрын гишүүд дэмжсэнгүй. Төрийн өмчийг тойрсон олон зохицуулалт оньсого мэт тодорхойгүй байгаа учраас гар өргөж зүрхлээгүй биз.
Төрийн өмчийн менежментийг цаашид хэрхэх замыг бүрэн зурж дуусаагүй байгаа үед “Эрдэнэс Монгол” компанийнхан энэ хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлчихэв. Эгзэгтэй үед эмзэг цэг рүү нь хатгачихсан ч байж мэднэ.
УИХ Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлэх шийдвэр гаргасан. Өнөөх шийдвэрийн дагуу ТӨХ-ны удирдаж буй 83 компанийг Сангийн яаманд шилжүүлэх нь гэж ойлгож байлаа.
Үүнтэй зэрэгцээд олон хүний амбийц ч дэвэрч, ухаан бодлоо уралдуулах болжээ. Тэр нь яам бүр салбарынхаа төрийн өмчит компанийг хариуцах санаачилга. Яам бүр корпорац байгуулан салбарын компаниудынхаа менежментийг хийх тухай яриа Төрийн ордон хавиар сонсогджээ.
Сангийн яамныхан эрчим хүчний гэх мэт алдагдалтай ажилладаг олон компанитай зууралдаж байхын оронд төсөвт орлого нэмэх хэдийг нь ялгаж аваад бусдыг нь “бэлэглэх” далд бодолтой яваа нь илэрхий. Засгийн газарт шийдлийг нь олох ийм нэгэн ажил бий.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг батлах нь УИХ-д оногдсон шийдлийг олох ажил. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн боловсруулан өргөн мэдүүлсэн уг хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар “Хүний хөгжил” сан “ажиллагаагүй” болно. Өөрөөр хэлбэл, илүүдэл орлогоо халамжид тараах биш, ирээдүйнхээ сайн сайханд зориулан хуримтлуулдаг, өсгөдөг бодлого руу шилжинэ гэсэн үг.
“Эрдэнэс Монгол” компанийг “Хүний хөгжил” санг хөрөнгөжүүлэх үүрэгтэйгээр байгуулсан. Тиймдээ ч зээл авч, тус санд 416 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа. Ирээдүйн өв сангийн хуулийг батлангуут “Эрдэнэс Монгол” мөн л санхүүжүүлэгч нь болж хувирах учиртай.
Төр өмчөө эрх мэдлээсээ холдуулахгүй байх арга чарга хэрэглэсээр ирсэн. Хойшид ийм байлгах аятай. Гэтэл өмчийг нь төрөөс холдуулж, бизнесийн зарчмаар ажиллуулах, “Темасек”-ийн загварыг хуулбарласан хууль өргөн барьчих нь тэр.
Төрийн өмчит компаниудыг тараах уу, Сангийн яамны харьяанд хураах уу гэдгээ шийдэж чадаагүй, Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдаагүй байхад төрийн өмчит компанийн менежментийг “Темасек”-ийн загварт шилжүүлэх тухай эс ярих нь ойлгомжтой.
Төрийн өмчийн хороог “Темасек”-ийн загвараар хөрөнгө оруулалтын холдинг болгон өөрчлөх санаачилга анх гарсан ч дараа нь “Эрдэнэс Монгол”-ыг ингэж өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн. Сингапурын Сангийн яамны харьяанд “Темасек холдингс” компанийг 280 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр 1974 онд байгуулжээ.
Одоо тус сан 34 охин болон хараат компанитай, 170 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Хөрөнгө нь жилд 17 хувиар өсөж ирсэн байдаг. Сайн засаглал өсөлтийнх нь хөдөлгүүр байсан гэж судлаачид дүгнэдэг юм.
Иймээс л төрийн өмчийнхөө менежментийг сайжруулах хүсэлтэй Засгийн газрууд тэднийхээс “будаа иддэг” хэрэг.
“Темасек холдинг”-ийн хувьцааг Сингапурын Сангийн яам эзэмшдэг. Гэвч Сангийн сайд үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй. Бие даасан хуулийн дагуу Ерөнхийлөгч нь тус холдингийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Гүйцэтгэх засаглалтай ямар ч хамааралгүй, бизнесийн салбарын лидер, манлайлагчдаас бүрдүүлдэг.
ТУЗ нь хэнээс ч хамааралгүй гүйцэтгэх удирдлагаа томилно, ногдол ашиг хуваарилах, хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах зэрэг ажлыг бие дааж хийнэ. “Эрдэнэс Монгол”-ын эрх зүйн байдлын хуулийн төсөлд ийм зарчмыг хуулбарлан тусгасан байв.
Төрийн өмчийн хорооны хариуцдаг компаниуд нийт 20 орчим их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Гэтэл жилд нэг хувь хүрэхгүй өгөөжтэй ажилладаг. 2014 онд гэхэд 0.7 хувийн өгөөжтэй байжээ.
Энэ үзүүлэлт төрийн өмчийн менежментийг шинэчлэх, илүү үр ашигтай ажиллах механизмыг бий болгох шаардлагатайг харуулсан. Бизнесийг төрийн агентлаг удирдах нь угаасаа өрөөсгөл бүтэц. Дэлхийн нийт энэ жишгийг халж байна.
ОХУ-ын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ростехнологи” төрийн өмчит компанидаа шилжүүллээ. Гэтэл илүү ардчилсан гэгддэг манай улс Сангийн яамандаа шилжүүлж байх жишээтэй.
Хөрөнгийн эргэлт, мөнгөний урсгалтай газар руу хүн шуналын нүдээ тусгадаг тул ТӨХ яагаад улстөрчдийн анхаарлыг татдагийг тайлбарлах нь илүүц. Төрийн өмчийн хороо гэх улстөрчдийн анхаарлын төвөөс салдаггүй агентлагийн түүх энэ цаг үед төгсөх нь эргэлт буцалтгүй болжээ.
Төрийн өмчийн хорооны хаалгыг барих үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгаад байна.
Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсэг байгуулах, төрийн өмчийн хувьчлал, дуудлага худалдаа, бүртгэл, тооллогыг хариуцсан зарим ажилтныг Сангийн яаманд шилжүүлэх ажлыг тэрбээр гүйцэтгэх юм. Ажлын хэсэг төрийн өмчийг хуваах, хуваарилах зургийг гаргах нь магад.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд Сангийн сайдад маш өргөн эрх мэдэл эдлүүлэхээр тусгажээ. Тиймээс саваагүй улстөрчийг Сангийн сайдаар томилж яагаад ч боломгүй. Ирээдүйд зориулсан хөрөнгийг үрэн таран хийчихэж мэднэ.
Төсөлд Сангийн хөрөнгийг 2030 он хүртэл улсын төсөв рүү шилжүүлэхийг хориглосон байна лээ. Сангийн сайд болоод нам, фракц бүлэглэлийн ашиг сонирхлыг хязгаарласан маш зөв заалт.
Эрх баригчид дэгс амлалтыг биелүүлэхээр сангийн хөрөнгийг төсөв рүү шургуулаад байвал ирээдүйд зориулан хуримтлуулах үндсэн утгаа алдана.
Сангийн сайдтай холбоотой анхаарал татах асуулт бий. Түүний эрх мэдлийн хүрээнд Ирээдүйн өв санг санхүүжүүлэх төрийн өмчит компаниудыг хамааруулах уу? Одоогийн эрх зүйн орчноор бол Сангийн сайд Төрийн өмчийн хорооны дарга шиг л эрх эдэлнэ.
Төрийн өмчийн менежмент сайжирна гэж найдахад ч бэрх. Хэрвээ сайдууд төрийн өмчийн компаниудыг хувааж аваад удирдвал барын амнаас аваад баавгайн саварт өгсөнтэй адил.
Сайд солигдоход яамны ажилтнууд өөрчлөгддөг байсан тухайн салбарын төрийн өмчит компанийн цэвэрлэгч нь хүртэл шинэчлэгдэх байлгүй. Хүний нөөц нь үймж, бодлого залгамжаа алдвал төрийн өмч бусниулах нь дамжиггүй.
Төрийн өмчийг төвхнүүлэхийн тулд бизнесийн зарчмаар ажиллуулах нь чухал. Улс төрийн нөлөөгөөр бизнесийн зарчмаасаа хазайдаг учраас өнөөдөр төрийн өмч үнэ хүндгүй байгаа нь маргашгүй.
Өмчлөгч нь Сангийн яам, Ирээдүйн өв сан, эсвэл Эрчим хүчний яам байх нь хамаагүй. Ганцхүү улс төрийн хамааралгүй, сайн засаглалтай, бизнесийн зарчмаар ажилладаг байх ёстой. Ингэж байж төрийн хөрөнгөө өсгөнө.
Ирээдүйн өв санг арвижуулна. Ядаж төрийн өмчит компанийг Компанийн тухай хуулиар ажиллуулах шаардлагатай. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар томилдог.
Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зарим үйл ажиллагаагаа нийцүүлнэ. Бүр болоогүй Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаарддаг болжээ. Бүх зүйлээ нийтэд дэлгэчихээр бизнесийн нууц, өрсөлдөх чадвараа хэрхэн хамгаалах вэ?
Казахстаны “Самрук-Казына”, Малайзын “Казанах нашионал”, Сингапурын “Темасек холдинг” зэрэг амжилттай ажиллаж буй төрийн өмчийн корпорац улс төрөөс хараат бус байх бие даасан болон Компанийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн өмчийг төвхнүүлэхийн тулд “Темасек”-ийн загварыг нутагшуулах хэрэгтэй. Зөвхөн “Эрдэнэс Монгол” биш, төрийн өмчит бүх корпорацад хамаарах улс төрийн хамааралгүй байх эрх олгосон, Компанийн хуулийн дагуу үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин бүрдүүлбэл ямар вэ.
Т.ЭНХБАТ